БНСУ: Түймэр гарсан Ганвөнд 617 монгол иргэн оршин суудаг

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 04 сарын 05

БНСУ-ын Ганвөн мужийн Госөн суманд өчигдөр /2019.04.05/ 19:17 цагт цахилгааны гал хамгаалагчаас үүдсэн гал ойролцоо уул руу өргөжиж, их хэмжээний ойн түймэр болсон.

Өнөөдөр /2019.04.05/ өглөөний 08.00 цагийн байдлаар галын 80 орчим хувийг цурманд оруулаад байгаа тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж байна. Хүчтэй салхи /20-30 м/с/ ихтэй, хаврын хуурайшилтын үе таарсан нь гал түймэр богино хугацаанд өргөн талбайд тархахад нөлөөлж байна.

Одоогийн байдлаар түймэрт БНСУ-ын нэг иргэн амь насаа алдаж, 11 хүн гэмтэж, 125 хувийн орон сууц, 11 хүлэмж, амралтын барилга байгууламж, 250 гаруй га талбай ой шатсан нь тогтоогдсон ба 3100 гаруй иргэн, цэргийн ангийн албан хаагчдыг /2500 цэрэг/ аюулгүй газар нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ аваад байна.

Гал унтраах ажилд 45 нисдэг тэрэг, 18 мянга гаруй гал унтраагч, цэрэг, цагдаа, албан хаагч дайчилжээ.

Өнгөрсөн шөнө хэрэглээний газыг нийтэд нь хаасан ба өглөөний 06 цагаас айлуудад хэрэглээний газ өгч эхэлсэн байна.

Өнөөдрийн байдлаар тус улсад төмөр замын хөдөлгөөний бүрэн зогсоож, зарим авто замыг хаагаад байна. Түймэрт өртсөн орон нутгийн ЕБС-ын хичээлийг мөн түр хаажээ.

Монгол Улсаас БНСУ-д Элчин сайдын яамнаас Согчо хотын Гёндон их сургуулийн гадаад оюутны дотуур байр шатсан мэдээллийн дагуу тус сургуулиас тодруулахад “Телевизээр ташаа мэдээлэл цацасан байна. Манай сургуульд монгол оюутан суралцдаггүй, нэг монгол оюутан суралцаж байгаад төгссөн” гэсэн мэдээлэл өгчээ.

Ганвөн мужид 617, Согчо хотод 15 монгол иргэн албан ёсоор оршин суудаг бөгөөд одоогийн байдлаар монгол иргэн хохирсон мэдээлэл БНСУ-ын холбогдох байгууллагааас ирүүлээгүй байна.

Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчийн сайдын яамнаас монгол иргэдээ БНСУ-ын Цагдаа, Онцгой байдлын газраас өгч буй заавар, чиглэлийн дагуу нэн тэргүүнд түр орогнох байранд нүүх, анхаарал болгоомжтой байхыг анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Nomin(202.126.89.101) 2019 оны 04 сарын 09

Ug ni hugjiltei oron mongold iim ym bolul yana a

1  |  0
Top