КОВИД-19 | Агаар муутай орчинд вирус тархах эрсдэл өндөр

Автор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 08

Дэлхий дахинд коронавирусний халдварын тархалттай холбоотойгоор иргэдийг зах, худалдааны төв болон амьд амьтад зардаг захуудаар явахаас зайлсхийхийг уриалжээ.

Сүүлийн долоо хоногийн туршид дэлхий дахинд өдөрт 100 мянга гаруй халдварын тохиолдол бүртгэгджээ. АНУ, Бразил, ОХУ, Их Британи, Энэтхэг улс халдварын тоогоороо тэргүүлсээр байна. Хойд болон Өмнөд Америк, мөн Африкт коронавирусний халдварын тохиолдлын тоо өсөх хандлагатай байгаа аж.

Дэлхий дахины нийт халдварын 30 орчим хувь нь АНУ-д дангаараа бүртгэгдсэн бол Америкийн дараа Төв болон Өмнөд Америкийн орнууд орж байна.

Уругвай, Коста Рика зэрэг улсад хяналт, сэргийлэлтийн арга хэмжээг эрт авч хэрэгжүүлсний үр дүнд халдварын тархалтыг амжилттай хязгаарлаж чадсанд тооцогдож байгаа бол Орост хоногт 8900 гаруй тохиолдол нэмж илэрч, нийт 467.673 тохиолдол, 5859 нас баралт бүртгэгдээд байна.

Зүүн Азиас Энэтхэгт халдварын тоо нэмэгдсээр байгаа аж. Тус улсад нийт халдварын тоо 246.628 болсон бол нас баралт 6929 болжээ.

Номхон далайн баруун бүсэд Өмнөд Солонгосын Инчон, Кёнги аймагт батлагдсан голомтот халдвар болон цахим худалдааны ложистик төвөөс илэрсэн голомтот халдварын тохиолдлын тоо өсжээ.

Тэгвэл Хятадад хоногт гаднаас зөөвөрлөгдөж орж ирсэн дөрвөн тохиолдол, шинж тэмдэггүй хоёр халдвар тус тус бүртгэгдсэн байна.

ДЭМБ-аас иргэдэд хандан битүү, агаар муутай орчинд коронавирус тархах эрсдэл өндөр байгааг анхааруулахын сацуу хувцас, алчуур зэрэг эд зүйлсээ нарны гэрэлд хатаах, гадаа тавих зэргээр байгалийн ариутгал, халдваргүйтгэл хийхийг зөвлөж байна.

Top