Коммерсант: Ким Жон Ун Алс Дорнодын Холбооны их сургуулийн хотхоны люкс өрөөнд байрлана

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 23

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нарын дээд хэмжээний уулзалт энэ сарын 25-ны өдөр Владивостокын Русский арал дээрх Алс Дорнодын Холбооны Их Сургуулийн хотхонд болно гэж Ким Жон Уны айлчлалын бэлтгэлтэй холбоотой эх сурвалжууд “Коммерсант” сонинд мэдээлжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, БНАСАУ-ын удирдагч ОХУ-д энэ сарын 24-ний өдөр хуягласан галт тэргээр хүрэлцэн ирэх гэнэ. Түүнийг 230 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид дагалдах бөгөөд Ким Жон Ун Алс Дорнодын Холбооны Их Сургуулийн хотхоны люкс өрөөнд байрлах аж.

Энэ сарын 25-ны өдөр тус хоёр улсын тэргүүн нарын яриа хэлэлцээ болох бөгөөд 26-ны өдөр В.Путин Бүс ба Зам санаачилгын хоёрдугаар форумд оролцохоор БНХАУ-ыг зорих аж.

Ким Жон Ун Владивостокт үлдэж, түүхэн болох аялал жуулчлалын дурсгалт газрууд болон 2002 онд түүний эцэг Ким Чен Ир ОХУ-д айлчилж байхдаа очиж байсан газарт очиж танилцах гэнэ.

Даваа гарагт Хойд Солонгосын мэдээллийн төв агентлаг /KCNA/ Ким Жон Ун удирдагч “удахгүй” Ерөнхийлөгч Владимир Путины урилгаар ОХУ-д айлчина гэж мэдээлжээ. Гэхдээ тус агентлаг дээд хэмжээний уулзалт болох газар, товыг дурдаагүй байна.

Үүнээс өмнө Кремль тус хоёр улсын төрийн тэргүүн нар энэ сарын сүүлээр уулзана гэж мэдээлж байсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top