Ерөнхий сайд арматурын ҮНИЙГ БУУРУУЛАХ чиглэл өглөө

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 05 сарын 27

Нийслэл хот, орон нутагт барихаар төлөвлөсөн орон сууцны төслүүдэд шаардлагатай дэд бүтцийн санхүүжилтийг шийдэхэд Засгийн газар онцгой анхаарч байна.

Гол бараа, материалын нэг болох арматурын дэлхийн зах зээл дэх үнэ хоёр дахин нэмэгдсэн нь бүтээн байгуулалтад бэрхшээл учруулж байгааг Барилга, хот байгуулалтын яамнаас Засгийн газрын өнөөдрийн (2021.05.27) хуралдаанд танилцууллаа. 

Үүний дагуу арматурын үнийг бууруулах, тогтворжуулахтай холбоотой Ажлын хэсэг байгуулж, асуудлыг хэрхэн шийдвэрлэх тухай саналаа ирэх долоо хоногт танилцуулахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ чиглэл болгов.

Монгол Улс 2020 онд 240 мянган тонныг импортоор оруулж 12 мянган тонныг дотооддоо үйлдвэрлэсэн бол энэ оны тавдугаар сарын байдлаар 50 мянган тонн арматур оруулж, 5,000 тонныг үйлдвэрлэжээ.  Салбарын яамны мэдээллээс үзвэл энэ онд 220 мянган тн арматурын хэрэгцээ байна.

Иргэдийг орон сууцжуулах бодлогыг дэмжих цогц бодлого гаргах чиглэл өгөв

“Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд 3,995 өрх 295  тэрбум төгрөгийн ипотекийн зээл аваад байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 2.8 дахин их гэсэн үг юм.

Иргэдийг орлогод нийцсэн орон сууцаар хангах, төрийн өмчийн түрээсийн орон сууцны санг нэмэгдүүлэх зорилгоор улс, нийслэлийн төсөв, олон улсын хөгжлийн санхүүжилт, төр-хувийн хэвшлийн түншлэлээр орон сууцны найман хороолол барих төсөл хэрэгжүүлж байгаа. Ингэснээр 100 орчим мянган иргэн 28,569 айлын орон сууцанд амьдрах юм.

Засгийн газар “150 мянган айл-Орон сууц” үндэсний хөтөлбөрийг 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр баталсан. Нийслэлд 100,000 айлын орон сууц барих бөгөөд 2020 оны жилийн эцсийн өссөн дүнгээр 47,149 айлын орон сууцыг ашиглалтад оруулаад байна.

Улсын хэмжээнд 897 мянга гаруй  өрх байдаг. Нийслэлийн 411 мянга гаруй өрхийн нь 201 мянга нь инженерийн дэд бүтэц бүхий орон сууц,  бие даасан тохилог сууцанд, үлдсэн 209 мянга нь инженерийн дэд бүтэцгүй амины орон сууц болон гэрт амьдарч байна. Нийслэлийн 411 мянган өрхийн 10.3 хувь буюу 42.3 мянга нь өөрийн гэсэн сууцгүй гэсэн статистик мэдээ гарчээ.

Иргэдийг орон сууцжуулах бодлогыг дэмжих хүрээнд Ерөнхий сайд орон нутгаас гадна нийслэлийн дүүргүүдэд ажиллаж байна.  Энэ долоо хоногт Сонгинохайрхан дүүрэгт ажиллах бөгөөд тус дүүрэгт жишиг хороолол, газар чөлөөлөлт, дэд төвийн бүтээн байгуулалт үргэлжилж байна. Тухайлбал жишиг орон сууцны төсөл хэрэгжүүлж энэ намар ашиглалтад оруулна. Зарим хороонд гэхэд 120 хашааны 300 орчим айлын газрыг чөлөөлж орон сууц барьж байна. Цаашид иргэдийг орон сууцжуулах зорилтыг эрчимжүүлэх үүднээс бодлогын цогц баримт  бичиг гаргахыг Ерөнхий сайд холбогдох сайд нарт чиглэл болголоо. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(59.153.112.224) 2021 оны 05 сарын 27

0  |  0
Top