Монгол Улсын төрийн тэргүүн сүүлийн үед болж буй улс төрийн нөхцөл байдалтай холбогдуулан өөрийнхөө байр суурийг илэрхийллээ.
У.Хүрэлсүх: Сүүлийн нэг сарын гаруй хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр төрд зарим нэг гэмт бүлэглэлийнхэн эрээ цэргүй довтолгоо хийж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр хүндийг гутаан доромжилсон, Монголын ард түмний нэр хүндийг гутаан доромжилсон үйлдэл хийж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч бол ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч гэсэн эрхэм хүндтэй албыг хашдаг. Тийм учраас Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр хүндэд халдана гэдэг нь Монголын ард түмний нэр хүндэд халдаж байсан гэсэн үг. Монгол Улсын гадаад харилцаа, хамтын ажиллагаа руу халдаж байсан гэсэн үг.
Монгол Улсын Ерөнхийлөгчийг хүн үнэмшихийн аргагүй, онц ноцтой хүнд гэмт хэрэгт гүтгэн доромжилж байна.
Монгол Улсад хүн засаглахгүй_ хууль засаглана. Хуулийн дагуу бүх хүн тэгш эрхтэй байна. Өчигдөр Ардчилсан намын бүлэг хуралдаж, Монгол Улсын Ерөнхийлөгч үүрэг ажлаа өгөөд, үнэнээ тогтоолгох нь зүйтэй гэсэн шаардлага гаргасан байна. Үүнтэй би санал нэг байна. Төрийн тэргүүн үүрэг ажлаа өгөөд, үнэнийг тогтоолгох нь шударга ёсонд нийцнэ гэж үзэж байна. Тийм учраас Монгол Улсын Ерөнхийлөгч эрхэм үүрэгт ажлаа хүлээлгэж өгнө. Миний нэр хүндийг гутаан доромжилж байгаа этгээдүүдийг холбогдох газарт нь өгч, нэр төрөө сэргээлгэнэ гэв.

Сэтгэгдэл ( 0 )