Хүний эрхийн зөрчилд хүргэж байгаа хууль дахь “ХОЁР ҮГ”

Админ | Zindaa.mn
2021 оны 08 сарын 12

АСУУДЛЫН АГУУЛГА

Хэвлэл, мэдээллийн хэрэгслээр, хэн нэгэнд холбогдох эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр шүүхээс прокурор буцаасан гэдэг мэдээлэл байнга л гарч байдаг. Өөрт нь тохиолдож байгаа асуудал биш болохоор хүмүүс төдийлөн ач холбогдол өгөхгүй өнгөрдөг. Харин хэргийг шүүх хуралдаанаас прокурорт ийнхүү буцааж байгаа нь Үндсэн хуульд заасан хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх, шударга шүүхээр шүүлгэх, халдашгүй чөлөөтэй байх хүний эрхийг ноцтой зөрчсөн зөрчил болж байгаа гэдгийг хүмүүс ойлгоосой гэж би үүнийг өгүүлэв. 

 

Одоогийн хууль, түүний өөрчлөлт: АЛХАМ УРАГШ, ХОЁР АЛХАМ ХОЙШ

Улсын Их хурлаас 2001 онд баталсан хуучин Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315. 1.2, 317, 352 дугаар зүйлд, эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаас прокурорт буцаах тухай заалт байсан. Энэ заалтыг Улсын Их Хурал  2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр баталсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай шинэчилсэн хуулиар хасаж, энэ Хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт “Анхан шатны болон давж заалдах шатны шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн бол тухайн шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эсвэл зарим хэсгийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаана” гэж журамласан байна. Өөрөөр хэлбэл, энд хэргийг зөвхөн шүүхэд буцаах боломжтой байхаар заасан байна. Харин харамсалтай нь, Хууль хэрэгжиж эхэлснээс хойш, ердөө 1 жил 9 сарын дараа 2019 онд, ЭХХШТ Хуулинд өөрчлөлт оруулж, 2001 оны хуучин Хуулийн хэрэг буцаах энэхүү заалтыг шинэ Хуулинд дахин оруулсан ажээ. Би 1982 оноос шүүгч, прокурор, өмгөөлөгчөөр 30 гаруй жил ажиллаж байгаа болохоор энэ Хуулийн өөрчлөлтийн түүхийг сайн мэдэх юм. Улсын Их Хурал 2019 оны 04 сарын 25-ны өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 40.8 дугаар зүйлийн “Хяналтын шатны шүүхийн шийдвэр” хэсгийн 1.3-т өөрчлөлт оруулж,  “...шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эсвэл зарим хэсгийг хүчингүй болгож хэргийг...” гэсний дараа “... прокурорт, эсвэл” гэсэн хоёр үг, таслал нэмсэн байна. Одоо энэ Хууль нь “анхан шатны болон давж заалдах шатны шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн бол тухайн шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эсвэл зарим хэсгийг хүчингүй болгож хэргийг прокурорт, эсвэл дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаана” гэсэн заалттай болсон байна. Иймээс, Дээд шүүх хэргийг шүүхээс гадна, бас прокурорт буцаах боломжтой болжээ. УИХ-ын эргэж буцсан энэ мунгинасан ажиллагаа нь “их багш Ленин”-ы “алхам урагш, хоёр алхам хойш” гэдэг коммунизмийн үеийн их сургаалыг санагдуулна. Нөгөө талаар Улсын Их Хурал энэ хуулийн өөрчлөлтийг батлан гаргахдаа, Хууль тогтоомжийн тухай хуулийг зөрчсөн зөрчил гаргасныг хэлэхгүй өнгөрөх боломжгүй юм. Хуульд “анхан шатны болон давж заалдах шатны шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн бол...” гэж шүүхийн өөрийн нь алдаатай үйл ажиллагаа нь шүүхээс буруу шийдвэр гаргахад хүргэсэн байх тодорхой нөхцлийг дурдсан атлаа, “...хэргийг прокурорт ... буцаана” гэж заасан нь буруу болжээ. Өөрөөр хэлбэл, шүүх журмаа зөрчиж, шүүх алдаатай шийдвэр гаргасан байхад, хэргийг прокурорт буцаахаар Улсын Их Хурлаас хуульчлан тогтоосон байна. Хуулийн өөрчлөлтийн энэ томьёолол нь өөрөө дотроо зөрчилтэй, логикийн хувьд алдаатай болж, Хууль тогтоомжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 1.5-ын “Хуулийн .... зүйл, хэсэг, заалт нь хоорондоо зөрчилгүй байх” гэсэн шаардлыг зөрчсөн байна. Прокурор нь шүүгчийн гаргасан алдааны золиос болж, хариуцлага үүрэх ёсгүй юм. Түүнчлэн, нэгэнт Хуульд заасныг баримтлан гаргасан Дээд шүүхийн хэрэг буцаах шийдвэрийг хэрэгжүүлж байгаа прокурорыг энд буруутгах үндэслэлгүй байна.

 

ҮНДСЭН ХУУЛИЙН ЗААЛТ

Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13-т “иргэд халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж заасан байгаа. Түүнчлэн, Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 1-д “Хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэж заажээ. Олон улсын жишгээр, шүүх хуралдааны талууд, төрийг төлөөлж байгаа прокурор болон жир иргэн хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна гэсэн ойлголттой байдаг. Иймээс, төрийг төлөөлж байгаа прокурор, иргэн хүнээс давуу эрх эдлэхгүй байх юм. Нөгөө талаар, Үндсэн хуулийн 49 дүгээр зүйлийн 1-д “Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана” гэж заасан тул шүүгч нь, шүүх хуралдааны талуудын нөлөөнд автахгүй, хараат бус байх үүрэгтэй байна.           

 

ХЭРЭГ БУЦААЖ БАЙГАА ЖИШЭЭ

Эрүүгийн хэрэг буцаах ажиллагааг хүмүүст ойлгомжтой болгохын тулд хэвлэл мэдээллийн хэрэгсэлд дурдсан зарим хэргийн талаар товч дурдья. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх С.Баярцогт нарын  хэргийг 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцээд, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг давтан үйлдсэн, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн зэрэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2002  оны Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2, 2015 оны Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 2.3, 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, нийт 10 жил хорих ял оногдуулж шийдвэрлэжээ. Нийслэлийн шүүх, Улсын Дээд шүүх хэргийн хянаж тогтоолд зарим өөрчлөлт оруулжээ. Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдаанаар С.Баярцогт нарын хэргийг 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хянан хэлэлцээд, С.Баярцогтод холбогдох хэргийг тусгаарлан мөрдөн байцаалтад буцааж шийдвэрлэжээ (Эх сурвалж: С.Баярцогт нарт холбогдох хэргийг хянан хэлэлцлээ (supremecourt.mn)). Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүх, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа албаны байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, түүнд зургаан жил хорих ял оногдуулж, нийтийн албанд томилогдох эрхийг зургаан жилээр хасах ял оногдуулж, шийдвэрлэснийг Улсын Дээд шүүх хянаад, 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 43 дугаар тогтоолоор шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг мөн л прокурорт буцаасан байна (Эх сурвалж: Монгол Улсын Шүүхийн шийдвэрийн цахим сан (shuukh.mn)). Дээд шүүхийн хууль хэрэглэх эль ажиллагаа, эдгээр тодорхой хэргийн жишээтэй холбогдуулан, энд нэг зүйлийг онцолж хэлмээр санагдана. Өмнө дурдсанчлан, УИХ, хэрэг буцаах тухай өөрчлөлтийг 2019 онд Хуулинд нэмж оруулсан байгаа. Хэрэв гишүүд энэ өөрчлөлтийг дэмжээгүй бол тийм заалтыг Хуулинд оруулахгүй байх боломжтой байсан. Хуулинд нэгэнт, хэрэг буцаах өөрчлөлт оруулаагүй тийм эрх зүйн орчинд, Дээд шүүх 2021 онд эдгээр хэргийг хянаад дахин шалгуулахаар прокурорт буцаах биш, харин тухайан шүүгдэгч нарын гэм буруутай байдал хангалттай нотлогдож, тогтоогдоогүй гэсэн дүгнэлт хийж, хэргийг хэрэгсэхгүй болгох ганцхан боломжтой байх байсан байна. УИХ-аас баталж байгаа хуулийн хэрэгжилтийн байдал, хүмүүсийн өдөр дутмын амьдралд тэдгээр хууль нь хэрхэн сөргөөр үйлчилж байгааг жишиг болгон авч үзвэл нэг ийм дүр төрх харагдах юм.

 

ХҮНИЙ ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ЗӨРЧИЛ

Дээд шүүхийн дээр дурдсан шийдвэрүүдийн дараа, “Энэ хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон олон хуульчид чухам ямар шалтгаанаас ийм ноцтой буруу шийдвэр гаргасан бэ? Түүний хариуцлагыг хэн хүлээх вэ? Яагаад заавал Дээд шүүх хүрч байж ийм шийдвэр гаргахад хүрэв?” гэсэн асуултууд энд эрхгүй гарна. Хэвлэл, мэдээллийн хэрэгсэлд бичдэг шиг, тэд “улс төрийн захиалга”-аар хэргийг шийдвэрлэсэн байж болно. Эсвэл тухайн эрүүгийн хэргүүдийг мөрдөх, хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон мөрдөгч, прокурор, шүүгч нар  бүгдээрээ л мэргэжлийн ур чадвар муу, хэргийг зөв шийдвэрлэж чаддаггүй, шүүх, прокурорын байгууллагын ажилд тэнцэхгүй хүмүүс болж таарах юм. Үүнийг өгүүлэн, эс өгүүлэн, эдгээр хэргийн дараагийн шилжилт хөдөлгөөнийг харьяа. Эрүүгийн хэргийг прокурорт буцааснаар асуудал дуусгавар болохгүй юм. Миний хэлээд байгаа гол асуудал чухам энд л байгаа юм. Хэргийг прокурорт буцааж байгаа үйл ажиллагаа нь Хуулийн дагуу явагдаж байгаа мэт харагдах  боловч, хэргийг прокурорт буцааснаар мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж, яллагдагчид цагдан хорих, эсвэл өөр бусад таслан сэргийлэх арга хэмжээ авснаар, тэрээр ажил, амьдралаа үрж, хуулийн байгууллагын хараа хяналтад байсаар байх тул, тухайн иргэний Үндсэн хуульд заасан халдашгүй, чөлөөтэй байх эрх нь зөрчигдсөөр л байх юм. Ийнхүү, нөгөөх мөрдөх, яллах, шүүх бүхий л ажиллагаа дахиад л шинээр эхэлж, яван явсаар Дээд шүүх дээр очоод хэргийн тогтоол хүчингүй болвол мөн энэ процесс ажиллагаа 2 дахь удаагаа үргэлжилж,  давтагдах болно. Гэмт хэрэгт холбогдсон хүнийг шоронд явуулах хүртэл хэргийг буцаадаг, мөрддөг энэ ажиллагааг нэгэнт хуульчлан тогтоож өгсөн болохоор энэ нь хэзээ ч дуусгавар болохгүй, “чөтгөрийн тойрог” гэдэг шиг эцэс төгсгөлгүй үргэлжилжсээр л байх боломжтой байна. Дээд шүүх,  прокурорт хэргийг дахин шалгах давуу эрх олгож байгаа хэрэг буцаах ажиллагаа нь жир иргэн хүний эрхийг хохироож байгаа асуудал юм. Эрүүгийн хэргийг прокурорт буцаахдаа, шүүх ямар алдаа зөрчил байгааг хэлж, чухам ямар мөрдөн шалгах ажиллагаа хийх, ямар нөхцөл байдлыг нотлох, тогтоох аргыг нь тодорхой зааж, хэлж өгч байна. Жишээлбэл, Дээд шүүх Ж. Эрдэнэбатын хэргийн талаарх тогтоолдоо “Түүнчлэн Ж.Э  нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа хэрхэн урвуулан ашиглаж Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 256 тогтоолоор “Э.О ” ХХК-нд нөхөх олговор хэлбэрээр олгогдсон “Улаан сайр 2” гэх хайгуулын тусгай зөвшөөрлийг өөртөө болон өөрийн дүүгийн хамаарал бүхий “Х.И” ХХК-нд олгож давуу байдал бий болгосон, тийнхүү шилжүүлж авахдаа ямар хууль тогтоомж зөрчин, хэнтэй, хэрхэн яаж хамтран үйлдсэн, 2017 оны 256 тогтоолоор “Э.О ” ХХК-нд нөхөх олговор олгосон ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбай нь стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаарч байсан эсэх, ямар үндэслэл, баримтаар гэмт хэрэгт тооцсон, түүнчлэн албан тушаалын байдлаа хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийсэн өөр бусад ямар үйлдлүүдийг тус гэмт хэргийн шинжид хэрхэн, яаж, ямар нотлох баримтын хүрээнд хамааруулж байгаагаа мөрдөн байцаалтаар бүрэн гүйцэд нотлоогүй, мөрдөн шалгах, хянах ажиллагаа хуулийн дагуу бүрэн хийгдээгүй байгааг шүүх нөхөх гүйцэтгэх боломжгүй гэж үзлээ” гэсэн дүгнэлт хийсэн байгааг, Дээд шүүхээс хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаар прокурорт өгч байгаа заавар, зөвлөмж гэж үзэхээс өөр аргагүй юм. Эндээс харвал, шүүх нь яллах талд зааварчилгаа өгч, прокурорын хавсралт болж, иргэнийг яллах прокурорын ажиллагаанд дэмжлэг үзүүлж байна гэж ойлгогдох юм. Иймээс, шүүхийн хэрэг буцаах энэ ажиллагаа нь Үндсэн хуульд заасан шүүхийн бие даасан байдал, шүүгчийн хараат бус байдлыг алдагдуулж, шүүхийг прокурорын нөлөөнд оруулж, хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх, шударга шүүхээр шүүлгэх иргэн хүний эрхийг хохироож байна. Хэргийг буцаахын оронд, шүүх хэргийг бие даан хэрэгсэхгүй болгох боломж байгаа юу гэвэл тийм боломж дүүрэн байна, гэм буруутай нь нотлогдохгүй бол хэргийг хэрэгсэхгүй болгох тухай ЭХХШТ хуулийн заалт байгаа, харин Дээд шүүх түүнийг тун цөөхөн тохиолдолд хэрэглэжээ.  Дээд шүүхийн цахим хуудсанд дурдснаар, хэрэгсэхгүй болгосон хэрэг 2,3 хувьтай байхад, прокурорт буцаасан хэрэг 6,1-тай хувьтай байна. Өмнө дурдснаар, Улсын Дээд шүүх С. Баярцогтын хэргийн талаарх тогтоолдоо, “хяналтын шатны шүүх яллах дүгнэлтийн хүрээнээс хальж шийдвэр гаргасан бөгөөд прокурор, шүүх хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийхдээ 2002 оны Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйл, 2015 оны Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйл болон 18.8 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийн аль нь тогтоогдсон болохыг зааглан тогтоож, дүгнэлт хийж чадаагүй, үүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй,  дээрх өрсөлдөх хэм хэмжээний ялгаатай шинж, гэмт хэргийн нөхцөл байдлыг шалгаж, тодорхойлж тогтоогоогүй зөрчил нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн” гэсэн дүгнэлт хийсэн байна. Харин, Ж. Эрдэнэбатын хэргийн талаарх тогтоолдоо, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг тус бүрт нотолбол зохих байдлуудыг эргэлзээгүй бөгөөд хангалттай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу нотолж тогтоогоогүй ... анхан болон давж заалдах шатны шүүхээс хэргийн талаар хийсэн дүгнэлтийг хэт явцуу, үйл баримтыг бүхэлд нь дүгнэж чадаагүй, мөрдөн байцаалт, прокурорын хяналтын шатанд гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлийг нарийвчлан тогтоогоогүй гэж үзэж уг зөрчлүүдийг тус шүүх хуралдаанаар нөхөх гүйцэтгэх хууль зүйн боломжгүй гэж дүгнэв” гэж тэмдэглэжээ. Өөрөөр хэлбэл, Дээд шүүх нь, анхан шат болон давах шүүх алдаа, зөрчил гаргасан, шүүгдэгч нарын гэм буруутай байдал бүрэн дүүрэн нотлогдоогүй талаар дүгнэлт хийсэн боловч хэргийг хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргаагүй байна. Ж. Эрдэнэбатын хэргийн хувьд, харин ч бүр эсэргээр, “...тогтоогдоогүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд энэхүү үүргээ мөрдөгч, прокурор бүрэн хэрэгжүүлсний эцэст хэргийг шүүхэд шилжүүлэх, шүүх шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх нь хууль ёсны зарчимд нийцнэ” гэсэн дүгнэлт хийж, хоёр хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэжээ. Энэ тогтоолыг харвал, “Нотлоод, тогтоогоод ирүүлвэл шүүх шийдвэрлэнэ” гэж Дээд шүүх хэлээд байна гэж л ойлгогдох юм. Шүүхээс хэргийг буцаах боломжийг Хуулиар нэгэнт ингэж тогтоож өгсөн болохоор, хэл ам ихтэй “дуулиант” хэргийг хэрэгсэхгүй болгох, цагаатгах асуудлаас шүүгч нар зайлсхийж, тэр боломжийг авч хэлэлцэхгүй байна. Тэд ухамсар, сэтгэлгээний чадвар сул, сэтгэлийн тэнхээгүй болохоор зоригтой шийдвэр гаргаж чадахгүй асуудлыг өөрөөсөө зайлуулж, хариуцлагаас хялбархан зайлсхийх боломж нөхцлийг хайж, хэргийг прокурорт буцаах аргыг л сонгож байгаа нь үнэхээр “Монголын эмгэнэл” гэлтэй...  Асуудлыг том зургаар нь харвал, энэ нь иргэнээ яллах талаар төрөөс баримталж байгаа бодлого гэж дүгнэж хэлмээр санагдана. Төр энэхүү бодлого байр сууриа ЭХХШТ хуулиар дамжуулан “хэргийг прокурорт буцааж, дахин мөрдөн шалгах” хэлбэрээр илэрхийлж, түүнийг нь шүүх биелүүлж, яллах талыг баримталсан бодлогыг хэрэгжүүлж байгаа ажиллагаа мөн гэж харагдаж байна. 

 

ЗАРИМ УЛС, ОРНЫ ЖИШИГ

Хүний эрхийн талаарх олон улсын гэрээний заалт, бусад ардчилсан улс орны шүүхийн жишгээс харахад хэргийг шүүхээс прокурорт буцаах ажиллагааг хуулиар зөвшөөрөгддөггүй байна. Тухайлбал, Монгол Улсын нэгдэн орсон хүний эрхийн талаарх гол гэрээний нэг болох НҮБ-ын Иргэний болон улс төрийн эрхийн талаарх олон улсын конвенцийн 14 дүгээр зүйлийн 7-д “Нэгэнт шийтгэгдсэн, эсхүл, цагаатгагдсан хэргийн төлөө хэнийг дахин шүүхээр оруулж, ял шийтгэл оногдуулж болохгүй” гэж заажээ. Монгол Улсын Эрүүгийн хуульд “Шударга ёсны зарчим”-ын тухай дурдсан 1.3 дугаар зүйлийн 5-д “Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна” гэж заасан байна. Харин, АНУ-ын Үндсэн хуулийн 5 дахь Нэмэлт өөрчлөлтөд “нэг хэргийн төлөө хоёр удаа шийтгэхийг хориглоно” гэж заажээ. Үндсэн хуулийн энэ заалтыг Америкийн Дээд шүүх тодорхой эрүүгийн хэрэг шийдвэрлэсэн тогтоолоороо тайлбарлаж, шүүх хуралдаанаас эрүүгийн хэргийг прокурорт буцаах ажиллагаа нь “нэг хэргийн төлөө хоёр удаа шийтгэхийг хориглоно” гэсэн Үндсэн хуулийн заалтыг зөрчинө гэж үзээд, хориглож, харин хэргийг зөвхөн шүүхэд буцааж байхаар жишиг тогтоосон байна. Түүгээр ч зогсохгүй  эрүүгийн хэргийг шүүх хэрэгсэхгүй болгосон тохиолдолд прокурор эсэргүүцэл бичиж, давах шүүхээр хянуулах ажиллагааг ч бүхэлд нь хориглосон байна. Иймд, Монгол Улсын Дээд шүүхийн хуралдаанаас хэргийг прокурорт буцааж байгаа үйл ажиллагаа нь дээр дурдсан олон улсын гэрээ, бусад ардчилсан улс орны шүүхийн жишигт нийцээгүй гэж үзэж байна.     

 

ХАР, ЦАГААНЫГ ТҮҮХ ДЭНСЛЭНЭ

Энэ асуудлыг би нэг бус удаа хөндөж тавьж байгаа юм. Олон жилийн өмнө, 1998 онд, Дээд шүүхийн шүүгчийн албыг хашиж байх үедээ, тэр үеийн  “Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн “Шүүх эрүүгийн хэргийг прокурорт буцааж, нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэх тухай Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн заалт нь хүний эрхийг ноцтой зөрчиж байна” гэж Үндсэн хуулийн цэцэд би иргэн хүний хувиар мэдээлэл хүргүүлж байсан юм. Гэвч, Цэц “Хуулийн тухайн заалт нь Үндсэн хуулийг зөрчөөгүй байна” гэсэн дүгнэлт хийж, миний хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж байлаа. Харин 2017 онд,  “шүүх хуралдаанаас хэргийг прокурорт буцаах” яг тэр заалтыг УИХ  хасаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль гаргасан нь, Цэц дээр миний хэлээд байсан зүйл зөв байсан гэдгийг баталж өгсөн юм. Хар цагааныг түүх дэнсэлнэ гэдэг энэ болов уу гэж би бодож байлаа. Тэр үед, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн энэхүү шинэ заалтыг би ихэд дэмжиж, 2017 оны 6 дугаар сарын 9-ны өдөр англи хэл дээр бичсэн “Шүүх хуралдаанаас хэрэг буцаахгүй болжээ” гэсэн өгүүлэлдээ “Шинэ зүйлийг хүлээж авч хэрэгжүүлэхэд үргэлж хүнд байдаг. Гэсэн хэдий ч, шүүх хуралдаанаас хэргийг прокурорт буцаах ажиллагааг хязгаарласан хуулийг УИХ нэгэнт баталсан тул, хуульчид хэрэгжүүлэх л үүрэгтэй байх юм. Хэрхэн хэрэгжихийг 2017 оны 7 сарын 1-ний өдрөөс хойш бид харах болно” гэж бичиж байлаа. Харин, Улсын Их Хурал өөрийн баталсан хуульдаа яаран өөрчлөлт оруулж, хүний эрх зөрчсөн хуучин тогтолцоо руу ухарч буцах юм гэж би огт санасангүй.  УИХ, Хуульд дээрх  өөрчлөлтийг оруулсны дараа би бас дахиад л энэ асуудлыг сануулахыг оролдов. “Шүүхийн шинэтгэл” гэж хааяа нэг дуугарч, заримдаа ч бас гайгүй үнэн үг хэлдэг, Улсын Их Хурлын хуульч гишүүнд хандаж, туслахаар нь дамжуулж утсаар үг дайж, энэ асуудлыг хөндөж, тун тодорхой санал хэлсэн юм, харин ойлгоогүй юм уу, тоогоогүй юм уу, тэрээр таг чимээгүй болж жил, сар өнгөрчээ. Гэхдээ би өнөөдрийг хүртэл бичсээр л сууна. Иргэн хүн өөрөө санаачлага гаргаж, хуулинд өөрчлөлт оруулахаар санал бодлоо хэлж, сонгосон УИХ гишүүдээрээ дамжуулан, иргэнээ эрх, ашгаа хамгаалах ажил хийхгүй бол Үндсэн хуулинд заасан хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн үйл ажиллагаа үргэлжилсээр л байх болно гэж би боддог юм. 

 

ГАРЦ, ШИЙДЭЛ

Эрүүгийн хэргийг буцаах тухай Хуулийн энэ заалтыг өөрчлөх нь, УИХ, шүүх, прокурор, хуулийн бусад байгууллагын оролцоо шаардсан, шийдвэрлэхэд амар бус асуудал гэдгийг үгүйсгэх аргагүй юм. Гэсэн хэдий ч энэ асуудлыг хялбар дөхөм байдлаар шийдвэрлэж болох хуулийн боломж, гарц байгаа санагдана. Улсын Их Хурлаас, ЭХХШТ хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт,  2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн Хуулиар оруулсан яг тухайн өөрчлөлтөө хүчингүй болгоход “...прокурор, эсвэл...” гэсэн хоёр үг, таслал хасагдаж, 2017 оны 7 сарын 1-ний өдрөөс үйлчилсэн ЭХХШТ хуулийн заалт хэвээр үлдэх юм. Энэ тохиолдолд, Дээд шүүх эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаас прокурорт буцаах эрхгүй болох юм. ЭХХШТ хуульд нэг мөр, том өөрчлөлт оруулахыг хүлээж цаг алдахгүйгээр ингэж өөрчлөлт оруулвал, эрүүгийн эрхийн салбарын тухайн хэсэгт хүний эрхийг хамгаалах ажиллагаа түргэн хэрэгжих чухал ач холбогдолтой байх юм. Эрүүгийн хэргийг шүүхээс прокурорт буцааж байгаа ажиллагааны улмаас сар жилээр зовж, хохирч яваа шүүгдэгч, хохирогч олон зуун жир иргэн байгаа ч, тэдний хэргийн талаар энд би илүү зүйл бичсэнгүй. Эрхэм гишүүн Ж. Эрдэнэбат болон бусад хүмүүст холбогдох хэргийн талаар тухайлан дурдсан маань басхүү учир холбогдолтой юм. Тэрээр жир иргэн биш, харин Улсын Их Хурлын гишүүн учир хууль санаачлах давуу эрхтэй байна. Нөгөө талаар тэрээр Монголын эрүүгийн эрх зүйн системийн дундуур явж, түүний буруу тогтолцооны улмаас хүний халдашгүй, чөлөөтэй байх эрх чөлөө хэрхэн ноцтой зөрчигдөж байгааг өөрийн биеэр туулаад гараад ирсэн болохоор хүний эрхийг тийм байдлаар цаашид сэргийлэх хуулийн өөрчлөлт хийх шаардлагатайг дүүрэн мэдэрч, ухамсарлан ойлгосон тул, энэ өөрчлөлтийг яаралтай хийх санал, санаачлага гаргах болов уу гэж найднам. ЭХХШТХ нь Монгол Улс даяар хэрэгжиж, хүн бүрд адил тэгш үйлчилж байгаа болохоор, Хуулийн тухайлсан энэ зүйл заалтад өөрчлөлт оруулах ажиллагаа нь зөвхөн нэг гишүүний асуудал биш юм. Иймээс, нийт 76  гишүүн, Улсын Их Хурлын дарга анхааралдаа авч, яаравчлан шийдвэрлэх асуудал мөн гэж бодож байна. Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн 1-д “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх ... үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэж заасан тул УИХ гишүүд нь, иргэдийн эрх, эрх чөлөөг хамгаалах үүрэг хүлээсэн хүмүүс байх юм. “Яаралтай” гэдэг маань бас ч жир үг биш. Учир нь Хуулийн энэ заалтыг хүчингүй болгох хүртэл шүүх хуралдаанаас шүүх, эрүүгийн хэргийг прокурорт буцааж, тэр хэмжээгээр хүмүүсийн эрх, эрх чөлөө хохирч, яллагдагч гэх хүн шүүхийн шийтгэх тогтоол гараагүй байхад олон өдөр, сараар цагдан хорих байранд хориотой тарчлан зовсоор байх тэр үйл ажиллагаа цаг минут дутамд, одоо үүнийг бичиж суухад ч үргэлжилсээр л байгаа шүү гэдгийг л сануулж “яаралтай” гэж хэлэв. Жишээлбэл, Ж. Эрдэнэбатын хэргийн шийтгэх  тогтоолыг Дээд шүүх 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр хүчингүй болгосон боловч, 2021 оны 3 дугаар сарын 3-ны өдөр хүртэл, нэг сар гаруй хугацаагаар тэднийг цагдан хорьсон хэвээр л байсан, түүнчлэн Дээд шүүх С. Баярцогтыг мөн л үргэлжлүүлэн цагдан хорихоор тогтоожээ.  Эрхэм гишүүд энэ саналыг сонсож, хүлээн авч, хүний эрхийн зөрчилд хүргэж байгаа хууль дахь “Хоёр Үг”-ийг авч хаяж, ЭХХШТ хуульд өөрчлөлт оруулж, Монголын зон олны зоог тэнийлгээсэй гэж хүсэж үүнийг ийнхүү тэрлэв. Үндсэн хуульд заасан дагуу, хүмүүнлэг ардчилсан нийгмийг бтээн байгуулж байгаа Монголын төр, ардчиллын үнэт зүйл болсон хүний эрх, эрх чөлөөг дээдлэх тэр үзэл баримтлалдаа үнэнч байх болно гэж би өнөөг хүртэл найдсаар л явнам.   

Г. Ганзориг /хуульч/

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангар(202.179.26.73) 2021 оны 08 сарын 12

Монгол улсын төр хөгжлийн бэрхшээлтэй, хараа муутай, дүлий байдаг мөртлөө хулгай, дээрэм, хуйваллаан хийх үедээ сонор соргог, хурц хараатай болдог ялзарсан коммунист дэглэмтэй учраас хүний эрхийг байнга зөрчиж бас хүний нрхийг зөрчих хууль баталж байдаг. Энэ талаар олон улсын конвенц д мэдэгдэх цаг болсон. Ардчилсан нэртэй коммунизмыг нэн даруй устгах ёстой.\n

0  |  0
Top