СУРВАЛЖЛАГА: Төрсөндөө "ХАЯГДСАН" амьдрал

Б.Төрбат | Zindaa.mn
2019 оны 04 сарын 16

Хорвоод хоёр хөлөө алдсан хөгжлийн бэрхшээлтэй залуу “Сүүмийх зэрэглээнд гэгээ анирлаад, сүсэглэхийн эрхэнд ээж минь бодогдоно. Хүүгээ ирнэ гээд сүүгээ өргөөд, хүслээ чилтэл алсыг ширтэнэ дээ...” хэмээн баргил сөөнгө хоолойгоор дуулна. Түүний дуулахыг хажууханд нь сонсож суусан хөгшин эр байсхийгээд л нулимсаа арчиж байгаа харагдана.

Залуу цааш нь Алсад суугаа ээжий минь, амин хайртай шүтээн минь билээ... хэмээн уянгалуулна. Харин энэ удаад залуугийн нүдийг нулимс бүрхээд ирэв. Юу, юугүй дагаад дуулмаар, бас уйлмаар болно.

Энэ бол улсдаа ганц байдаг гэж хэлж болох хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “Батгэрэлт-Ирээдүй” асрамжийн газар юм. Энд харж хандах хүнгүй, бие даан амьдрах чадваргүй, байнгын асаргаа шаардлагатай, хөгжлийн бэрхшээлтэй 20-78 насны 45 иргэн амьдардаг. Тэдний 24 нь оюуны хомсдол, сэтгэцийн өөрчлөлттэй бол үлдсэн нь  харвалт, тулгуур эрхтэн, хараа, сонсгол, саажилттай гэсэн эмчийн оноштой.

Энэ талаар “Батгэрэлт-Ирээдүй” төрийн бус байгууллагын захирал Г.Роза “Манай “Батгэрэлт-Ирээдүй” төрийн бус байгууллага 2011 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байна. Өнгөрсөн хугацаанд хөдөө, орон нутаг болон нийслэлээс нийт 300 гаруй харж хандах хүнгүй, хөгжлийн бэрхшээлтэй, байнгын асаргаа шаардлагатай 300 гаруй иргэн ирж үйлчлүүлсэн.

Одоогоор асрамжийн газар маань 14 ажилтантай. Харин 20-78 насны 45 асруулагчтайгаа үйл ажиллагаагаа явуулж байна. Энд амьдарч байгаа иргэдийн 80 орчим хувь нь байнгын асаргаанд байдаг” хэмээн ярилаа. Тэд өнгөрсөн онд 55 иргэнд үйлчилгээ үзүүлснээс 10-ыг нь ах, дүү нарт нь хүлээлгэн өгсөн байна. Харин есөн асруулагч нь зуурдаар нас баржээ.

-ХҮҮХДҮҮДЭЭ БОДООД Л АСРАМЖИЙН ГАЗРЫГ ЗОРЬСОН-

Сонгинохайрхан дүүргийн наймдугаар хороонд байрлах хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “Батгэрэлт-Ирээдүй” асрамжийн газар түрээсийн байранд үйл ажиллагаагаа явуулдаг. Стандартын шаардлага хангахгүй  дан давхар цагаан байранд үйл ажиллагаагаа явуулаад найман жил болжээ.

Хэдийгээр улсаас тодорхой хэмжээний төсөв өгдөг ч тэрхүү мөнгө нь хаанаа ч хүрдэггүй байна. Тиймээс ихэвчлэн иргэн, аж ахуйн нэгжээс хандив авч амьжиргаагаа залгуулдаг аж.

Харин энэхүү газарт амьдарч байгаа 45 асруулагч бүгд ижил “зовлон”-той гэж хэлж болно. Тэд бүгд их, бага хэмжээгээр хөгжлийн бэрхшээлтэй.

Түүнчлэн төрсөндөө “хаягдсан”, эсвэл хорвоод тулж түших хүнгүй үлдсэн хүмүүс юм.

Гагцхүү хорвоогийн бор хоногийг зурагт үзэж, ном сонин уншихаас гадна хоорондоо шатар тоглож, өдөр бүр амьдралынхаа түүхийг ярилцаж өнгөрүүлдэг байна.

Энэ газарт одоогоос зургаан жилийн өмнө 60-н насны босго давсан Г.Гантөмөр гуай иржээ. Тэрбээр “Би залуу насандаа хөдөө хүчний байгууллагад холбооны инженер хийдэг байсан. Энд суга таягтай байхдаа 2013 онд ирсэн. Манай хөгшин хөгжлийн бэрхшээлтэй, хүүхдүүдийн асрамжинд байдаг. Хоёрын хоёр хөгжлийн бэрхшээлтэй хүнийг асрах хэцүү. Тиймээс л хүүхдүүдээ бодсондоо энд ирсэн” гэв.

Түүнтэй хамт нэг өрөөнд 64 настай асруулагч Х.Батсүх гуай амьдардаг. Тэрбээр анх долоон жилийн өмнө ирэхдээ тархиндаа хүнд бэртэлтэй, харааны бэрхшээлтэй иржээ. Энэ газарт ирснээсээ хойш мартаж, санасан бүхэн нь эргэн сэргэж янз бүрийн хайчилбар, цоолбор хийх болсон байна. Тэрбээр “Би дөрвөн хүүхэдтэй. Доороо 10-н дүүтэй, айлын том хүү. Гэвч эхнэр маань бурхан болсноос хойш харж хандах хүнгүй болсон. Тиймээс л асрамжийн газарт ирсэн” хэмээн ярьж байлаа.

-ШИНЭ АСРАХ ГАЗРЫН БАРИЛГЫГ БАРИХАД 437 САЯ ТӨГРӨГ ШААРДЛАГАТАЙ-

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “Батгэрэлт-Ирээдүй” асрамжийн газар сарын түрээсэндээ нэг сая төгрөг төлдөг. Харин тус хамт олны ойрын мөрөөдөл шинэ, тохилог асрамжийн газартай болох аж. Стандартын шаардлага хангасан, тохилог асрамжийн газартай болоход 437 сая төгрөг шаардлагатай гэдгийг хэлж байлаа. Харин энэ их мөнгийг сайхан сэтгэлт ард түмнийхээ буянаар босгохоор зорьж, хандивын аянаа эхлүүлжээ.

Одоогоор газар болон дэд бүтцийнх нь асуудлыг хүртэл шийдээд байгаа аж. Тэр ч битгий хэл зураг төсөл нь хүртэл бэлэн болчихсон төдийгүй шинээр баригдах асрамжийн газраа “Итгэлт өргөө” гэж нэрлээд авчээ. Гагцхүү зураг төслийн дагуу барилгын ажлыг хийж дуусахад дээр дурдсан 437 сая төгрөг шаардлагатай байгаа аж.

-ЭЭЖ ААВ, АХ ДҮҮ НАР ДЭЭРЭЭ ОЧСОН Ч ХҮЛЭЭЖ АВААГҮЙ-

Хоёр хөлөө тайруулж, хөгжлийн бэрхшээлтэй болсон 32-хон настай Д.Улаанхүү асрамжийн газарт ирээд гурван жил болжээ. Тэрбээр дуучин С.Жавхлангийн “Алсад суугаа ээж минь” дууг дуулах дуртай. Учир нь, түүний ээж болон ах, дүү нар нь нутагтаа амьдардаг. Гэсэн ч түүнийг хүлээж авч, асрахаас “татгалзжээ”. Энэхүү асрамжийн газарт ирснээс нь хойш ар гэрийнхэн нь нэг ч удаа холбоо бариагүй, эргэж тойроогүй байна. Ямар сайндаа өнгөрсөн зун нутагтаа очоод иржээ. Гэсэн ч мөн л хүлээж авахаас “татгалзсан” тул асрамжийн газартаа буцаж ирсэн байна. Тэрбээр “Энд байх уйтгартай, нэг л хэвийн амьдрал. Гэхдээ тэглээ гээд яах вэ дээ. Архинаас болж хоёр хөлөө алдсан. Гэрийнхэн маань намайг эргэж тойрдоггүй” хэмээн ярих түүний харцнаас гуниг, ганцаардал мэдэгдэнэ.

-ХУРДХАН ШИГ ИЖИЙДЭЭ ОЧИЖ ҮНЭРЛҮҮЛЭХ МИНЬ-

Бид ажил руугаа буцаж явна. Гадаа салхигүй дулаахан хэрнээ сэтгэл нэг л хүйтэн хөндүүртэй. Машины хөгжмөөр үл таних дуучны үл мэдэх дуу уянгална.  Харин миний чихэнд яагаад ч юм хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “Батгэрэлт-Ирээдүй” асрамжийн газрын асруулагч Д.Улаанхүүгийн баргил сөөнгө хоолойгоор дуулсан дуучин С.Жавхлангийн “Алсад суугаа ээж минь” дуу л сонсогдоно. Төрсөндөө “хаягдах” тавиланг хэн ч хүлээгээгүй, хүсээгүй нь лавтай. Бурхан минь, хурдхан шиг л ижийдээ очиж үнэрлүүлэх минь...

Бүрэн эхээр нь "ӨГЛӨӨНИЙ СОНИН"-оос унших боломжтой!

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.161.29) 2019 оны 04 сарын 23

Бүх зүйл учир шалтгаантай. Зарим хүмүүст өрөвдмөөр санагдах нь зүйн хэрэг. Гэсэн ч иймэрхүү хүмүүсийн зарим нь, архичин, ааш зан адайр гэр орныхоноо залхаасан, олиггүй хүмүүс байгаа. Эцэг эх нь чадал муутай, цаана нь хүргэн бэр гэж бна. Таарч тохирохгүй болоо л энэ шүүдээ.

3  |  0
Роза (59.153.87.31) 2019 оны 04 сарын 23

Энэ мхүмүүс маань янз бүриййн шалтгаантай л манайд ирсэн хүмүүс залуу зандан цагтаа улс орныхоо бүтээн байгуулалтанд гар бие оролцож явсан иргэд амьдралын эрхээр???? 1,Харж хандах ахан дүүсгүй гэр оронгүй харвалттай,сааж:илттай, оюуны хомсдолтой сэтгэгцтэй 2,Ар гэр нь асрах боломжгүй өөрсдөө хөгжлийн бэрхшээлтэй буюу өндөр настан 3,бичиг баримтгүй өөрийгөө удирдах чадваргүй хүмүүс ирдэг юм,ХҮМҮҮС минь янз бүрийн зүйлээр ярьж битгий харлуулаарай хүмүүсээ зөв талаас нь ойлгоорой,

4  |  0
zochin(66.181.180.113) 2019 оны 04 сарын 23

Улс нь хүнээ харж хандаж чаддахгүй юм бол энэ ажиллаж байгаа хүмүүстэй тусла

2  |  0
Оюун(202.9.43.255) 2019 оны 04 сарын 22

Роза эгчээ энэ хүмүүсийн тѳлѳѳ гэсэн зориулалт бүрийг зүрх сэтгэл үйлсээр тань бахархаж байна. Бурхан та бүхнийг ёрѳѳн сахих болтугай.

2  |  0
Zochin(103.229.122.90) 2019 оны 04 сарын 23

Ger bul etseg ehee gomdooson hun bn setgel n hezee ch hailahguigeer hursun bn uhaan muutai yawsni ur dun yaltai n bilee

2  |  0
Зочин(66.181.183.90) 2019 оны 04 сарын 23

Би 2 хүүтэй өрх толгойлсон аав. 4 жилийн өмнө ээж нь Маш хүнд байдалд орхиод мөнгө дагаал алга болсон. Одоо их ядруу өвчиэй байдаг. 2 хүү ээжийгээ үзэж чадахгүй болсон. Хөгширсний дараа ямар нүүрээрээ хүүхдүүд гэх билээ.

1  |  0
zochin(91.5.111.208) 2019 оны 04 сарын 23

4huuhed 10 duutei hun hetsuu ynaa iim olon hunees asaraad hajuudaa ava hun bgui uul ni iim l ued oliuulaa bhiin hereg garamaar ym bas ter etseg ehtei zaluu hetsuu ch ymaadaa yadahdaa etseg eh hajuudaa avdaggui ymaa gehed aaya ergeed irj bn doo arai setgelgui humuus bhiimaa

9  |  0
зочин(64.119.20.43) 2019 оны 04 сарын 21

Хэцүү л дээ! Хүү нк архи ууж байхдаа Гэрийнхнийгээ их зовоож харгис хэрцгий хандаж, загнаж агсам тавьж байснаас болоод цаадуул нь халширч байгаа шүү дээ! Хүн бүхэгд л нэг нэг нарийн учир байгаа л даа!

7  |  1
eej hvn (66.181.161.37) 2019 оны 04 сарын 22

hvnii amidral taashgvi onoodor bid saihan amidarch bgach ireedvid bi ch end ochih yum bilvv hen medhevdee sain uilsed n amjilt hvsyee handiv ognoo

4  |  0
Zochin(202.126.89.222) 2019 оны 04 сарын 18

Hunii amidral yamar bhiig taashgui. Bugdiig haraar bodoh hereggui bh. Yaj yawaad end irseniig yagaad iim baigaag hen ch medehgui. Tus nemer bolood neg ch gesen hun bayarluulj l amidar busdiin amidraliig shuuh erh bidend bhgui

2  |  0
Hariutslagagui bn(108.218.234.108) 2019 оны 04 сарын 18

Hun usuj tuluvshihud etseg ehiin uhamsar, humuujil, udam, orchin mash ih nuluuldug. Mongolchuud er ni ger bul tuluvlult gej baihgui, adguus shinj ni davamgailsan uchraas amidraliig oyun uhaanaaraa bish husel tachaalaaraa shiidej irsen. Hariutslagagui zulzagalaad l baina, tegeed humuujil bolovsrold ni eruusuu anhaaral tavihgui orhigduulhaar iimerhuu l humuus garch irj baigaam daa. Tegeed yagaad iim bolchiv geed l genet bii boltson yum shig gaihatsgaana.

10  |  1
me(202.21.127.164) 2019 оны 04 сарын 17

Архи уугаад ээж, ах дүүсээ үнэхээр залхааж дээ!!!!

1  |  1
Top