ЦАХИМ ФОРУМ: Японы зах зээлд амжилттай гарахын тулд Үнэ, Чанар, Тээвэрлэлт тогтвортой байх хэрэгтэй

2021 оны 06 сарын 29

“Монгол, Японы ЭЗТХ-ийн таван жилийн ойн  цахим форум, үзэсгэлэн 2021” арга хэмжээ зургаадугаар сарын 25-наас долоодугаар сарын 05-ны өдрүүдэд www.ExportMongolia.org цахим талбарт зохион байгуулагдаж  байгаа билээ.

Цахим форум, үзэсгэлэн өнөөдөр (2021.06.29) “Монголын Хөнгөн аж үйлдвэрийн салбарын бизнес эрхлэгчид Японы бизнес эрхлэгчидтэй хийх цахим уулзалт”-аар үргэлжилж буй юм.

Өнөөдрийн арга хэмжээнд Монгол Японы Хүний Нөөцийн Хөгжлийн төвөөс “Монгол Улсын Хөнгөн үйлдвэрийн салбарын экспортын боломж” сэдвийн хүрээнд хоёр орны бизнес эрхлэгчдэд мэдээлэл өглөө.

 

Уг төвийн үйл ажиллагааг Монголд эрхлэн явуулагч эрхмүүдийн нэг Накамура хэлэхдээ “20 жилийн хугацаанд арьс, шир, нүүрс гээд Монголын олон бүтээгдэхүүнийг Японы зах зээлд танилцуулсан. Монголын бараа, бүтээгдэхүүнийг Японы зах зээлд тогтвортой нийлүүлэхэд, анхаарах ёстой 3 зүйл бий. Үнэ, Чанар, Тээвэрлэлтийн цаг хугацаанд анхаарах шаардлагатай байдаг гэлээ.

Тогтсон чанартай зүйлийг тогтсон цагт тогтсон үнэтэйгээр хүргэж чаддаггүй нь Япон руу хийх экспорт сайн нэмэгдэж чадахгүй байгаагийн үндсэн шалтгаан гэж тэр үзэж байна. Япон руу хагас боловсруулсан бүтээгдэхүүн буюу арьс шир гаргаж байсан. Тэгэхэд чанарын хувьд нийцэж байсан ч, тогтсон цагтаа,  тогтсон үнэтэй гаргаж чадаагүй учраас бизнес болж чадаагүй гэлээ.

Тиймээс дээрх гурван зүйл дээр импортолж байгаа бизнесүүд ч анхаарах хэрэгтэй гэв. Мөн тэрбээр дээрх гурван асуудалд цогцоор нь анхаарал хандуулж, амжилттай үйл ажиллагаа явуулж буй компанийг танилцуулсан.

“Hush Tug Mongolia” компани эцсийн бүтээгдэхүүн хүртэл нь Монголдоо  үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ Японы зах зээлд амжилттай гаргаж байгаа. Сард 500 сая монгол төгрөгийн борлуулалт хийж байгаа. Үнэ,  чанар,  тээврийн асуудалдаа анхаарал хандуулсан. Японы чанарын хяналтын мэргэжилтэн Монгол дахь тус компанид ажиллаж, Японы хэрэглэгчдийн хүсэж буй чанарын дагуу бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн тус зах зээлд нийлүүлдэг гэлээ.

Япон, Монгол хоёр орны иргэдийн хүсэл, мөрөөдөлд бага зэргийн ялгаа бий. Хоёр талын тэрхүү зөрүүг олж харж,  нөхөхөд бизнес эрхлэгчид анхаарах хэрэгтэй  гэж зөвлөлөө.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Enkhbayr(66.181.179.87) 2021 оны 06 сарын 29

taalagdaj bn shuu

0  |  0
Top