ЭМЯ: Ковидоор хүнд өвдсөн цөөн өвчтөн авах л ор байна

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 23

Эрүүл мэндийн яамнаас "Ковид-19" цар тахлын нөхцөл байдлын талаар мэдээллийг өдөр бүр өгч байгаа. Сүүлийн өдрүүдэд халдварын тохиолдол 3000 давах болсон. Өнгөрөгч 24 цагийн хугацаанд гэхэд халдварын 3361 тохиолдол шинээр батлагдлаа. Ингэснээр Монгол улсад ковид-19 халдварын 287.317 тохиолдол бүртгэгдээд буй. Харин одоогийн байдлаар 88.549 иргэн халдварын улмаас эмчлүүлж байна. Тодруулбал, 66.345 иргэн өрхийн эмчийн хяналтад гэртээ эмчлүүлж байгаа бол 22.204 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж.

Есдүгээр сарын 21-нд хүнд өвдсөн 127 иргэн эмнэлэгт хэвтсэн бол өчигдөр 680 хүн хэвтжээ.

Эмнэлэгт хэвтэх шаардлагатай ч эмнэлгийн ор олдохгүйн улмаас хэвтэн эмчлүүлж чадахгүй, гэртээ хүндрэх тохиолдол их байгааг бид өмнө нь өрхийн эмнэлгээс мэдээлсэн. Эрүүл мэндийн яамнаас ч эмнэлгийн орны хүрэлцээ бага байгааг мэдээлэл өгөх үеэрээ удаа дараа мэдэгдээд буй.

Тэгвэл эмнэлгийн орны ачаалал дээд цэгтээ хүрч, өвчитнүүдийг авч чадахгүйд хүрэх нөхцөл байдал үүсэж, аргагүйдэж байгааг салбар яамнаас учирлаж байна. Одоогоор хүнд хэлбэрийн цөөн өвчтөнг л авах ор байгаа аж.

Тиймээс ч ковидын халдвар авсан хүн бүрийг эмнэлэгт хэвтүүлэхгүй бөгөөд эмнэл зүйн шинж тэмдгээр нь хөнгөн хэлбэрийн оноштой бол гэрээр эмчлэх чиглэлийг барьж байгаа юм.

Өнөөдрийн байдлаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдээс:

  • Хөнгөн - 12.702
  • Хүндэвтэр - 7004
  • Хүнд - 2103
  • Маш хүнд - 395 иргэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top