Монгол Улс, АНУ-ын хооронд шууд нислэг үйлдэх бэлтгэл ажил шат ахилаа

Я.Болор | Zindaa.mn
12 минутын өмнө

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан тэргүүтэй иргэний нисэхийн салбарын төлөөлөгчдийн АНУ дахь албан айлчлал үргэлжилж байна. Айлчлалын бүрэлдэхүүн АНУ-ын Холбооны нисэхийн захиргаа (FAA)-ны Нислэгийн стандартын албаны Гүйцэтгэх захирал Хью Томастай уулзлаа.

Уулзалтаар Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Монгол, АНУ-ын хооронд шууд нислэг үйлдэх бэлтгэл ажлын хүрээнд Монгол Улсыг 2027 оны дөрөвдүгээр улиралд олон улсын нисэхийн аюулгүй ажиллагааны техникийн урьдчилсан үнэлгээнд хамруулах асуудлыг FAA-ны ажлын төлөвлөгөө, үнэлгээний хуваарьт тусгах хүсэлтийг Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс уламжиллаа.

 

 

Мөн Монгол, АНУ-ын стратегийн түншлэлийн хүрээнд иргэний нисэхийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, хоёр улсын хооронд шууд нислэг үйлдэх нөхцөлийг бүрдүүлэхэд Монгол Улсын Засгийн газар өндөр ач холбогдол өгч байгааг онцлон тэмдэглэлээ. Энэ хүрээнд иргэний нисэхийн аюулгүй байдлын хяналтын тогтолцоог олон улсын стандарт, шаардлагад нийцүүлж, FAA-ны Олон улсын нисэхийн аюулгүй байдлын үнэлгээний хөтөлбөрөөр I ангилалд (Category 1) хүрэхийг зорьж байгааг онцоллоо

Монгол Улс 2024 оноос АНУ-ын “Викс” групптэй хамтран иргэний нисэхийн аюулгүй байдлын хяналтын тогтолцоонд суурь үнэлгээ хийж, сайжруулах шаардлагатай чиглэлүүдийг тодорхойлсон байдаг. Үүний дагуу АНУ-ын Худалдаа, хөгжлийн агентлагийн 2.2 сая ам.долларын буцалтгүй тусламжаар техникийн туслалцааны төслийг 2026 оны тавдугаар сараас 18 сарын хугацаатай хэрэгжүүлж байна.

Төслийн хүрээнд эрх зүйн зохицуулалт, хяналтын байгууллагын бүтэц, байцаагчдын хүрэлцээ, мэргэшил, сургалт, гэрчилгээ, мэргэжлийн үнэмлэх олголт болон байнгын хяналтын тогтолцоог олон улсын шаардлагатай тулган үнэлж, шаардлагатай өөрчлөлтийг хэрэгжүүлж эхлээд байна. Энэхүү ажлыг цаашид улам сайжруулах хүрээнд Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан 2027 онд эрх зүйн шинэчлэлийг хэрэгжүүлж, хяналтын байцаагчдын мэргэшил, тогтвортой ажиллах нөхцөл болон байгууллагын хяналтын чадавхыг бэхжүүлэхэд Засгийн газар бодлогын түвшинд анхаарч ажиллахаа илэрхийллээ.

Мөн Монгол Улс I ангилалд хүрэх нь хоёр улсын хооронд шууд нислэг үйлдэх нөхцөлийг бүрдүүлэхэд чухал алхам болох бөгөөд иргэний нисэхийн аюулгүй байдлын хяналтыг урт хугацаанд бэхжүүлэх ач холбогдолтойг онцоллоо. Энэ үеэр мөн Монголын иргэний нисэхийн салбарт санхүүгийн болон техникийн дэмжлэг үзүүлж буй АНУ-ын Засгийн газар, Худалдаа, хөгжлийн агентлаг болон холбогдох байгууллагуудад талархал илэрхийлэв.

Уулзалтын үеэр Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Батбаяр хоёр улсын хооронд шууд нислэг үйлдэх нөхцөлийг бүрдүүлэх хүрээнд хийгдэж буй нисэхийн аюулгүй байдлын хяналт, хэрэгжилтийн явцын талаар танилцуулга хийлээ.

 

 

АНУ-ын Холбооны нисэхийн захиргаа (FAA)-ны Нислэгийн стандартын албаны Гүйцэтгэх захирал Хью Томасын зүгээс техникийн үзлэгт бэлэн болох үүднээс дотооддоо бэлтгэлээ сайтар хангах, цаашид үзлэг эхэлтэл улирал тутам бэлтгэл ажлын талаар цахим уулзалт, тайлан ирүүлж мэдээлэл солилцож ажиллах, үзлэг хийхэд шаардлагатай гэрээ, санамж бичигт нэмэлт орууж батлах, улмаар мэргэжил удирдлага арга зүйгээр дэмжин хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top