"5:9 хөтөлбөр халдварын эрсдэлийг 4 дахин бууруулна"

Автор | Zindaa.mn
2021 оны 08 сарын 11

Боловсролын салбар цар тахлын улмаас хоёр жил цахимаар сургалтаа явуулсан. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын сургалтын чанар, нийгэмшил, төлөвшил хүмүүжилд өнгөрсөн хоёр жил сайн, муу олон өөрчлөлт өгсөн гэхэд хилсдэхгүй. Намрын улирал эхэлж найман сар гараад ирэхээр 2021-2022 оны хичээлийн жилийг хэрхэн явуулах тухай асуудал урган гарч ирэв.

Хичээлийг танхим, цахимаар хосолсон байдлаар явуулах шийдвэр гарсан тухай өчигдөр Боловсролын яамнаас мэдээллээ. Ковидын халдвар бүртгэгдсэнээс хойш нийт 627 сургууль, цэцэрлэг, дотуур байрыг тусгаарлах, дархлаажуулах, шинжилгээ авах, эмнэлгийн зориулалтаар ашиглаж байна. Танхимаар хичээллэх шийдвэр гарснаас хойш аймаг, орон нутгийн Онцгой комиссууд, боловсролын байгууллагууд танхим байруудыг чөлөөлж, халдваргүйжүүлэх ажлыг хийж эхэлжээ. 12-оос дээш насны сурагчдыг вакцинд хамрагдсан эсэхээс үл шалтгаалж танхимын сургуульд орох эрхийг нь зөрчихгүй бөгөөд эцэг, эхчүүд хүүхдээ зайнаас сургахыг хүсвэл нээлттэй гэдгийг онцоллоо.

НЭГДҮГЭЭР АНГИД ЭЛСЭГЧДИЙГ ЭНЭ САРЫН 16-НААС ЦАХИМААР БҮРТГЭЖ ЭХЭЛНЭ

Нэгдүгээр ангид элсэгчдийн бүртгэл энэ сарын 16-25-ны хооронд хийгдэх бөгөөд тус бүртгэлийг орон даяар цахимаар авна. Наймдугаар сарын 16 хүртэл зургаан настнуудыг хаягийнх нь дагуу харьяа сургуульд нь хуваарилж, 26-наас анги бүлэгт хуваах ажээ. Энэ жилийн тухайд 80628 хүүхэд нэгдүгээр ангид элсэхээс 40330 нь нийслэлд, 40298 нь орон нутагт байгаа юм байна. Зургаан настнуудаа бүртгүүлж буй эцэг, эхчүүдэд зөвлөхөд Parent.edu.mn сайтад хандаад “элсэлт хэсэг”-т хүүхдийнхээ регистрийн дугаарыг хийнэ. Ийнхүү цахим бүртгэлийн систем нэвтрүүлснээр хамран сургах тойргийн бус хүүхэд авлаа гэх мэт хардлагаас ангид байж, бүртгэлийг аль болох шударга, шуурхай явуулах боломж бүрдэх юм. Боловсролын яамны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир “Цахимаар бүртгүүлснээр сургууль дээр  очиж бөөгнөрөл үүсэхээс сэргийлж байгаа юм. Хэрэв хүүхдээ цахимаар бүртгүүлэх боломжгүй нөхцөлд харьяа сургууль дээр нь очиж бүртгэлийн ажилтанд бүртгүүлэх боломжтой” гэдгийг нэмж хэллээ. Уг систем ачаалал даана гэж тооцоолж байгаагаа тус яамныхан илэрхийлж байв.  Ташрамд дурдахад эцэг эхчүүд, малчид хөдөлмөрчид хүүхдээ зургаан настайд нь сургуульд элсүүлэх боломжгүй, хүсэлгүй байвал долоон насанд нь элсүүлж болно гэж байсан юм.

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИУД 5:9 ХӨТӨЛБӨРӨӨР ХИЧЭЭЛЛЭНЭ

Үүнээс гадна 5:9 буюу таван өдөр хичээллээд есөн өдөр гэртээ цахимаар хичээллэх хөтөлбөр нь халдварын эрсдэлийг хоёр дахин бууруулах боломжийг бүрдүүлэх аж. Жишээлэхэд нэг сургуулийн 3000 хүүхдийг хоёр хувааж, 1500 хүүхдийг өглөө, өдрийн ээлжинд оруулахаар хоёр хуваах аж. Энэ нь халдварын эрсдэлийг дөрөв дахин бууруулах ач холбогдолтой гэдгийг албаныхан тайлбарлав. Энэ хуваарь нь энэ хичээлийн жилийг дуустал үргэлжилнэ гэсэн үг биш бөгөөд халдварын нөхцөл байдлаас шалтгаалж өөрчлөлт хийх боломжтой аж. Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир “5:9 хөтөлбөрийг Эрүүл мэндийн яам, эрдэмтдийн судалгаа шинжилгээний үр дүнд гаргасан. Ард иргэдийн зүгээс ковид нэг долоо хоног тархаад, нэг долоо хоног амардаг юм уу гэсэн шүүмжлэл гараад байна. Олон улсын эрдэмтдийн судалгааг ч үндэслэсэн юм шүү” гэлээ. Мөн түүнчлэн нэг ангид суралцах хүүхдийн тоог цөөрүүлж, зайг баримтлуулж, орох гарах гарцыг бөөгнөрөл үүсгэхгүй байхаар зохицуулж сургуулиудын аваарын гарцыг нэмжээ.

ЕБС-ИЙН ТӨЛӨӨЛӨЛ ЦАХИМ ДЭЛГҮҮРЭЭС СУРАХ БИЧГЭЭ ЗАХИАЛЖ АВНА

Жилийн жилд сурах бичгийн асуудал яригддаг. Тэгвэл ойрын гурван жилдээ сурах бичгийн тендер зарлахгүй гэж тооцоолж байгаа аж. Учир нь  ерөнхий боловсролын сургуулийн сурах бичиг цахим дэлгүүрт байршсан ба тухайн сургуулийн төлөөлөл цахим дэлгүүрээс захиалаад авах боломжтой аж. Мөн ч түүнчлэн сургуулиудад үдийн цай, үдийн хоол хөтөлбөр шинэчлэгдэнэ гэдгийг дуулгалаа. Ковид цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор дэлхийн улс орнууд хүүхдүүдийн хоол шим тэжээлийн алдагдал дээр анхаарч ажиллахыг уриалсан. Тэднийг амин дэмтэй, шим тэжээлтэй хоолоор хангах нь дархлааг нэмэгдүүлж, сурлагын чанарт нөлөөлнө гэдгийг эрдэмтэд ярьдаг. Хамгийн гол нь үдийн цай хоолны үед хүүхдийг халдвараас сэргийлж өөрийн гэсэн аяга, халбагатай байхыг заншил болгож, гараа угаах, зай барих, агаар сэлгэлт хийх нарийн зохион байгуулалтыг  тухайн сургуулийн захиргаа шаардлага тавьж ажиллах аж. Эцэг эхчүүдийн хувьд анхаардаг гол асуудал бол сурагчдын дүрэмт хувцас байдаг. Чанар, хийцээсээ шалтгаалж янз бүрийн үнэтэй байдаг ч багагүй мөнгийг халааснаас нь “сэгсэрдэг”. Тийм ч учраас зарим эцэг эхчүүд сурагчийн дүрэмт хувцас өмсөхгүй байх санал гаргаад байгаа. Тэгвэл албаныхан дүрэмт хувцас өмсгөх нь хүүхэд бүр тэгш эрх эдэлж байгаагийн нэг хэлбэр гэж албаныхан тайлбарлалаа. Өөрөөр хэлбэл дүрэмт хувцас өмсөхгүй бол нэг хүүхэд таван өдөр таван өөр хувцас өмсөж байхад нөгөө хүүхэд нь таван өдөр нэг хувцас өмссөнөөс болоод ялгаварлан гадуурхалт өртөх, сурах идэвхид нь нөлөөлөх, эрх нь зөрчигдөх асуудал үүсэх магадлалтай юм гэлээ.

ЦЭЦЭРЛЭГТ ЭХНИЙ ЭЭЛЖИНД 2-3 НАСТАЙ ХҮҮХДИЙГ АВАХГҮЙ

Эхний ээлжинд цэцэрлэгүүд хоёр, гурван настай хүүхдийг авахгүйгээр шийдвэрлээд байгаа аж. Цаашид халдварын нөхцөл байдал болон томуугийн вакцинд хамрагдсан байдлаас хамаарч дараагийн шийдвэрийг гаргах аж. Учир нь арав, арваннэгдүгээр сард улирлын томуугийн үед халдвар тархах өндөр эрсдэлтэй  байдаг. Томуугийн дэгдэлт буурсны дараа дараагийн ээлжинд хоёр, гурван настай хүүхдүүдийг бүртгэж авах талаар шийдвэр гаргах юм байна. Харин  дөрөв, таван настай хүүхдийг цэцэрлэгт авах бөгөөд таван настай хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах зорилт тавьж байна. Дөрвөн настай хүүхэд тань өмнө нь цэцэрлэгт яваагүй бол энэ удаад цэцэрлэгт хүлээж авахгүй байх чиглэл барьж байгаа ажээ. Таван настай хүүхдийг цэцэрлэгт бүрэн хамруулж байгаа нь дараа жил сургуульд хамрагдах учраас эзэмшвэл зохих мэдлэг, дадлыг заавал олгох ёстой гэсэн зорилт тавин ажиллаж байна гэж албаныхан мэдээллээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(202.9.46.208) 2021 оны 08 сарын 11

Anhnii huvilbar koronagasa delta,delta chin tes ondoo.amerikiin ali mujiin bailaadaa :seheend orj bga 3 hyn tutmiin 1 ni hyyhed bna.seheenees garaad shiljih palat bhgyi achaalal diilehgyi bn geed hed honogiin umnu DW medeelleer garch bnlee. Tom hyn geltgyi hyyhed ch yldets urshigaar ni ih hohirch bndaa.hyyhed shinj temdeggyi hungun tusaad l boloo gaigyi dee geed ih endyyrch bna gej harj bna.amerikt sudalgaa garchee,hevteed edged garaad 6sariin daraa amisgal dutagdal medreliin zoviur ihtei emnelegt handaj hevtej bn,nas baralt ch neleedgyi bn gej..muhai haniad yuma nere

0  |  0
unen(103.229.121.218) 2021 оны 08 сарын 11

2 3 настай жоохон хүүхэд хүртэл хэлд орцон короно гэж арзгар юмтай гээд мэдэж бгаа биздээ томчууд нь хүүхдээсээ дор ухамср 00

0  |  0
Unen(103.229.121.218) 2021 оны 08 сарын 11

сая гэхэд хүүхдүүд томчуудыг бодвол хурдан чирэгдэл оочер багатай вакцинаа тариулж бгаа харагдсан томчууд нь оочерлоод удаан эмч нар нь томчууддаа удаан үйлчлээд тариад бсануу эсвл томчууд нь чирэгдэл учрууож оочер дараа үүсгэсэн үү бү мэд

0  |  0
unen(103.229.121.218) 2021 оны 08 сарын 11

том юм ойлгох насны хүүхдүүд зай барина маск зүүнэ шдээ хүүхдүүд чинь томчуудаас ухамсартай шүү юм хэлхээр ойлгоно хүлээж авах нь хурдан томчууд нь гадуур зай барихгүй маск зүүхгүй яваад бна шүү

0  |  0
Зочин(202.21.107.86) 2021 оны 08 сарын 11

За, ёстой мэдэхгүй. Ард түмэн айж л байна. Хүүхдүүд амны хаалтаа зүүнэ гэж ч юу байхав, зайгаа барина ч гэж байхгүй. Хүн амын 5-10 хувьд нь Дельта вирус тархсан гээд байгаа. Халдварын тоо хэд хүрэхээр 5:9 хөтөлбөр нь зогсох юм бол доо.

1  |  1
Top