"Эгийн голын УЦС" төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж дүгнэжээ

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Монгол Улсын эрчим хүчний салбарт олон арван жил хүлээгдэж буй “Эгийн голын УЦС” төслийг эхлүүлэх таатай нөхцөл бүрдсэнийг Монгол, Оросын ШУА-ийн эрдэмтэд онцоллоо.

Хоёр орны эрдэмтдээс бүрдсэн ажлын хэсгийн уулзалтаар “Эгийн голын УЦС” төслийн Сэлэнгэ мөрөн, Байгал нуурын экосистемд үзүүлэх нөлөөллийн байгаль орчны үнэлгээ судалгааны эцсийн үр дүнг хэлэлцэн, төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж дүгнэн, тайланг ОХУ-ын ШУА-д хүлээлгэн өгчээ.

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан “Эгийн голын УЦС” төслийн хүрээнд Монгол, Оросын ШУА-ийн эрдэмтдээс бүрдсэн ажлын хэсгийн уулзалт Москва хотод энэ сарын 19-нд болж, судалгааны үр дүн, зөвлөмжийг энэ оны 12 дугаар сард хоёр улсын Засгийн газар хоорондын комиссын хуралдаанд танилцуулахаар болсныг Эгийн голын УЦС төслийн баг мэдээлжээ.

Эгийн голын УЦС нь Монгол Улсын эрчим хүчний хараат бус байдлыг хангах, эрчим хүчний системийн оргил ачааллыг зохицуулах зорилгоор Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутагт, Сэлэнгэ мөрний томоохон цутгал болох Эгийн гол дээр барихаар төлөвлөсөн стратегийн ач холбогдолтой төсөл юм. Нийслэлээс баруун хойш 450 км зайд орших тус станцыг 315 МВт суурилагдсан хүчин чадалтай, жилд дунджаар 606 сая кВт.цаг эрчим хүч үйлдвэрлэхээр тооцоолжээ.

Төслийг 1990-ээд оноос судалж, ТЭЗҮ-ийг хэд хэдэн удаа шинэчлэн боловсруулсан ч Эгийн гол нь ОХУ-ын нутагт орших Байгал нуурын усны урсцын томоохон эх үүсвэр болох Сэлэнгэ мөрөнд цутгадаг тул ОХУ-ын тал, ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооноос Байгал нуурын экосистемд үзүүлэх нөлөөллийг нарийвчлан судлах шаардлага тавьснаар бүтээн байгуулалт удааширсан түүхтэй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top