КОВИД-19 | Сингапурт хоногт 1426 тохиолдол бүртгэгджээ

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 21

Дэлхийн улс орнуудад коронавирусний халдварын тархалт ямар байгаа талаарх мэдээллийг хүргэе.

АНУ-ын бүс болон Номхон далайн баруун бүсэд халдварын тархалт өндөр байна. АНУ-ын бүсийн 54 улсын бүх нутаг дэвсгэрт халдвар бүртгэгдсэн. Бүсийн хэмжээнд 42600 нас баралтын 35100 нь АНУ-д бүртгэгдсэн байна. АНУ-ын бүсийн халдварын тохиолдлын 90 хувь нь Америкт бүртгэгдсэн бол Карибын тэнгисийн нэг улсад коронавирусний халдвар бүртгэгдээгүй байгаа аж.

Мексикт 8261 тохиолдол, 681 нас баралт бүртгэгдсэн байна. Халдварын тархалт оргил үедээ хүрээд байсан АНУ-ын Нью-Йорк мужид шинэ халдварын тоо харьцангуй буурч байгаа талаар тус улсын хэвлэлүүд мэдээлжээ. Халдварын тархалтыг хязгаарлах үүднээс АНУ, Мексик, Канад улсууд дундын хил дээрээ тогтоосон зорчих хөдөлгөөний хязгаарлалтыг дахин сунгаж магадгүй болжээ.

Тэгвэл Сингапурт 24 цагийн дотор 1426 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. Японд хоногт 347 шинэ тохиолдол, 24 нас баралт бүртгэгдсэн нь халдвар анх дэгдсэнээс хойших нас баралтын хамгийн өндөр үзүүлэлт аж. Өмнөд Солонгост хоногт хоёр нас баралт шинээр бүртгэгдэж, нийт 236 хүн нас баржээ.

 

Top