МХЕГ: “Singapore school of Mongolia" сургуулийн үйл ажиллагааг түр зогсоосон

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 09

Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг, Сингапур, Монголын хамтарсан “Singapore school of Mongolia” дунд сургуульд өнгөрсөн баасан гарагт /2019.04.05/ хоолны хордлого гарч, багш, сурагч нийлсэн 80 гаруй хүн хордсон талаар бид мэдээлсэн билээ. 

Энэ талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар /НМХГ/-ын Эрүүл мэнд, боловсрол, соёл, хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюушаас тодрууллаа.

Тэрбээр “Манай байгууллагаас "Үдийн цай" хөтөлбөрийн хяналт дээр төлөвлөгөөт болон урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийдэг. “Singapore school of Mongolia” сургуульд манайхаас “Үдийн цай" хөтөлбөр хэрэгжүүлэх дотоод хяналт тавьж ажиллах талаар мэдэгдэл хүргүүлсэн. Сургуульд гарсан хордлого тахианы махнаас болсон уу, уснаас болсон уу гэдгийг лабораторийн шинжилгээгээр тогтооно. Манай байгууллагаас сургуулийн үйл ажиллагааг түр зогсоосон. Гал тогоонд хэрэглэж байсан уснаас гурван дээж, хоолны 12 бүтээгдэхүүнээс 10, арчдас ес, агаар нэг, тахианы махнаас найман дээж, нийт 43 дээж авч, Улсын мэргэжлийн хяналтын төв лаборатори болон Улсын мал эмнэлэг, ариун цэврийн лабораторид шинжилгээ хийлгүүлэхээр хүргүүлсэн. Одоогоор шинжилгээний хариу хараахан гараагүй байна. "Үдийн цай" хөтөлбөрийн санхүүжилт 600 төгрөг хэвээрээ байгаа. Хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүд ашиг хараад, хямд түүхий эдээр хоол хийж бэлтгэдэг. Бид хэдий хяналт тавилаа ч байнгын хяналт гэж байхгүй. Иймд аж ахуйн нэгж байгууллага сургуулийн удирдлага дотоод хяналтыг өдөр тутам хийж байх ёстой” гэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top