"Ковид-19" халдварын тохиолдол өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Ялангуяа хичээлийн шинэ жил эхэлсэн есдүгээр сарын 1-нээс эхлэн өдөрт бүртгэгдэх тоо 3000 давах болсон. Энэ хэмжээгээр эмнэлгүүд ачааллаа дийлэхгүйд хүрч, халдвар авсан иргэдийг өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлэх нь ихэссэн.
Өнөөдрийн байдлаар манай улсад ковид-19 халдварын 249,408 тохиолдол бүртгэгдээд байгаа. Үүнээс 39,162 иргэн гэрийн тусгаарлалтад, өрхийн эмчийн хяналтад байгаа юм.
Тиймээс халдварын өвчлөл өндөр байгаа энэ үед өрхийн эмнэлгийн ачаалал ямар байгааг сурвалжиллаа.
Чингэлтэй дүүргийн 6-р хорооны “Ижил санаа” өрхийн эрүүл мэндийн төвийг зорив. Эмчид үзүүлэх гэсэн иргэд эмнэлгийн коридорт зэрэгцэн суужээ.
Өрхийн эрүүл мэндийн төвийн их эмч Л.Мягмарнаран ачааалал их байгааг хэлж байлаа. Тэрбээр “Хичээл сургууль орж эхэлсэнтэй холбоотойгоор халдварын тохиолдол наймдугаар сарын дунд үеэс эхлэн эрс нэмэгдсэн. Наймдугаар сард өдөрт 20 орчим тохиолдол илэрдэг байсан бол одоо өдөрт 50 гаруй бүртгэгдэж байна. Өөрөөр хэлбэл бид өдөрт 20 өрхөөр ордог байсан бол одоо 40,50 өрхөөр ордог болоод байгаа” гэлээ.
Энэ эмнэлэг дөрвөн эмчтэй. Ковид туссан хүмүүст үзлэг, оношилгоо хийхдээ эмч нар долоо, долоо хоногоор ээлжилдэг байна. Тэгэхээр нэг эмч долоо хоногийн турш ганцаараа ажиллаж, тухайн долоо хоногт халдвар авсан хүмүүст эмийн багц тарааж, үзлэг хийж, зөвлөгөө өгдөг гэсэн үг.
Өдөрт 50 орчим хүн халдвар авч байна гэхээр тэдгээр өрх рүү бүгдэд нь нэг эмч очиж амжих эсэхийг асуухад “Өглөө 9-10 цагийн хооронд тухайн өдрийн батлагдсан тохиолдол буюу үзлэг хийх өрхүүдээ тодорхой болгоно. Гэхдээ 10 цагаас хойш дахиад хүмүүс нэмэгдчихдэг. Ингээд үзлэгтээ 11 цагийн үед гараад орой 9 цаг хүртэл ажилладаг. Нэг л эмч битүү хувцастай олон айлаар орж ажилладаг учраас цай уух ч цаг гардаггүй. Заримдаа шөнө хүртэл ажиллах ч тохиолдол байна” хэмээв.
Түргэвчилсэн тестээр өөрсдийгөө үзээд эерэг гарсан гээд ирэх иргэд олон байгаа аж. Хамрын салстаас авсан шинжилгээг бүртгэлдээ оруулж, эмчилгээний багц өгөөд эмчилгээ зөвлөгөө өгч ажиллаж байгаа. Харин тестээ шүлсээр болон цусаар өгсөн бол дахин баталгаажуулж, шинжилгээ авах аж.
Ачаалал ихтэй ч үл хайхран ажиллаж байгаа эмчийн санааг хамгийн ихээр чилээж буй нэг зүйл нь эмнэлэгт хэвтэх зайлшгүй шаардлагатай ч ор байхгүйн улмаас хэвтэж чадахгүй байгаа асуудал. Энэ долоо хоногт гэхэд өрхийн эмнэлэгт бүртгэгдсэн халдвартай хүмүүсийн 20-30 хувь нь эмнэлэгт хэвтэх хэрэгтэй байгаа аж. Эмнэлэгт хэвтүүлэх гэхэд ор олдохгүй. Улмаар гэртэй хүндрэх тохиолдол их байгаа учраас эмнэлгийн орыг нэмэгдүүлэхэд анхаарах хэрэгтэйг эмч дахин дахин хэлж байв.
Чингэлтэй дүүргийн 5-р хорооны “Энэрэнгүй-Үйлс” өрхийн эрүүл мэндийн төвд очив. “208 тоотод үзүүлээрэй” гэх сувилагчийн дуу шатаар өгсөхөд л сонсогдлоо. Энд ганцхан эмч ажиллаж, эмчилгээ, зөвлөгөө өгч байгаа аж. Учрыг асуухад нэг эмч гуравдугаар тунгийн дархлаажуулалтад ажиллахаар болсон. Нэг нь халдвар авсан учир тусгаарлалтад байгаа хэмээв.
Үзлэг дууссаны дараа их эмч М.Нандинзаяатай цөөн хором ярилцлаа.
-Ганцаараа ажиллаж байгаа юм байна. Ачаалал хэр байна вэ?
- Ачаалал маш их байна. Өдөрт 30 гаруй ковид-19 илэрч байна. Ганцаараа ажиллаж байгаа болохоор ажлын байраа орхиод гарч болохгүй. Тиймээс иргэд рүү утсаар холбогдоод хамаатан садан, хэн нэгнээр нь дамжуулан ирээд эмийн багц авах боломж байгаа эсэхийг асууж байгаа. Хэрэв боломжгүй бол ажлын цаг дуусахаар орой гэрт нь хүргэж өгдөг. Мөн үзлэг хийх шаардлагатай хүмүүсийг ажлын цагийн дуусахаар үзэж байгаа. Аль болох хүмүүстэй хүрч ажиллахыг хичээж байна.
Ирж үзэхгүй байна, тоохгүй байна гэх тохиолдлууд их гардаг. Ачаалал их байгаа учраас хүн бүрт хүрч ажиллаж чадахгүй байгааг иргэд ойлгох хэрэгтэй.
-Иргэд түргэвчилсэн тестээр өөрсдийгөө үзээд эерэг гарсан гэж ирж байна уу?
-Иргэд өөрсдөө түргэвчилсэн тест аваад эерэг гарсан гээд ирэх тохиолдол бас их байна. Тийм хүмүүсийг давхар бүртгэдэг. Өглөөнөөс хойш түргэвчилсэн тест аваад эерэг гарсан гээд долоон хүн ирсэн. Бид бүртгээд эмийн багцаа өгч, зөвлөгөө өгөөд явуулсан.
-Өрхийн эмнэлэгтээ шинжилгээ авч байгаа юу?
-Манай эмнэлэгт цөөн тооны түргэвчилсэн тест байгаа. Түүнийг өндөр настай, хэвтрийн хүмүүст зориулдаг. Бид иргэдийг шинжилгээний цэгт очиж өгөх, эсвэл түргэвчилсэн тестээ эмийн сангаас аваад ирж өгөхийг зөвлөж байгаа.
-Тулгарч байгаа хүндрэл байна уу?
-Эмнэлгийн орны асуудал их хүнд байна. Орны ачаалал хүрэлцэхгүй байгаа. Одоогийн байдлаар яаралтайгаар эмнэлэгт хэвтэх шаардлагатай долоон хүн байна. Энэ хүмүүсийн мэдээллийг өгсөн. Орны ээлж гарахыг хүлээж байна.
Иргэд өрхийн эмч биднийг ирж үзэх ёстой гэсэн хандлагатай байна. Шөнийн цагаар их залгадаг. Зарим хүмүүс эм маань дуусчихлаа дахиад авъя гэдэг. Гэтэл дахин өгч болохгүй шүү дээ. Бид эхний ээлжид 10 хоног уух эмийг нь өгдөг.
Цар тахлын тархалт нэмэгдэж халдварын тохиолдол өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Тиймээс миний зүгээс зөвлөхөд заавал шинжилгээний араас хөөцөлдөхгүйгээр эмийн асуудлаа шийдэж, биедээ анхаараарай гэж зөвлөмөөр байна. Зовиур нь илэрчхээд байхад заавал шинжилгээ өгөөд эмээ ууна гээд байна. Тиймээс зовиур илэрсэн бол шууд эм ууж, эмчилгээ хийх хэрэгтэй.
Сэтгэгдэл ( 3 )
МАЛАА СЭТГЭГДЭЛ АВАХГҮЙ ЮМ БОЛ ЮУ ГЭЖ ТАВИАД БАЙГАА ЮМ БЭ?
ЗОВИУР НЬ ИЛЭРЧИХЭЭД БАЙХАД ШИНЖИЛГЭЭГҮЙ ЭМ ӨГӨХГҮ БАЙНАШҮҮ ДЭЭ. ТЭГЭЭД ХҮНДРЭЭД ҮХЭЭД БААЙНА. АЧААЛАЛ ИХ БАЙГААГ ТӨР ЗАСАГ НЬ МЭДЭДГҮЙ ХҮМҮҮС НЬ ТУСЛАМЖ АВЧ ЧАДАХГҮЙ. ҮНСЭНД ХАЯГДСАН ШАЛЗ ШИГ.
Коронагын шинж тэмдэг илрээд аптекээс тест авч эерэг гараад өрхийн эмнэлэгтээ хандахад эмийн багц өгөхгүй заавал хувийн эмнэлэгт очиж дахин шинжилгээ өг тэгээд ирэхээр гэрээр чинь очиж шинжилгээ авна тэгээд эмийн багцаа өгнө гэж байх юм ....эмийн багц авахын тулд 3 удаа шинжилгээ өгөх нааш цааш явуулж улам халдвар тарааж хүнийг цаг хугацаа мөнгө төгрөг стресс бухимдал үүсгэж байдаг ...МАНАЙХАН ЁСТОЙ БҮТЭХГҮЙ ТЭЭ ...энэ бол баянзүрхийн 26 өрхийн эмч