Тахианы махаар танхил үрсээ хордуулсаар байх уу?

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 09

СУРГУУЛЬ РУУ ГАДНЫ ХҮН ОРУУЛАХЫГ ХОРИГЛОЖ, МЭДЭЭЛЭЛ ӨГӨХӨӨС ТАТГАЛЗАВ

Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг, Сингапур, Монголын хамтарсан “Singapore school of Mongolia” дунд сургуульд өнгөрсөн баасан гарагт /2019.04.05/ хоолны хордлого гарч, багш, сурагч нийлсэн 83 хүн хордсоныг Эрүүл мэндийн яам албан ёсоор зарлалаа.

Хүнсний аюулгүй байдал алдагдсаныг нотлох энэ үйл явдалд анхаарал хандуулахгүй байхын аргагүй. Иймд бид болсон явдлын талаар сурвалжилж, хүүхдүүд хордсон асуудлаар талуудын байр суурийг сонслоо.

Хордлого авсан хүүхдүүдийн ихэнх нь тус сургуулийн цайны газарт тахианы махан шницель иджээ. Тухайн өдөр бүх багш, ажилчид болон сурагчид энэ хоолыг идсэн ба 173 хүнээс шинжилгээ авахад 83-аас нь хоолны хордлогын хам шинж илэрч, 44 хүнийг Халдварт өвчин судлалтын төв /ХӨСҮТ/-д хэвтэн эмчлүүлэхээр хүргэсэн байв. Өчигдрийн /2019.04.08/ байдлаар бусад 39 хүн өрхийн эмчийн хяналтад эмчлүүлж байгаа гэх мэдээллийг албаныхан өгсөн.

Эмнэлэгт хэвтсэн хүүхдүүдийн хоёрынх нь бие хүндэвтэр байдалтай хүргэгдсэн гэх мэдээлэл байсан тул бид энэ талаар ХӨСҮТ-ийн Эрт сэрэмжлүүлэх, хариу арга хэмжээ авах нэгжийн дарга Н.Сувдмаагаас тодрууллаа. Тэрбээр “Одоогоор ХӨСҮТ, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн яам хамтран ажиллаж, тандалт судалгааг нарийвчлан хийж байна. Судалгааны явцад хоол идсэн гэх 200 гаруй хүнээс шинжилгээ авахад 83-т нь ямар нэгэн байдлаар хоолны хордлогын зовиур илэрсэн. 30 хүнд шегелийн нян буюу цусан суулгын нян илэрсэн (Сурв. Энэ нь ихэвчлэн хоносон хоол, хүнсэнд үрждэг нян). Тухайн дэгдэлтийн хоолны хамаарлыг судлахад тахианы бүрмэл шницель, кимбаб буюу далайн байцаатай будаа, алим, шарсан төмс зэрэг хоол харьцангуй өндөр эрсдэлтэй гарсан байна. Үүнтэй холбоотойгоор бусад шинжилгээг үргэлжлүүлэн хийж байна. Сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж байгаа хоёр хүүхдийн биеийн байдал дээрдсэн” гэлээ.

Мэдээллийн тэнцвэртэй байдлыг хадгалах үүднээс Сингапур, Монголын хамтарсан дунд сургуулийг зорьсон боловч сургуулийн харуул дотогш оруулахыг зөвшөөрсөнгүй. Хаалганы цаанаас “Дотогш хүн нэвтрүүлэхгүй байгаа” гэсэн тайлбар өгөөд, ямар нэгэн мэдээлэл өгөх хүнтэй холбохоос татгалзлаа.

ХООЛОНД ХЭРЭГЛЭСЭН ТАХИАНЫ МАХЫГ “ХҮЧИТ ШОНХОР”-ООС АВЧЭЭ

Болсон явдлын талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар /НМХГ/-аас тодрууллаа. Тэдэнд баасан гаригт багтаж мэдээлэл хүргүүлжээ. Сингапур, Монголын хамтарсан дунд сургуулийн 8 хүүхдэд цусан суулга өвчний хам шинж илэрлээ гэж анх мэдэгдсэн бөгөөд мэдээллийн дагуу Баянзүрх дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтэс тухайн халдварын голомтод хяналт, судалгаа хийж ажиллажээ. Хордлого гарсантай холбогдуулан сургуулийн цайны газрын үйл ажиллагааг зогсоосон байгаа. Сургуулийн цайны газрын хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн, ус зэргээс 43 нэр төрлийн дээж авч, Улсын мал эмнэлгийн төв лаборатори, Мэргэжлийн хяналтын газрын лабораторид шинжлүүлхээр өгчээ. Лабораторийн шинжилгээний хариу хараахан гараагүй байна.

НМХГ-ын эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюушаас дараах асуултад хариулт авсан юм.  

-Хүүхдүүд тэр өдөр ямар хоол идсэн бэ?

-Тандалт судалгааны асуумжид ихэнх нь тахианы махан шницель идсэн гэж хариулсан. “Үдийн цай” хөтөлбөр хэрэгжүүлэгчийн зүгээс хоолонд хэрэглэсэн тахианы махыг “Хүчит шонхор” захаас авсан гэж мэдээлсэн.

-“Үдийн цай” нийлүүлдэг компанийн нэр юу вэ?

-Компанийн нэр тодорхойгүй. Хувь хүний нэр байна. н.Бадамлянхуа гэж хүний нэр дээр бүртгэлтэй байсан. 

-Бид сая “Хүчит шонхор” зах дээр очлоо. Энэ хордлогын тохиолдолтой холбоотойгоор тэндхийн тахианы мах зардаг лангуунуудыг битүүмжилсэн юм уу?

-Тэгсэн. “Хүчит шонхор” зах дахь тахианы мах борлуулсан лангууг түр хугацааг хориглосон байгаа. Тухайн лангуун дээрээс тахианы махны найман дээж авч, лаборатори руу шинжлүүлэхээр явуулсан. Тахианы махыг БНХАУ-аас оруулж ирсэн болохыг тогтоосон.  

-Дээж авах явцад муудсан, хугацаа хэтэрсэн бүтээгдэхүүн байсан уу?

-Тийм зүйл байгаагүй.

-Хичнээн хүүхэд тахиан махан шницель идсэн байсан бэ?

-173 хүүхэд. Мөн 32 багш. Энэ хүмүүс бүгд тэр хоолыг идсэн байсан.

-Лабораторийн шинжилгээний хариу хэзээ гарах вэ?

-3-5 хоногт багтаж гарна.

-Сургуулийн цайны газрын орчинд өөр зөрчил илэрсэн үү?

-Хэд хэдэн зөрчил илэрсэн. Тухайн гал тогоонд ажилладаг нэг бэлтгэгч эрүүл мэндийн үзлэгт хамрагдаагүй байсан нь шалтгалтын явцад илэрсэн. Мөн эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага хангаагүй нөхцөлд үйл ажиллагаа явуулж байсан.

-Та бүхэн тус сургуульд зөвлөмж, чиглэл хүргүүлж байсан уу, өмнө нь

-Энэ сургууль 2018 оны наймдугаар сараас үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн юс билээ. Сарын өмнө буюу 2019 оны гуравдугаар сарын 1-нээс “Үдийн цай” хөтөлбөрийг сургууль дээрээ хэрэгжүүлж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор НМХГ-аас тодорхой зөвлөмжүүдийг хүргүүлэн ажиллаж байсан.

“ХҮЧИТ ШОНХОР” ЗАХАД ИМПОРТЫН ТАХИАНЫ МАХ ЗАРАХЫГ ХОРИГЛОЛОО

Дээрх үйл явдалтай холбогдуулан “Хүчит шонхор” захад тахианы мах зарахыг түр хориглосон байв. Бямба гаригийн өглөөнөөс эндхийн тахианы мах зардаг лангуунуудыг битүүмжилжээ. Дээр хэлсэнчлэн “Хүчит шонхор” захын тахианы мах борлуулдаг цэгүүдээс найман төрлийн дээж авч, шинжилгээнд өгсөн байна.

Түүнчлэн “Хүчит шонхор” захад тахианы мах нийлүүлдэг компаниудыг шалгахаар болж, импортоор оруулж ирдэг бүтээгдэхүүнээс мөн шинжилгээ авахаар болсныг “Хүчит шонхор”-ын худалдаа эрхлэгчид ярив. Шинжилгээний хариу ойролцоогоор 7 хоногийн дараа гарах бололтой. Ямартай ч “Шинжилгээний хариу гарсан даруй тахианы мах худалдаалах зөвшөөрлийг өгнө” гэж холбогдох байгууллагууд худалдаа эрхлэгчдэд мэдэгджээ.

Тахианы махнаас хүүхдүүд хордлого авсантай холбоотойгоор импортын тахианы махны хэрэглээг хотын хэмжээнд хязгаарласан уу гэвэл үгүй. Тухайлбал, “Хүчит шонхор” дахь “Оргио” тахианы махны худалдаа хэвийн үргэлжилж байв. Мөн тус захын дор байрлах “Дөрвөн шонхор” захад тахианы мах зарж байлаа. Эндхийн худалдаалагчид мөн БНХАУ-аас импортолсон тахианы мах борлуулдаг аж. 

“Бөмбөгөр” худалдааны төвд ч мөн тахианы махны худалдаа хэвийн үргэлжилж байсан бөгөөд тус захад борлуулж буй тахианы махыг ихэвчлэн ОХУ болон БНХАУ-аас импортоор оруулж ирдэг юм байна. Эндхийн худалдаа эрхлэгчид “Хүчит шонхор”-ын зарим лангууг хаасан болон тахианы махнаас хүүхдүүд хордсон байх нөхцөл үүссэнийг мэдээгүй байлаа.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
monxbat(49.0.212.54) 2019 оны 04 сарын 09

xujaagiin umxii taxiag xoriocnee pizda

0  |  0
Nymaa(202.179.26.44) 2019 оны 04 сарын 09

Piisdaaa enhrii urs maani hordood bainaa ireedui hoich maani hordood baina. Lalriin dargaa naraa

1  |  0
Top