КОВИД-19 | Европ дахь хөл хорио 3.1 сая хүний амь насыг аварчээ

Автор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 09

Дэлхий дахинд коронавирусний өвчлөл сүүлийн ес хоногийн туршид өдөрт дунджаар 100 мянгаар нэмэгдэж байна. Өнгөрсөн ням гарагт 136 мянган тохиолдол шинээр бүртгэгджээ. Сүүлийн нэг сая тохиолдлын 75 хувь нь Төв болон Өмнөд Америкт бүртгэгдсэн байна.

Их Британи, Итали, Франц зэрэг халдварын тоо маш өндөр байсан улсад халдвар буурч байгаа ч Зүүн Европын орнуудад өсөж байгаа аж.

АНУ, Бразил, ОХУ, Их Британи, Энэтхэг, Испани улс халдварын тоогоороо дэлхийд тэргүүлж буй. АНУ-д хоногт 17900 гаруй шинэ тохиолдол, 474 нас баралт бүртгэгджээ. Холбооны улсын хэмжээнд 22 муж улсад халдвар өсөх хандлага ажиглагдаж байгаа аж. Найман мужид байдал тогтвортой байгаа бол Калифорни, Техас, Флорида, Иллинойс зэрэг мужид халдварын тоо өвчний голомт болоод байсан Нью-Йоркоос өндөр байна.

Бразилд халдварын нийт тоо 710.887 болж, 37312 хүн нас баржээ. Бразилын Засгийн газрын зүгээс халдварын болон нас баралтын нийт дүн мэдээллийг өгөхөө больсон нь дотооддоо ихээхэн шүүмжлэл дагуулсан байна. Иймээс тус улс халдварын дүн мэдээллийг эргэн ил тодоор зарлаж эхэлжээ.

Энэтхэгт хоногт 9880 гаруй тохиолдол бүртгэгдэж, нийт тохиолдол 256.611 болжээ. Нас баралт 7200-д хүрсэн байна.

Английн судалгааны байгууллага Европ дахь хөл хорио 3.1 сая хүний амь насыг халдвараас аварсан гэсэн дүн мэдээ танилцуулжээ.

Тэгвэл Кубад сүүлийн есөн өдөр дараалан коронавирусний халдвар бүртгэгдээгүй байна.

 

Top