КОВИД-19 | ОХУ, Турк зэрэг улсад өвчлөл өндөр байна

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 30

Дэлхий дахинд 3.1 сая хүн коронавирусний халдвараар өвчилсөн билээ. Эдгээрээс 972 мянга нь эдгэрсэн байна. АНУ халдварын тоогоор тэргүүлж байгаа бол Испани, Итали, Их Британи, Герман, Франц, Турк, ОХУ зэрэг улс удаалж байгаа юм.

Халдварын тоо зарим улсад буурч байгаа ч Беларусь, ОХУ, Украин, Бразил, Турк зэрэг улсад сүүлийн 24 цагт хамгийн олон тохиолдол бүртгэгджээ. Туркт сүүлийн нэг долоо хоногийн хугацаанд 733 нас баралт нэмэгдсэн байна.

ОХУ-д нас баралт их байгаа ч хүн амын тоог өвчлөлийн тоотой харьцуулахад нас баралтын түвшин бага гэж гарч байгаа юм. Хойд хөрш гадаадын зорчигчдын нэвтрүүлэхгүй байх хилийн хоригийнхоо хугацааг дахин тодорхойгүй хугацаагаар сунгах талаар Ерөнхий сайд нь мэдээлжээ. ОХУ, Турк зэрэг улсад тархалт өндөр байгаатай холбоотойгоор иргэдээ эмнэлгийн байгууллага руу яаран очихгүйгээр цахим хэлбэрээр өрхийн эмчдээ хандан зөвлөгөө авах зааврыг өгч байгаа аж.

АНУ-ын Харшил, халдварт өвчний хүрээлэнгийн мэдээлснээр анх Эболо вирусний эсрэг бүтээсэн “Ремдезивир” эмийг коронавирусний халдвартай өвчтөнд эрт өгч эхэлсэн тохиолдолд эдгэрэх хугацааг түргэсгэж байгаа аж. Энэхүү эмийг уугаагүй эмчилгээ хийлгэж байсан хөнгөн өвчтөнүүд 15 хоногт эдгэж байсан бол “Ремдезивир”-ийг уусан хүмүүс 11 хоногт эдгэжээ. Энэ эм нь коронавирусний эсрэг 100 хувь амжилттай биш ч эмчилгээний үндэс суурийг тавьсан гэж мэргэжилтнүүд үзэж байгаа аж. Гэхдээ хүнд өвчтөнд турших, өвөрмөц эмчилгээ гэж хүлээн зөвшөөрөх зэргээр хэрэглэж эхлээгүй байгаа юм.

Top