Коронавирусний эсрэг хэд хэдэн вакцин гаргаж авна

Автор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 12

ДЭМБ-аас мэдээлснээр Израилд тархалт буурахад хөл хориогоо сулруулж, хүмүүс амны хаалт зүүхээ больсны улмаас тус улсад сүүлийн долоо хоногт 1000 гаруй тохиолдол нэмэгджээ.

Мөн АНУ-ын Техасын их сургуулийн судалгааны баг коронавирусний халдвар хэрхэн тархаж, дамждагийг судалжээ. Ухань болон Нью-Йорк зэрэг халдварын голомт болсон хотод шинжилгээ оношилгоо хэрхэн явагдсан, хөл хорио тогтоосон байдал, зайнаас харилцах интервенц байсан эсэхийг харьцуулж судлахад БНХАУ-ын хувьд дээрх бүх арга хэмжээг авсан бол Итали улс болон Нью-Йорк хотод арга хэмжээг авсан хугацаа нь өөр өөр байжээ. Тархалтыг харьцуулж үзэхэд амны хаалтыг заавал зүүхийг шаардах болсны дараа халдварын тархалт илүү удааширсан байна.

Италид амны хаалт зүүснээр сарын хугацаанд халдварын 78 мянга гаруй тохиолдлоос хамгаалж чадсан бол Нью-Йоркт 66 мянга гаруй халдварын тохиолдлоос урьдчилан сэргийлжээ.

Олон нийтийн газар байхдаа амны хаалт зүүх нь халдвар хүнээс хүнд дамжихаас урьдчилан сэргийлэх хамгийн хямд төсөр, үр дүнтэй арга аж. Амны хаалт нь вирус агаар дуслын замаар дамжихаас сэргийлж байгаа бол гарын ариун цэвэр сахих, зайнаас харилцах, хөл хорио тогтоох зэрэг арга хэмжээ нь халдвартай хүнтэй ярих, уг хүн ханиалгах, найтаах үед шүлсний дусал гадаргуу дээр тогтож, бусад хүн түүнд хүрэхээс сэргийлэх арга хэмжээ юм.

Түүнчлэн коронавирусний эсрэг вакцины судалгаа явагдсаар байна. АНУ-ын Эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгийн дэмжлэгтэйгээр хөгжүүлж байгаа вакцины сүүлчийн шатны судалгаа ирэх долоодугаар сард эхлэх аж. Вакцинд хүний дархлаа ямар хариу урвал үзүүлэхийг судалсан бол аюулгүй байдал болон үр дүнгийнх нь талаар судлан, дүгнэлт гаргах үлджээ. Түүнчлэн ирэх есдүгээр сард “Жонсон энд Жонсон” компанийн вакцины гуравдугаар зэргийн судалгаа эхлэх гэнэ. Коронавирусний эсрэг вакцин гаргаж авах ажил маш ахицтай явж байгаа бөгөөд нэгээс илүү буюу хэд хэдэн вакцин гаргаж авах төлөвтэй байгаа аж.

Top