Хятад Уйгарын талаар АНУ-ын баталсан хуулийн төслийг эсэргүүцлээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 04

БНХАУ АНУ-ын Төлөөлөгчдийн танхим БНХАУ-ын Шиньжян-Уйгарын өөртөө засах оронд хүний эрхийг хангахтай холбоотой хуулийн төслийг баталсантай холбогдуулан эсэргүүцэл илэрхийлжээ.

АНУ-ын Төлөөлөгчдийн танхим эрх нь зөрчигдөж буй гэх уйгаруудыг дэмжих тухай хуулийн төслийг баталсан юм. Энэхүү төсөл Сенат баталж, Ерөнхийлөгч Доналд Трамп гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно. Хуулийн төсөлд Шиньжян-Уйгарын өөртөө засах оронд уйгаруудын эрхийг зөрчиж буй гэх Хятадын албан тушаалтнуудын эсрэг хориг арга хэмжээ авах заалтыг тусгажээ.

БНХАУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чуниний мэдэгдсэнээр, энэхүү баримт бичиг Жиньжян-Уйгарын өөртөө засах орон дахь хүний эрхийн нөхцөл байдалд эргэлзээ төрүүлж, Хятад улсын терроризм, хэт даврах үзэлтэй тэмцэх хүчин чармайлтыг харлуулж, Хятадын Засгийн газрын засаг захиргааны бодлого руу санаатайгаар дайрсан, олон улсын эрх зүй, олон улсын харилцааны үндсэн зарчмуудыг ноцтой зөрчиж байгаа тул Хятадын тал ихээхэн дургүйцэл, шийдвэртэй эсэргүүцэл илэрхийлж байна гэж мэдэгдэлд дурджээ.

Өмнө нь батлагдаж, хүчин төгөлдөр болоод буй Хонконгт хүний эрх, ардчиллыг хамгаалах тухай хуулийн нэгэн адил энэхүү хуулийн төсөл тус хоёр улсын харилцааг хурцатгаж, худалдааны яриа хэлэлцээрт сөргөөр нөлөөлж болзошгүй.

Хятадын эрх баригчид энэ хуулийн төслийг баталсан тохиолдолд АНУ-ын өндөр албан тушаалтан, Конгрессын гишүүдийн эсрэг визийн хязгаарлалт тавьж болзошгүй тухай хэвлэлүүд мэдээлж байсан билээ. Хятад улс мөн АНУ-ын дипломат паспорт эзэмшигчдэд Шиньжянд орохыг хориглож магадгүй байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top