ЦАХИМ ФОРУМ: Самурайн бэлэглэсэн сакура цэцэглэдэг Хамарын хийдийг танилцууллаа

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 07 сарын 01

“Монгол, Японы ЭЗТХ-ийн таван жилийн ойн  цахим форум, үзэсгэлэн 2021” арга хэмжээ зургаадугаар сарын 25-наас долоодугаар сарын 05-ны өдрүүдэд www.ExportMongolia.org цахим талбарт зохион байгуулагдаж  байгаа билээ.

Цахим форум, үзэсгэлэн өнөөдөр (2021.07.01) “Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарын бизнес эрхлэгчид Японы бизнес эрхлэгчидтэй хийх цахим уулзалт”-аар үргэлжлэн зохион байгуулагдаж байна.

 

Өнөөдрийн арга хэмжээнд Дорноговь аймгийн Хамарын хийдийн  Тусгай хамгаалалттай газрын менежер Ш.Байгалмаа оролцож, мэдээлэл  өглөө.

 

Хамарын хийд Монгол Улсын Дорноговь аймгийн Сайншанд хотоос урагшаагаа 45 км-т оршдог. 19 дүгээр зууны үеийн Монголын нэрт соён гэгээрүүлэгч, яруу найрагч, говийн догшин ноён хутагт Дулдуйтын Данзанравжаа 1820 онд 17 насандаа Өвөр хамар гэдэг газар  Хамарын хийдийг байгуулж байсныг тэрбээр мэдээллийн эхэнд онцоллоо.

Шамбалын орон, энерги авдаг газар гэж хүмүүс ярьдаг. Энерги авдаг газар бол Шамбалын орон. Шамбалын орон нь сүнс буюу оюун санаагаараа очиж чадах бурханы орныг илэрхийлдэг гэлээ.

Шамбалын орны үүд хэмээгддэг бурханы мэлмийг дүрсэлсэн хоёр хөмсөгний дунд байдаг бөөрөнхий дүрслэл бүхий хар тэмдэг байгаа. Тэрхүү зураасыг ширтээд зогсоход, зураас хөдөлж байх юм бол тухайн хүн энергитэй байна гэсэн утгыг агуулж байдаг.

Мөн Өвгөн суварга гэж байдгийг онцолсон. 1823 онд  бүтээгдсэн Өвгөн суварга 2011 онд дахин сэргээгджээ. Арвин их билэгдэл, түүхтэй Монголын хамгийн том суварга гэлээ.

Зорьж очсон хүмүүсийн хүслийг биелүүлдэг Хүслийн уул гэж бий. Мөн 108 агуу, Сакура цэцгийн хөндий гэж байдаг. Дөрөвдүгээр сарын сүүлээс тавдугаар сар гартал 14 хоногийн хугацаанд сакура цэцэглэдэг. Япон самурай хүн ноён хутагт Данзанравжаад сакура цэцэг бэлэглэснийг суулгаж, ургуулсан гэдэг түүхтэй.

Японы ханхүү шашны зөвлөхийнхөө  зөвлөсний  дагуу 2005 онд манайд  ирж, Хүслийн ууланд мөргөж, удам залгах хүүтэй болох хүслээ шивнэж байсан. Улмаар 2006 оны есдүгээр сарын 6-нд  удам залгах хүү нь төрсөн байдаг хэмээн  Японы бизнес эрхлэгчдэд танилцууллаа. Хамтран ажиллах, төсөл хэрэгжүүлэх бизнес эрхлэгчид байвал хамтран ажиллахад нээлттэй гэлээ. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Juulchin(202.126.89.29) 2021 оны 07 сарын 04

Хамрын хийдийг төлөөлж дандаа энэ Авгай явах юм. Яг хамрын хийддээ хэлдэггүй юм байналээ шүү дээ. Аймаг, орон нутгаараа явдаг юм байналээ. Хамрын хийдийн тусгай хамгаалалттай газрын захиргааг нь Хамрын хийдэд нь өгвөл таарна.

0  |  0
Зочин(203.91.115.55) 2021 оны 07 сарын 02

Сурталчилгаа ч мундаг байна. Хүч нь ялимгүй ихдээд, арай жаахан хязгаараас давж байна уу гүй юу. Болгоомжтой ярихгүй бол эргээд асуудалд орох вий.

1  |  0
Top