Эрдэнэт үйлдвэр олон улсын “Тогтвортой уул уурхайн төлөө” стандартыг нэвтрүүлсэн анхны төрийн өмчит байгууллага

2025 оны 12 сарын 05

 

Монгол Улсын “Алсын хараа–2050” бодлого болон “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ESG зорилтын хүрээнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ хариуцлагатай уул уурхайн олон улсын жишиг стандартуудыг үйл ажиллагаандаа үе шаттай нэвтрүүлж байна. Тус үйлдвэр Монголын Уул уурхайн үндэсний ассоциацитай хамтран, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн “Тогтвортой уул уурхайн төлөө” (TSM/ТУУТ) стандартыг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд энэ чиглэлээр ажиллаж буй Монголын анхны төрийн өмчит байгууллага боллоо.

Тус стандартыг нэвтрүүлэх эхний үе шатанд аюулгүй ажиллах орчин, тэгш боломж, ус, хаягдал, биологийн олон янз байдал, уур амьсгалын өөрчлөлт, хямралын менежмент зэрэг 9 протоколын дагуу өргөн хүрээний өөрийн үнэлгээг хийж, нэгтгэн дүгнэжээ. Энэхүү үнэлгээ нь Тогтвортой хөгжлийн тайланд тулгуурласан дараагийн бодлого, төлөвлөлтийн тодорхойлолтыг боловсруулах үндсэн суурь болж байна.

Цаашид, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ Канадын Уул уурхайн ассоциацийн хөндлөнгийн аудитаар олон улсын түвшинд баталгаажуулах зорилт тавин ажиллаж байна. ТУУТ стандартыг нэвтрүүлж эхэлсэн нь Монгол Улсын уул уурхайн салбарыг хариуцлагатай олборлолтын олон улсын жишигт ойртуулах, нийгэм, байгаль орчин, засаглалын тогтвортой хөгжлийн зорилтод бодит ахиц гаргах чухал алхам юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top