ДЭМБ коронавирусний халдвар авсан үед ямар эм ууж болохыг зөвлөжээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 18

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага шинэ төрлийн коронавирусний халдварын шинж тэмдэг илэрсэн үед эмчийн зөвлөгөөгүйгээр ибупрофен эмийг уухгүй байхыг зөвлөжээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хэвлэлийн нарийн бичгийн дарга Кристиан Линдмайерын мэдэгдсэнээр, ибупрофен коронавирусний халдварын үед үхэх эрсдэлийг нэмэгдүүлдэг гэдгийг нотлох шинэ судалгаа одоогоор байхгүй ч сэжигтэй тохиолдолд ибупрофен бус харин парацетамол уухыг ДЭМБ зөвлөж байна гэж тэрбээр онцолжээ. Гэхдээ эмч зөвлөсөн тохиолдолд ибупрофеныг ууж болно гэж тэрбээр тодруулжээ.

Германы Бернхард Нохтын нэрэмжит Халуун орны анагаах ухааны хүрээлэнгийн вирус судлаач Йонас Шмидт-Чанаситын тайлбарласнаар, ибупрофен нь цусны бүлэгнэх явцыг сааруулдаг тул дотор цус алдах эрсдэлийг нэмэгдүүлдэг байна.

Кристиан Линдмайер парацетамолыг хэрэглэх нь коронавирусний халдварыг эмчлэх арга огтхон биш гэж онцлоод зөвхөн өвчний зовиурыг дарахад уухыг зөвлөжээ. Парацетамолыг ханиад томууны үед биеийн халууныг бууруулах, толгой, булчингийн өвчнийг намдаах зэрэгт ууж хэрэглэдэг байна. Парацетамол нь вируст шууд үйлчилдэггүй аж.

 

Top