АЙЛЧЛАЛЫН ТОЙМ: 500 сая ам.долларын хэлэлцээ хийгдлээ

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 27

БНСУ-ын Ерөнхий сайд И Наг Ён 2019 оны гуравдугаар сарын 25-27-ны өдрүүдэд манай улсад ажлын айлчлал хийгээд буцлаа. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн урилгаар айлчилсан БНСУ-ын Ерөнхий сайд И Наг Ёныг манай төрийн өндөрлөгүүд бүгд халуун дотноор хүлээн авсан.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хүндэт зочныг жанжин Д.Сүхбаатарын талбайд угтан авч, хүндэт харуул жагсаж, хоёр орны төрийн дуулал эгшиглэв. Улмаар Ерөнхий сайд  У.Хүрэлсүх, И Наг Ён нар их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, “Хүндэт зочны дэвтэр”-т гарын зурсны дараа ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийв. Мөн БНСУ-ын Ерөнхий сайд И Наг Ён Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар нарт бараалхсан.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх уулзалтын үеэр “БНСУ-ын Ерөнхий сайдын айлчлал хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг шат ахиулан хөгжүүлэх, иргэд хоорондын найрсаг харилцааг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна” гэсэн бол БНСУ-ын Ерөнхий сайд И Наг Ён “Энэ онд гадаад айлчлалаа Монгол Улсаас эхлүүлж байгаадаа сэтгэл хангалуун байна. Монгол, БНСУ-ын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд Монгол Улсын Ерөнхий сайдтай хамтран эрчимтэй ажиллахын төлөө байна” гэсэн юм.  

Хоёр улсын Ерөнхий сайд нар 2020 онд тохиох Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэхээр тохирч, БНСУ-ын Ерөнхий сайд ирэх оныг Монгол, БНСУ-ын найрамдлын жилээр зарлах санал дэвшүүлэв. Ойг тохиолдуулан төрийн тэргүүн нарын түвшинд харилцан айлчлал хэрэгжүүлж, харилцаа, хамтын ажиллагааг “Стратегийн түншлэлийн түвшин”-д дэвшүүлэн хөгжүүлэх тухай тунхаглах, үүний бэлтгэлийг хангах хүрээнд Монгол, Солонгосын Засгийн газар хоорондын Хамтарсан хорооны IV хуралдааныг энэ оны эхний хагаст багтаан зохион байгуулахаар тогтов.

Айлчлалын хүрээнд БНСУ-ын 300 сая ам.долларын буцалтгүй тусламжаар нэр бүхий 10 аймагт дулааны цахилгаан станц барих төсөл хэрэгжүүлэх бол БНСУ-ын Засгийн газраас Монгол улсын Засгийн газар олгох нэн хөнгөлөлттэй 500 сая ам.долларын зээлийн хэлэлцээ хийлээ. 500 сая ам.долларын зээлийн санхүүжилтийг Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд орон сууцны бүтээн байгуулалтад зарцуулахаар төлөвлөжээ.

БНСУ-ын Ерөнхий сайд И Наг Ён Монгол Улс Зүүн хойд Ази, Солонгосын хойгт энх тайван, тогтвортой байдлыг бэхжүүлэх чиглэлд хүч чармайлт гарган хувь нэмэр оруулж байгааг өндрөөр үнэлээд, “Азийн супер сүлжээ”, “Зүүн Азийн төмөр замын хамтын нийгэмлэг” байгуулах зэрэг БНСУ-ын зүгээс дэвшүүлж буй санаачилгуудыг дэмжиж байгаад талархал илэрхийлэв.

Талууд соёл, боловсрол, мэдээллийн технологи, байгаль орчин, аялал жуулчлал, эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагаа амжилттай хөгжиж байгааг цаашид улам дэмжиж ажиллахаар болов. Мөн Монголын эрүүл мэндийн салбарын боловсон хүчин, мэргэжилтнүүдийг БНСУ-д сургах боломжтойг онцолж, тус улсад эмчлүүлээд буцаж ирсэн хүмүүст зориулж эмчилгээний дараах хяналтын тогтолцоо байгуулахын төлөө байгаагаа илэрхийлэв.

Урлаг, соёлын хамтын ажиллагааг хөгжүүлэхдээ залуучуудын солилцоог давхар дэмжих, энэ хүрээнд “М-К поп” соёл урлагийн фестиваль зохион байгуулах тухай Монголын талын саналыг Ерөнхий сайд И Наг Ён дэмжинэ гэв.

Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга уулзалтын үеэр Монгол Улсад хөдөө аж ахуй, хүнс, аялал жуулчлал зэрэг салбарт бизнесийн орон зай, харин БНСУ-д ноу-хау, технологи байгаа учраас хоёр орны залуусыг уялдаа, холбоотой болгон, бизнес зөвлөл байгуулах бүрэн боломжтой гээд энэ хүрээнд хийгдсэн судалгаа, төслүүдийг БНСУ-ын Ерөнхий сайд И Наг Ёнд гардуулан өгөв. Мөн БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Иний санаачилсан зүүн Азийн төмөр замын сүлжээг дэмжин ажиллаж байгаагаа илэрхийлж, энэ нь бүс нутгийн дэд бүтэц болоод далайд гарцгүй Монгол Улсад хэрэгтэй санаачилга хэмээв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн онд ОХУ-ын Владивосток хотод болсон Дорнын эдийн засгийн IV чуулганд оролцохдоо Зүүн хойд Азийн эрчим хүчний супер сүлжээ байгуулах хамтарсан ажлын хэсэг, байгууллага байгуулах санал гаргасан талаараа эргэн сануулаад, Монгол Улс нар, салхи, нүүрсний зэрэг хямд эрчим хүч үйлдвэрлэлээр БНСУ, Япон улсуудын эрчим хүчний оргил цагийн ачааллыг хөнгөвчлөх боломжтой талаар төсөл, судалгааг товч танилцуулав. Бүс нутгийг хамарсан хамтын ажиллагааны дээрх хэлбэрүүд нь бүс нутгийг энх тайван байлгах, итгэлцлийг нэмэгдүүлэх өндөр ач холбогдолтой хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга цохон тэмдэглэлээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар И Наг Ёнтой уулзах үеэрээ “Улс төрийн итгэмжилсэн харилцааг гүнзгийрүүлж, харилцааны эрх зүйн орчныг улам бэхжүүлэх зорилгоор бид хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэхийн төлөө байна. Мөн Парламент дахь бүлгүүд хоорондын солилцоо, хамтын ажиллагааг дэмжиж, цаашид идэвхжүүлэх нь чухал байна. Таны тэргүүлсэн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Үндэсний Ассамблей дахь БНСУ-Монголын бүлгийн гишүүд багтаж ирсэнд баяртай байна. Цаашид хамтын ажиллагааны боломж нөөцийг бүрэн ашиглах, Монгол Улсад БНСУ-аас хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийг нэмэгдүүлэх, БНСУ-ын хөрөнгө оруулалт, шинэ техник, технологи, ноу хауг Монголд нэвтрүүлэхийг бид эрмэлзэж байгаа. Энэ талаарх эрх зүйн таатай орчныг бүрдүүлэхэд УИХ-ын зүгээс онцгой анхаарч ажиллах болно” гэв.
 

МОНГОЛ, БНСУ-ЫН ИРГЭД ХЭТДЭЭ ВИЗГҮЙ ЗОРЧДОГ БОЛГОХЫГ ХҮСЭВ

Монголын зүгээс БНСУ-д тавьдаг гол асуудал нь виз байдаг. Уг асуудлыг хөндөн Ерөнхий сайд У.Хүрэлсүх иргэд зорчих нөхцөлийг улам хөнгөвчлөх, хэтдээ визгүй зорчдог болгох чиглэлд замын зурагтай болох нь хоёр улсын харилцааг “Стратегийн түншлэл”-ийн түвшинд хүргэх зорилтын нэг гэдгийг онцлон тэмдэглэж байв. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНСУ-руу зорчих визийн асуудлыг хөндөн ярьсан юм. Жишээ нь, монгол иргэд БНСУ-д богино хугацаанд зорчин ирдэг ч буцаж явахад нь асуудал тулгардаг. БНСУ-д байх хугацаандаа визийн зөрчил гаргаагүй иргэдийн визийг хүндрэлгүй гаргаж өгөхөд анхаарч ажиллахыг БНСУ-ын Ерөнхий сайд И Наг Ёнгоос хүслээ.

Визний хүсэлтийн хариуд БНСУ-ын Ерөнхий сайд И Наг Ён хүсэлтийг судлан үзэхээ илэрхийлсэн юм.

 

300 САЯ АМ.ДОЛЛАР БОЛОН 500 САЯ АМ.ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ

Айлчлалын хүрээнд БНСУ-ын 300 сая ам.долларын буцалтгүй тусламжаар нэр бүхий 10 аймагт дулааны цахилгаан станц барих төсөл хэрэгжүүлэх бол БНСУ-ын Засгийн газраас Монгол улсын Засгийн газар олгох нэн хөнгөлөлттэй 500 сая ам.долларын зээлийн хэлэлцээ хийлээ. 

500 сая ам.долларын зээлийн санхүүжилтийг Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд орон сууцны бүтээн байгуулалтад зарцуулахаар төлөвлөсөн юм.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БНСУ-ын Ерөнхий сайд И Наг Ён, Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан нар зээлийн хэлэлцээний дараа  түрээсийн орон сууцыг хөгжүүлэх төслийн хүрээнд хийгдэх Яармаг орчимд баригдах “Солонго-1”, “Солонго-2” хорооллын макеттай танилцсан. Уг газар нь инженерийн дэд бүтэц бүрэн шийдэгдсэн бүс бөгөөд сургууль, цэцэрлэг, үйлчилгээний газрыг хамтад нь шийдэхээр төлөвлөсөн байна.
 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Korey(174.237.2.232) 2019 оны 03 сарын 28

Guilagchin ulsaa gej shiren nyyrt zalhuu hulgaich ulsaa gej

0  |  0
Chaavaas(112.96.165.67) 2019 оны 03 сарын 27

Eee staaa gej kkk sonin ard tumen shu bid. Yavch chinizoid bish, nutgaa sahij uldsen guilgachdiin ugsaa zalgjlahchid

0  |  0
Top