КОВИД-19 | Өмнөд Солонгост халдварын тархалт буурчээ

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 28

Дэлхий дахинд коронавирусний халдварын тархалт, нас баралт ямар байгаа талаарх мэдээллийг хүргэе.

Япон улсад хоногт 172 тохиолдол бүртгэгдсэн бол нийт нас баралт 407 байна. Үүний 13 нь “Даймонд Принцесс” хөлөг онгоцон дээр илэрсэн тохиолдол юм. Японд нас баралт 1.9 хувь болж өссөн бөгөөд эндэгдэл 80-аас дээш насныхны дунд өндөр байгаа аж. Тус улсад 304 хүний биеийн байдал хүнд байгаа гэнэ. Шинэ халдварын тоо буурах хандлагатай байгаа ч халдварыг хумиагүй учир онц байдлыг сунгаж магадгүй байгаа аж. Япон улс зарим улсаас ирэх зорчигчдыг хориглосон жагсаалтдаа 14 улсыг нэмсэн байна. БНХАУ, АНУ болон Өрнөд Европын орнуудыг уг хоригт хамруулж байсан бол ОХУ, Беларусь, Украин зэрэг 14 улсыг шинээр нэмжээ. Хориг тавдугаар сарыг дуустал үргэлжлэх юм.

Өмнөд Солонгост хоногт илэрсэн халдварын тоо 10, нас баралт 1 байсан нь сайн мэдээ юм. Тус улсад халдварын тархалт буурсаар байна.

Шинэ Зеланд улс халдварын эхний тархалтыг харьцангуй хор хөнөөл багатайгаар даван туулсан гэж тооцогдож байгаа бөгөөд хөл хорионы дэглэмээ сулруулжээ.

Франц, Итали, Испани улсад халдварын тоо өндөр хэвээр байна. ОХУ, Украин, Турк зэрэг улсад халдварын тоо ихээр өсөж байгаа бөгөөд Туркт хоногт 2000 гаруй тохиолдол, 95 нас баралт бүртгэгдэж, нийт 112 мянга гаруй хүн халдвар авчээ.

АНУ-д коронавирусний халдварын голомт болоод байгаа Нью-Йоркт нас баралт өссөөр байна. Мужийн ихэнх хэсэгт гэрийн хөл хориог сонгож, үргэлжлүүлэх төлөвтэй байна.

Top