Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдөр /2019.02.13/ Засгийн газрын хуралдааны үеэр нэр бүхий сайд нарт томоохон бүтээн байгуулалтын ажлын явцын талаар танилцуулахыг үүрэг болгосон. Үүнд Тавантолгойн IPO буюу гадны зах зээлээс хөрөнгө босгохтой холбоотой бэлтгэл ажил, Тавантолгойн төмөр зам, авто замын бүтээн байгуулалт, Төв цэвэрлэх байгууламжийн барилгын ажлыг ирэх сараас эхлүүлэх, Улаанбаатар хот руу ахуйн зориулалтаар түүхий нүүрс оруулахыг хориглосонтой холбоотой асуудал, Боловсруулсан түлшний үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, нөөц бүрдүүлэх, хэрэглээнд нэвтрүүлэх бэлтгэл зэрэг өргөн сэдвүүд багтсан юм.
ZINDAA.mn эдгээр бүтээн байгуулалт, томоохон төслүүдийн бэлтгэл ажил, явцын талаарх асуудлыг мөн хөндөж, цуврал эхлүүллээ. Энэхүү цуврал Тавантолгойн IPO буюу гадны зах зээлээс хөрөнгө босгох асуудлыг нэн түрүүнд онцолж байна.
2018 оны зургадугаар сар. УИХ-ын чуулганы зургадугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаар 73 дугаар тогтоол, Засгийн газрын 224, 245 дугаар тогтоол батлагдав. Үүгээр “Эрдэнэс-Тавантолгой” /ЭТТ/ компанийн 30 хүртэлх хувийг олон улсын хөрөнгийн бирж дээр гаргах, IPO (Initial Public Offering буюу IPO гэдэг нь компани анх удаа хувьцаагаа олон нийтэд санал болгох гэсэн үг) босгох шийдвэр гарсан юм. Үүнээс хойш олон нийтийн дунд олон улсын зах зээлээс IPO босгох, 1072 хувьцаа амь орох хүлээлт үүссэн гэхэд болно.
Өнгөрсөн хугацаанд Канад, Нью-Йорк, Хонконг, Лондонгийн хөрөнгийн биржийн удирдлагуудтай уулзаж, чухам аль хөрөнгийн бирж дээр арилжаалах вэ гэдгээ шийдэх гэж багагүй ажил болжээ. Үндсэндээ 2018 оныг зориулсан гэсэн үг. Ингээд газар нутгийн хамаарал, хөрөнгийн зах зээлийн орчин, тогтвортой байгаа эсэхийг харгалзан хамгийн таатай гэгдэж байсан Хонконгийн хөрөнгийн бирж дээр хувьцаа арилжаалахаар болов. Ердөө нэг сарын өмнө энэ мэдээлэл тодорхой болсон ба Олон улсын зах зээлээс “Эрдэнэс-Тавантолгой” гурван тэрбум ам.доллар босгохоор зорьж байгаа.
Компанийн зүгээс эхлээд Хонконгийн хөрөнгийн бирж дээр арилжаалсны дараа Нью-Йоркийн хөрөнгийн биржээр дамжуулан хоёрдогч зах зээлд гарахаар төлөвлөж байгаа юм. Өмнө нь Лондонгийн хөрөнгийн бирж ч тооцоонд орох боломжтой хөрөнгийн биржийн тоонд орж байсан билээ.
“Эрдэнэс-Тавантолгой” компани энэ жилийг бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, олон улсын зах зээлд гарсан өндөр хөгжлийн жил байх болно гэж зарласан. Дэлхийн банк болон Азийн хөгжлийн банк энэ онд нүүрсний үнэ унана гэж мэдэгдсэн ч тус компани өөдрөгөөр харж байгаа ажээ.
“2019, 2020 онд дэлхийн эдийн засгийн мөчлөгт хямрал эхлэхээс өмнө амжиж IPO гаргах ёстой. Тэгэхгүй бол үр дүнд хүрэхгүй” гэж Taurus Wealth зөвлөх үйлчилгээний компанийн зөвлөх Райнер Майкл Прайсс ярьжээ.
Компанийн тооцоолж буйгаар ирэх зургадугаар сар гэхэд олон улсын зах зээлд гарах тооцоотой. Хөрөнгийн бирж дээр гарах нь “Эрдэнэс-Тавантолгой”-д ашигтай ч угтан буй их хямралын өмнө амжиж гарахгүй бол ямар нэгэн үр дүнд хүрэхгүй гэж олон улсын шинжээчид таамаглаж буй. ЭТТ-н зүглэж буй Хонконгийн хөрөнгийн бирж нь жилдээ 80-аас дээш IPO гаргадгаараа бүс нутагтаа тэргүүлдэг. Нью-Йоркийн хөрөнгийн биржтэй харьцуулахад чамлахаар бага тоо ч харьцангуй тогтвортой, хувьцааны хэлбэлзэл бага гэж үнэлэгддэг бирж юм.
Олон улсын зах зээлд гарахтай холбоотойгоор Тавантолгой - Гашуунсухайт - Тавантолгой - Оюутолгой-Хангимандал, Тавантолгой - Цагаан дэл авто зам, Тавантолгой - Гашуун Сухайт - Зүүнбаян чиглэлийн төмөр зам, усан хангамжийн суваг, конвейрийн систем, Геологийн нөөцийг сэргээн тогтоох, нүүрс, угаах баяжуулах үйлдвэрийн ТЭЗҮ-г шинэчлэн боловсруулах ажил үргэлжилж байна.
Гэхдээ олон нийтийн дунд яагаад дотооддоо биш олон улсын зах зээлийг сонирхож байгаа юм бэ гэх асуулт байдаг. Тэгвэл мэргэжлийн хүмүүс болон компанийнхан "Дотооддоо гаргаснаар нэгж хувьцааны үнэ болон иргэн бүрт олгох 1072 хувьцааны үнэ цэнэ буурах төлөвтэй байсан" гэж дүгнэж байгаа. Хөрөнгийн зах зээл хөгжөөд удаагүй, эргэлдэх хөрөнгийн хэмжээ дэлхийн бусад хөрөнгийн биржтэй харьцуулахад доогуур үнэлэгдэх манайх улсад эхлээд дотоодын зах зээл дээрээ эргэлдэх нь эрсдэл авчрахыг үгүйсгэхгүй.
“Бид дотооддоо гарсан тохиолдолд нэгж хувьцааны үнэ маш бага болох эрсдэл бий. Тиймээс Хонконг, Нью-Йоркийн хөрөнгийн биржид гарч, тэндээсээ листинг маягаар дотоодын хөрөнгийн бирж дээр гарахад асуудалгүй. Одоо шууд гаргачихвал 1072 хувьцааны үнэ унана” гэж “Эрдэнэс-Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг ярьсан байдаг.
Энгийн үгээр хэлэхэд, “Түмэн шувуут”-ын IPO, олон улсын зах зээл дээр гарах “Эрдэнэс-Тавантолгой”-н IPO ямар ч ялгаа байхгүй. Хувьцаагаа олон нийтэд нээлттэй болгож, цөөн тооны хөрөнгө оруулагчтай байсан компани өөрийн хувьцааг нээлттэй худалдах л үйл явц юм.
Сэтгэгдэл ( 1 )
Saijruulsan nuurs tuleed bohirdloos garahgui yaduu ailuud nuuj ireed dahiad agaariin bohirdol uusne
том гарчигтай ДАРЖИН нийтлэл байна