Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төслийг ДЭМЖЛЭЭ

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 26

УИХ-ын ээлжит бус чуулганаар (2019.03.26) ҮАБЗ-ийн зөвлөмжийн дагуу Ерөнхийлөгчийн зүгээс өргөн мэдүүлсэн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Прокурорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах болон Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг гишүүдийн 81.8 хувийн саналаар хэлэлцэхийг дэмжлээ. 

ҮАБЗ-өөс бүх шатны шүүхийн удирдах албан тушаалтан, Ерөнхий прокурор, Ерөнхий прокурорын орлогч, Авилгатай тэмцэх газрын дарга, дэд дарга нарыг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, хугацаанаас нь өмнө чөлөөлөх заалтыг холбогдох хуулиудад оруулах тухай хууль санаачилж, нэн яаралтай горимоор УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдсэн билээ. ҮАБЗ-ийн шийдвэрийн дагуу Ерөнхийлөгчийн зүгээс “Хууль шүүхийн байгууллагын албан тушаалтнуудын ёс зүйгүй байдал хэрээс хэтэрч, хууль, шүүхийн байгууллагад итгэх ард түмний итгэлийг байхгүй болгож, улмаар Монгол төрийг нэр хүндгүй, улс орноо удирдах чадавхигүй болгож байна. Энэ нөхцөл байдал нь Монгол Улсын оршин тогтнохуйн аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлж, цаашид Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдалд ноцтой аюул учруулах түвшинд хүрчээ гэж дүгнэж байна. Иймд Монгол Улсын язгуур ашиг сонирхлыг хамгаалж ажиллаж чадахгүй байгаа шүүх, хууль хяналтын байгууллагын удирдлагын үйл ажиллагааг үндэсний язгуур ашиг сонирхолд нийцүүлж, үндэсний аюулгүй байдалд учирч байгаа ноцтой эрсдэлийг арилгах зорилгоор холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачилсан болно” хэмээгээд Шүүгчийн эрх зүйн байдлын хуульд өөрчлөлт оруулах замаар шүүх, прокурор, авлигатай тэмцэх байгууллагын удирдлагыг Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарын нэгдсэн шийдвэрээр чөлөөлдөг болох хуулийн төслийг санаачилсан тухайгаа УИХ-д танилцуулсан юм.

Ийнхүү Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэхийг УИХ-ын гишүүд дэмжсэнээр анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлснээр чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөлөө.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(49.0.144.11) 2019 оны 03 сарын 27

Эрүүдэн шүүсэн гэм буруутай хүмүүсийг хуулийн дагуу баримтаар нотолж шийтгэдэг болохоос өөрт байгаа эрх мэдлээ нэмсэн хууль санаачилан, ажлаас чөлөөлж шийтгэл оногдуулдаггүй. Ийм хууль өргөн барих санаачилга нь яавч буруу алхам. Харин үүний оронд Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах алба гээд эрүүдэн шүүсэн гэмт хэргийг мөрддөг газрыг дахин байгуулах төсөл өргөн барих байсан юм. Тэгвэл зөв болох байлаа. Харамсалтай нь эрх мэдлээ нэмэхээ л боджээ гэмээр... Эрүүдэн шүүхтэй хийх хуурамч тэмцэл, үнэн тэмцэл хоёрыг ялгаж харах нүд энэ байнгын хорооны нөхдөд алга байж дээ.

0  |  0
Top