Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн 15 дугаар ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүнийг төрийн одон, медалиар шагналаа.
Өргөсөн тангарагтаа үнэнч байж, даян дэлхийн энх амгалан, аюулгүй байдлын төлөө эр зориг, тэсвэр хатуужил, авхаалж самбаа, ур чадвараа дайчлан, хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлсэн энхийг сахиулагчдад Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх төр, ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийллээ.
Зэвсэгт хүчний 15 дугаар ээлжийн мотобуудлагын батальон БНӨСУ-д явагдаж байгаа НҮБ-ын “UNMISS” энхийг сахиулах ажиллагааны хүрээнд тус улсын Юнит муж дахь Хойд секторт үүрэг гүйцэтгэсэн юм.
Үүрэг гүйцэтгэсэн нэг жил бол монгол цэргийн дайчин уламжлал, сахилга бат, зохион байгуулалт, мэргэжлийн ур чадвар, тэсвэр хатуужлыг нотлон харуулсан жил байсныг цэргийн багийн захирагч, хурандаа Н.Бат-Эрдэнэ илтгэлээ.
Энхийг сахиулагчид энгийн иргэдийг хамгаалах, НҮБ-ын бааз, ажилчдын аюулгүй байдлыг хангах, хүмүүнлэгийн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зэрэг үүргээ нэр төртэй биелүүлснийг Ерөнхийлөгч тэмдэглэлээ.
Ялангуяа өнгөрсөн хоёр, гуравдугаар сард Абьемном сууринд гарсан зэвсэгт мөргөлдөөний үеэр мянга мянган энгийн иргэний аюулгүй байдлыг хангаж, шархадсан, дүрвэсэн иргэдэд эрүүл мэндийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлснийг тодотгов.
“Монгол цэрэг” хэмээх нэрийг дуурсгаж байгаа энхийг сахиулагчид Монгол Улсын нэр хүндийг олон улсын тавцанд бэхжүүлэх, үндэсний аюулгүй байдлыг хангах бодлого, үйл ажиллагаанд жинтэй хувь нэмэр оруулж байгааг хэллээ.
15 дугаар ээлжийн мотобуудлагын батальон “UNMISS” ажиллагааны “Шилдэг үүрэг гүйцэтгэлтэй батальон”-оор шалгарч, Хүчний командлагчийн шагнал хүртсэн байна.
Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх энхийг сахиулах үүргээ нэр төртэй биелүүлсэн дайчид болон тэдний бат бэх ар тал болсон гэр бүлд нь талархал илэрхийлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв.
Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор:
Цэргийн гавьяаны одонгоор:
Цэргийн хүндэт медалиар:
Энхийн төлөө медалиар:
Манай улс 2002 онд НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд цэргийн ажиглагч офицероо илгээсэн түүхтэй. Өнөөг хүртэл хугацаанд Зэвсэгт хүчин, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын 24 мянга гаруй алба хаагч 23 ажиллагаанд үүрэг гүйцэтгээд байна.

Сэтгэгдэл ( 0 )