...Харамсалтай нь ид шид гэж байдаггүй гэсэн энгийн томъёог тэр хэзээ ч ойлгоогүй явсан тул...

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 25

 

Хотын гудамжинд шөнө болжээ. Ийм шөнөөр согтуу хөлчүү юмуу, олз хайсан хүмүүс л гудамжинд гарч ирдэг дээ. Зарим нь асахаа байсан, зарим нь унтарч асахын хооронд анивчин, цөөн хэд нь шөнийн харанхуйд дөнгөж гэрэлтэхтэй үгүйтэй бүүдийж байгаа гудамжны гэрлүүдийг сүлжих мэт шөнийн ажилтай машинууд сүнгэнэнэ.

24 цагийн үйлчилгээтэй дэлгүүрийн үүдэнд хэдэн тамхи ширхэглэн зогсч байгаа хөгшний хажуугаар гуйвлан явсан 30 орчим насны залуу гэнэт зогссоноо хажууд нь ирээд хоёр зогисов. Дух руугаа дарж өмссөн хар бүрх нь хажуу тийшээ донхойж, өглөөхөн өмссөн цагаан цамц нь бөөлжсөндөө халтартсан байлаа.

Залуу,

-Эмээ, зарах юм байна уу хэмээн нэлээд нухацтай асуув. Эмгэн залуугийн согтуу нүд рүү нэг харснаа хайхрамжгүй байдалтай тонгойгоод,

-Хүү минь, цаг орой болжээ. Харьж амрах хэрэгтэй гэж бодохгүй байна уу гэхэд залуу инээд алдсанаа,

-Эмээ минь, би чинь бүтэлгүй амьтан шүү дээ. Над шиг бүтэлгүй хүнд юу ч тохиолдоггүй юм гэхэд эмгэн,

-Тэгээд чамд юу хэрэгтэй юм бэ дээ гэж асуув. Залуу мөрөө хавчсанаа,

-Юу ч байж болно. Архи ч юмуу, сайхан халуун цай ч юмуу, эсвэл бүр чихэр ч байж болно гэж үнэхээр утгагүй байдалд орсноо илэрхийлэхэд эмгэн,

-Надад хэзээ ч хэрэглэж байгаагүй нэг үзэг л байна даа. Яахав чи авбал ав л даа гэвэл залуу муухан мушийгаад, нөгөө л хайхрамжгүй байдлаар мөрөө хавчсанаа,

-Үгүй ээ, яахав дээ. Үзэг ч бас хэрэгтэй л дээ. Тэгээд хэд юм бэ дээ, би тэрийг чинь авъя гэхэд эмгэн,

-100 ам.доллар... гэж маш тодорхой хэлэв. Залуугийн согтуу гарчихав уу гэлтэй эрүүл дуугаар,

-Та юу гэнэ ээ. 100 ам.долларын үзэг гэж юу байсийм. Тэгээд ч тань шиг хөгшин гудамжинд зогсч байгаад л тийм үнэтэй үзэг зараад байвал нэрийн дэлгүүрүүд байгаад яах юм бэ гэж шоолон хэллээ.

Эмгэн ч бас залуугийн адил мөрөө хавчаад,

-Би чамайг ав гэж шахаагүй шүү. Чи өөрөө л зарах юм байна уу гэсэн. Надад түүнээс өөр зарахсан гэж үнэхээр хүсч байгаа юм алга даа гэлээ. Залуу амандаа шүгэлдэх мэт чимээ гаргаснаа,

-За яахав, тэрний чинь барааг нэг харъя л даа гэвэл эмгэн өврөөсөө жирийн л дунд сургуулийн сурагчдын хэрэглэдэг хар үзэг гарган ирэв. Энэ удаад залуу үнэнээсээ хөхөрч,

-Эмээ, энэ чинь зүгээр л нэг үзэг байна шүү дээ. Та намайг шулъя гэж бодоо юу гэвэл эмгэн санаа алдсанаа,

-Юу л гэж бодвол бод. Ямрыг нь би мэдэхгүй, намайг 100 ам.доллараар л зараарай гэж даалгасан. Тэгээд ч би энэ үзгийг тавин жил биедээ авч явж байна. Жинхэнэ эзэн нь мөн бол ямар ч үнээр хамаагүй авах л ёстой юм гэнэ билээ гэж бувтнав. Залуу гараа халаасандаа шургуулаад цааш явахаар эргэсэн боловч гэнэт дороо зогсоод ямар нэг зүйл бодолхийлснээ, буцаж ирлээ.

-Эмээ, би наад үзгийг чинь авлаа.

...Өглөөний нар хамрынх нь үзүүр дээр тусахад залуу арайхийн нүдээ нээв. Толгой дотор нь тэр чигээрээ хутгалдсан зуурмаг шиг болсон ч гэлээ тэр ажилтай гэдгээ ойлгож, арайхийн өндийгөөд гоожуурын хүйтэн ус залгиллаа. Өчигдөр оройны өмсч байсан хувцас нь авах юм байсангүй. Тэр өлгүүрээс солионы ганц цамцаа авч өмсөөд цуваа углан ажил руугаа явав. Уулзалт тавхан минутын дараа болох тул түүнд даргатайгаа уулзаж зөвлөгөө авах зав байсангүй. Цаашид ажилдаа үлдэх эсэх нь одоо очих уулзалтаас шалтгаалах хэдий ч анхнаасаа энэ бүхэн бүтэлгүйтнэ гэдгийг тэр сайн мэдэж байлаа. Зочдын орж ирэхийн өмнө тэр уулзалтын өрөөнд суугаад цувныхаа халааснаас өчигдөр орой худалдаж авсан нөгөөх хар үзгээ гарган сонины булан дээр хэлэх үгээ тэмдэглэн суув. Шидтэй

юм шиг л үг хэл нь хурц болох төдийгүй, хэзээ ч толгойд нь орж байгаагүй мэргэн санаанууд урган гарч ирнэ. Гэнэт мөрөн дээр нь хэн нэгний хүнд гар тавхийн буухад тэр цочин харлаа. Дарга нь түүний эхүүн үнэрээс сэжиглэх байртай хялалзан зогсох агаад төлөөлөгчид тэдний мэндлэхийг хүлээн сандлуудын ард зогсоно.

Энэ өдрийн ажил тун ч амжилттай болох нь тэр. Залуу урьдчилан тэмдэглэсэн санаануудаа хэлж байх үед даргынх нь хөмсөгний дундах олон атираа нэг нэгээрээ тавирч, түүний санааг дэмжсэн төлөөлөгчид эх адаггүй толгой дохин, зарим нь бүр сайшаан дуу алдаж байсан юм. Ингээд нэгэнт бүтэхгүй тал руугаа эргээд байсан ажил компанийнх нь мэдлийнх болсон-төдийгүй өөрийнх нь мэргэн санаанууд бөөн мөнгө үйлдвэрлэж эхэллээ. Залуу урамшиж, тун удахгүй нэмэгдэх гэж байгаа цалингаа хэрхэн зарцуулах тухайгаа тэмдэглэж, ер нь л сурсан зангаараа бүх үйл явдлыг урьдчилан тэмдэглэж, тэдгээр нь ч түүний төлөвлөн бичсэнээр бүтэх болов. Гэрэл гэгээ түүний сая л анзаарч байх шиг нүд гялбуулан тусч, сайшаал магтаал, шагналт цалингийн хууль ёсны эзэн боллоо. Ажил хэргийн санал ширээг нь нураачих шахан дарж, шидэт тэмдэглэлүуд нь жинхэнэ утгаараа биелэлээ олно. Ид шид чухам юунд байгааг харин эргэцүүлж бодох зав байсангүй. Нэгэн өдөр нөгөөх шөнийн дэлгүүрийн хажуугаар өнгөрөхдөө сая л энэ бүхэн үзэгнээс болоод байгааг ойлгох шиг болов. Тэгээд жолоочоо зогсоож, шөнийн харанхуйд ганцаараа бөөвийн зогсох эмгэний дэргэд дэгдэн очлоо.

-Эмээ, эмээ. За сайн л биз дээ. Та зогссоор л байна уу? Алив, ямар нэг зарах юм байна уу гэж асуувал эмгэн түүнийг урьд өмнө нь огт харж байгаагүй мэт танихгүй нүдээр ширтсэнээ,

-Хүү минь чам шиг ганган хүнд хэрэгтэй юм надад юу байхав дээ гээд мөрөө хавчихад залуу,

-Юу ч байсан болно. Та чинь ховор сонин юмсын эзэн биз дээ гэж дуу алдаад салах шинжгүй ээрэн зогсов. Эмгэн залуугийн шавдуулан гуйхыг сонсч зогссоноо,

-За яахав, надад хэзээ ч дэлгэж байгаагүй нэг шүхэр бий. Чи авмаар байвал... гэж үгээ дуусгаагүй байтал залуу,

-Авъя аа, авъя. Хэлсэн үнээр чинь л авъя. 100 ам.доллар уу, 200 юу гэж сандран асуухад эмгэн,

-500 гэж хайхрамжгүй хариулав. Залуу үүнийг сонсоод тээнэгэлзсэн боловч, түрийвчээ гарган ирээд,

-500 доллар сугалж эмгэнд атгуулав.

Энэ өдрөөс хойш тэр аюул ослоос гайхамшигтайгаар аврагдаад байгаагаа анзаарсан юм. Хөдөө томилолтоор явж байхдаа осолдсон онгоцноос ганцаараа цоо эрүүл гарч, газар хөдлөхөд гэртээ унтаж байгаад юу болсныг ч мэдэрсэнгүй. Харин энэ аймшигт гамшгаас цөөнгүй хүн сураггүй алга болж, хэд хэдэн айл нурангид даруулжээ. Тэр ч бүү хэл, замын хөдөлгөөнд оролцож явсан автомашинууд тэр чигээрээ хар зам дээр асгарсан бензиний галд нүүрс болтлоо шатахад мань эрийн машины будаг ч халцарсангүй.

Хүмүүс гангаар бүтсэн мэт биетэй энэ эрийн аз хийморийг гайхан шагшиж, гэнэт ахиж дэвшсэн амьдралынх нь жинхэнэ од гийж байгааг анзаарсан юм. Залуу удалгүй нөгөөх эмгэнийг дахин олж очлоо. Эмгэн нөгөө л танихгүй царайлсан хэвээр түүнийг угтсан боловч, хэзээ ч хэрэглэж байгаагүй баллуурыг ердөө л зуун төгрөгөөр түүнд зарчихав. Эмгэнээс авсан бүхэн түүнд аз хийморь авчирдгийг залуу сайн мэдэх тул дээр нь 10 мянган төгрөг нэмж өгөөд баярлан харилаа.

Харамсалтай нь ид шид гэж байдаггүй гэсэн энгийн томъёог тэр хэзээ ч ойлгоогүй явсан тул оргүй зүйлд хэтэрхий итгэсэн байсан юм. Баллуурыг худалдан авснаас хойш бичиж тэмдэглэсэн бүхэн нь арчсан мэт алга болж, урьдын бүтэлгүй ертөнц рүүгээ аажимхан гулсан бууж эхэллээ. Тэр нөгөөх үзгээрээ юу ч бичиж чадахаа больжээ. Үзгийг гартаа авах мөчид л толгой нь тэр чигээрээ хоосорчих шиг болж, юу ч төлөвлөж чадахгүй болдог байлаа. Олсон бүхэн гараас нь аажимхан алдууран алга болж, хөлдүү цэвдэг агаарт урьдын адил цор ганцаар үлдэхэд хүрэв.

Тэр залуу эмгэнийг эрж хайсан уу гэж үү? Мэдээж хайлгүй яахав, эмгэн усанд хаясан чулуу мэт сураггүй алга болсон. Шөнийн дэлгүүрийнхэн тийм эмгэн хэзээ ч үүдэнд нь зогсдог байгаагүй гэж барин тавин баталснаас хойш түүнд тохиолдож байсан бүх гайхамшиг баллуурдсан мэт алга болжээ. Харин тэр мөчөөс л нөгөөх залуу жинхнээрээ амьдарч эхэлсэн юм даа.

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top