Автомашин үнэд ороогүй ч, иргэдийн худалдан авалт эрс буурчээ

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 16

Хэдэн ямаагаа самнаад ноолуураа авчихсан, түүнийгээ хөл дүүжлэх унаа болгоно гээд малчид маань нийслэл хотыг зорьж буй энэ үед авто машины үнэ ханш ямар байгааг тодруулахаар Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Авто худалдааны цогцолбор”-ыг зорив.

Мөн урин дулаан цаг ирж буй учир иргэд хөдөө гадаа явах, аялал зугаалгандаа зориулан машин худалдаж авах нь энэ цаг үед ихэсдэг юм гэсэн.

Бид 10 мянга гаруй хүнийг ажлын байраар хангадаг гэгддэг “Да хүрээ” захыг зорьж болох байсан ч шинэхэн захын өнгийг сурвалжлагынхаа явцад давхар тольдохыг хүссэн хэрэг. Хотоос 10 гаруй километрийн зайтай учир зайлшгүй машин авахыг хүссэн иргэд л энэ захыг зорино.

Тэгвэл үүд хаалгаа нээгээд удаагүй байгаа “Авто худалдааны цогцолбор” нь “Да хүрээ” зах шиг хөл толгой нь алдагдсан, шавааралдсан зүйл алга, бүхий л зүйл эмх цэгцтэй нь харагдана. 

Нөгөө талаар энэ өдөр хөл хөдөлгөөн тун бага байв. Үргэлж ийм байдаг эсэхийг авто машин борлуулж буй иргэдээс тодруулахад, автомашины худалдаа улирлын чанартай байдаг учир одоо л ид бужигнах цаг. Та нар хүн багатай үеэр ирлээ. Гэхдээ иргэдийн машин худалдаж авах чадвар эрс багассан шүү дээ хэмээсэн юм.

“ДА ХҮРЭЭ”-Г НҮҮЛГЭЧИХВЭЛ ЗАХАД ЗАРЦУУЛСАН 24 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АШИГ ТУС ГАРНА

“Авто худалдааны төв” 6375 зогсоолтойгоос одоогоор 1200 нь эзэндээ очсон байна. Улаанбаатар хот дахь авто худалдаа эрхлэгчдийг цэгцэлж, нэг газарт төвлөрүүлэх зорилго одоогоор бүрэн биелээгүй ч зарцуулсан 24 тэрбум төгрөг дэмий үрэгдүүлээгүйг тус захаас харж болно. Гэхдээ л автомашин худалдаалагчид, цэгүүдийг төвлөрүүлэх ажил удааширалтай байгааг дээрх тоо баримт төвөггүйхэн хэлээд өгнө. Худалдааны төвийн талбайг иргэд худалдан авч эсвэл өдрөөр, сараар, удаан хугацаагаар түрээсэлж болдог бөгөөд өдрийн үнэ 2000 төгрөг. Энэ нь “Да хүрээ” захаас 2000 төгрөгөөр хямд юм. Авто зогсоолд суудлын жижиг тэрэг, дунд гарын жип, ачааны том, жижиг гээд нийт 2000 гаруй автомашин эзнээ хүлээж байв.

Нийслэлд Авто тээврийн үндэсний төв, тээврийн хэрэгслийн бүртгэлийн таван салбар үйл ажиллагаа явуулж, импортоор орж ирсэн тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгох, шинээр бүртгэх, мөн шилжилт хөдөлгөөн хийх зэрэг үйл ажиллагаа явуулдаг. Тэгвэл “Авто худалдааны цогцол­бор”-ын үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор нийслэлд импортоор оруулж ирж буй автомашинуудыг тус газарт бүртгэх болсон байна. Шинээр тээврийн хэрэгсэл худалдан авч байгаа, мөн шинэ автомашин оруулж ирж зарах гэж буй иргэд тус цогцолборт очиж үйлчилгээгээ авна гэсэн үг. Энэ нь захыг зорих иргэдийн хөл хөдөлгөөнийг нэмэх зорилготой гэдэг нь дамжиггүй. Хэрэв нийслэлд автомашин борлуулахыг зогсоогоод, тус захад автомашины худалдааг бүрэн төвлөрүүлж чадвал Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж, замын хөдөлгөөний ачаалал, агаарын болон хөрсний бохирдлыг эрс бууруулан, нийслэл хотдоо иргэд таатай нөхцөлд тайван амгалан ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд  чухал хувь нэмэр оруулах юм. Харамсалтай нь “Да хүрээ” захын нүүлгэлтийн асуудлыг ярихаас хэтрэхгүй, ажил хэрэг болгохгүй байна.

“Да хүрээ” орчимд 60 орчим авто үйлчилгээ, угаалга, дугуй засварын газар үйл ажиллагаагаа явуулдаг. Тэдгээр авто үйлчилгээний газруудын хог хаягдал, тос масло нь шууд хөрсөнд шингэхээс гадна Баянзүрх дүүргийн 2-3 хорооны 30 орчим мянган иргэдийн эрүүл мэндэд ноцтой аюул учирч буйг анхаарахгүй өнгөрч ер болохгүй. 2017 онд Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Орчны эрүүл мэндийн сургуулиас нийслэлийн Баянхошуу, Да хүрээ, Нарантуул, Хотын төв болон Зайсанд амьдардаг нийт 15 хүүхдэд шинжилгээ хийсэн ажээ.

Шинжилгээний хариугаар хүний цусанд огт байх ёсгүй хар тугалганы агууламж 22 мкг/дл илэрсэн. ДЭМБ болон олон улсын стандартаар хар тугалга нь таван мкг/дп-ээс их байвал хүүхдийн сэтгэхүйд нөлөөлдөг гэж тогтоосон. Гэтэл судалгаагаар орон сууцанд амьдардаг хүүхдүүдийн цусан дахь хар тугалгын хэмжээ 3.7 мкг/дп гарсан бол агаарын бохирдол харьцангуй ихтэй гэр хорооллын бүсээс сонгогдсон хүүхдүүдийн цусан дахь хар тугалгын дундаж хэмжээ 10.8 мкг/дл байсан. Энэ нь олон улсын заасан хэмжээнээс хоёр дахин их хэмжээтэй байв. Хар тугалга нь неотоксик буюу мэдрэлийн үйл ажиллагаанд хортой нөлөө үзүүлдэг материал юм.

Энэ судалгаа хоёр жилийн хугацаанд хийгдсэн ч одоогоор “Да хүрээ” захын нүүлгэлтийн ажилд дорвитой шийдвэр гарсангүй. Ядаж л “Да хүрээ”-гээ нүүлгэчихвэл захад зарцуулсан 24 тэрбум төгрөгийн ашиг тус бүрэн гарах биш гэж үү.

ИРГЭДИЙН 80 ХУВЬ НЬ АВТОМАШИНАА БАНК БУСААР АВЧ БАЙНА

Сүүлийн 10 гаруй жил суудлын авто­машин зарж буй Х.Түмэнгэрэл “Валютын өсөлтөөс болж өмнөх жилээ бодвол машины үнэ харьцангуй өссөн. 500 мянгаас нэг сая төгрөгийн зөрүү үүссэн байх. Хоёр жилийн өмнө машины онцгой албан татвар нэмэгдсэнээс болоод бас бөөн л асуудал үүссэн. Яаж ч бодсон 13 саяар авсан машин дээрээ нэмээд зургаан сая төгрөгийг зөвхөн онцгой татварт өгнө. Дээр нь би ганц, хоёр сая төгрөг нэмээд зарна гэхэд хэн ч авахгүй шүү дээ. Үүнээс болоод машины үнийн дүн өсөх буурах асуудлууд өчнөөн байдаг” хэмээсэн юм. 

Малчдын ихээр авдаг портер, бонго, пронтер машинууд “Авто худалдааны төв”-д нэгдсэн байдлаар ирээгүй ч нэг эгнээнд 20-30 ачааны машинуудыг багтаажээ. Үнийн хувьд 2009 оны бүхээгтэй “Hyundai” 12,5 сая, 2004 оны “Bongo” 8,5 сая, тэвштэй “Kia” 10,8 сая, тэвштэй “isuzu” найман сая гэх мэтээр худалдаалагдаж байв. Ачааны машинууд он, даац болон шинэ, хуучнаасаа шалтгаалаад үнийн хувьд нэлээд зөрүүтэй байдаг аж.

Машин борлуулагчид иргэдийн худалдан авах чадвар эрс багассан тухай ярьж байлаа. Бэлэн мөнгөөр машин авч байгаа хүн маш цөөхөн бөгөөд бараг 80 хувь нь банк бусаар машинаа авдаг аж. Иргэдийн худалдан авах чадварт Монголбанкнаас гаргасан шийдвэр шууд нөлөөтэй хэмээсэн юм. Учир нь энэ дөрөвдүгээр сарын 01-ээс эхлээд Монголбанкнаас хэрэглээний зээлийн өр, орлогын харьцааны дээд хязгаарыг 70 хувь, төлөгдөх хугацааг 30 сар болгосон байна. Мөн заавал татварын цэнхэр дэвтэртэй байхыг шаарддаг болжээ. Банк бусын хүү 2,5-3,5 хувь байгаа бол банк 1,6-2,3 хувийн хүүтэйгээр үйлчилдэг байна. Монгол банкны шийдвэр, журмыг ойлгохгүй иргэд олон байна. Иргэдийн нуруун дээр улам л хүнд ачаа үүрүүлж байна гэж бодож байна. Өмнө нь сардаа гайгүй машин зараад л байдаг байсан, одоо 2-3-ыг арай гэж л борлуулж байна гэх авто машин борлуулагч ч бидэнтэй таарсан юм. 2018 оны  зургаадугаар сарын 15-ны өдөр Монголбанкны Мөнгөний бодлогын хороо хуралдаж иргэдийн хэрэглээний зээлийн хувьд өр, орлогын харьцаанд дээд хязгаар тогтоох тухай шийдвэр гаргасан. Энэ тогтоолын дагуу 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс иргэдийн хэрэглээний зээлийн хувьд сарын зээлийн болон үндсэн төлбөр нь сарын орлогын татварын дараах хэмжээний 70 хувиас давж болохгүй гэжээ. Жишээлбэл, хэрэглээний зээл авахыг хүссэн иргэний татварын дараах орлого нь 500 мянган төгрөг байвал түүний сард төлөх зээлийн үндсэн болон хүүний нийт төлбөрийг 350 мянган төгрөгөөс хэтрүүлэхгүй. Хэрвээ тус зээлдэгч өмнө нь авсан зээлийн төлбөрт сар бүр 200 мянган төгрөг төлдөг бол шинээр авах хэрэглээний зээлийн сарын нийт төлбөрийг 150 мянган төгрөгөөс хэтрүүлэхгүй хэмжээнд зээлийн хэмжээг тодорхойлно. Ингэснээр тус зээлдэгч татварын дараах орлогынхоо хамгийн багадаа 30 хувь буюу үлдсэн 150 мянган төгрөгийг өөрийн амьжиргаа болон бусад хэрэгцээндээ зарцуулахаар авч үлдэх ёстой юм.

“ПРИУС” МАШИН ХАМГИЙН ӨНДӨР БОРЛУУЛАЛТТАЙ ХЭВЭЭР БАЙНА

“Авто худалдааны цогцолбор” дээр 5-6 төрлийн 100 гаруй автомашин борлуулдаг нэгэн залуутай уулзлаа. Тэрбээр бор­луулагч хийгээд гурван жил болж байгаа бөгөөд суудлын жижиг тэрэг гурван сарын сүүлээс эхлээд өндөр борлуулалттай байгаа тухай бидэнд хэлсэн юм. Мөн сард 70-80 суудлын тэрэг борлуулдаг бөгөөд улирлаасаа шалтгаалаад энэ тоо өсдөг аж. Иргэдийн хамгийн их авдаг “Приус 20” автомашин оноосоо шалтгаалаад 11,5 саяас 16 саяын хооронд байгаа бол, “Приус 30” автомашин он, эд ангиасаа шалтгаалан 15-25 саяын хооронд байв. Мөн “Приус 20” үйлдвэрлэгдэхээ больсонтой холбоотойгоор “Тоёота акуа” машин борлуулалт тун өндөртэй байгаа аж. Учир нь “Тоёота акуа” нь бензин идэлт, тохь тух, сэлбэг, эд ангиараа “Приус 20” автомашинтай ижил ч туулах чадвар, загвар гээд бусад зүйлээрээ “Приус 20” автомашинаас хамаагүй илүү хэмээн бидэнд тайлбарласан юм. Монгол Улс нийт 940,327 тээврийн хэрэгсэлтэй бөгөөд үүний 847,414 нь автомашин байна. Нийт автомашины 496,720 нь буюу 59 хувь нь Улаанбаатар хотод бүртгэлтэй. Гэхдээ нийт автомашины 757,157 нь буюу 80 хувь нь 10-аас дээш жил ашиглагдсан байдаг гэнэ. Худалдан авагчдын  51  хувь нь баруун талдаа буюу бидний ярьж хэвшсэнээр буруу талдаа жолооны хүрдтэйг сонгодог байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 140,824 (нийт автомашины 16 хувь) хосолсон хөдөлгүүртэй, 19,094 (нийт автомашины 2.2 хувь) хийн хөдөлгүүртэй, 108 (нийт автомашины 0.01 хувь) цахилгаан хөдөлгүүртэй байгааг баримтад дурдажээ. Мөн хүү Монгол Улсад явж буй нийт автомашины 13 хувийг “Приус” автомашин эзэлж байгаа тухай судалгаа гарчээ.

Бүрэн эхээр нь "ӨГЛӨӨНИЙ СОНИН"-оос унших боломжтой!

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зөв мэдээ байна(120.230.113.115) 2019 оны 10 сарын 18

таалагдлаа, маш багц, товч тодорхой, зорилготой мэдээлэл байна. Баярлалаа.

0  |  0
aa(66.181.168.81) 2019 оны 04 сарын 19

MOngolchuud olson munguu huuchin mashin terendee benzin hiihed zarcuulchihdag bolohoor $oos shuud hamaaraltai amidraad bgaa yum

0  |  0
Хориглоё(71.202.208.226) 2019 оны 04 сарын 18

Буруу талдаа жолоотой машиныг бүрмөсөн хориглох хэрэгтэй. Үүнээс болж хэдэн хүн жилд амиа алддагийг тооцх хэрэгтэй. Монгол улс хуучин япон машины оршуулгын газар биш шүү дээ

0  |  0
Zochin(103.229.122.204) 2019 оны 04 сарын 16

5 shariin tomor aaviin garamiig daraa estoi balls uulzvar xamag tsag avaa xayachixdagiin

0  |  0
Зочин(66.181.164.43) 2019 оны 04 сарын 18

Монгол банкны журам зөв шүү дээ. Бүх орлогодоо тулгаад зээл авчихсан хүн юугаараа амьдрах юм. Амьдрахын тулд идэж өмсөж л таараа.Хоол хүнс, хэрэглээндээ зарцуулахаар зээлээ төлж чадахгүй чанаргүй зээлийн өр үүсч өрөнд унаж дарамтанд ордог.

1  |  0
ИРГЭН(202.55.191.42) 2019 оны 04 сарын 16

5 ШАР, ТӨМӨР ЗАМЫН ГАРАМ ХОЁР ДЭЭР НАМ ТҮГЖИРДЭГ ШҮҮ ДЭЭ

1  |  0
Top