Бенну солир дээр анх удаа сахар болон бохь илрүүлжээ

Я.Болор | Zindaa.mn
20 цагийн өмнө

АНУ-ын сансар судлалын НАСА агентлагийн OSIRIS-Rex сансрын хөлгийн дэлхийд авчирсан Бенну солирын дээжид амьдралыг тэтгэгч сахар, ”бохь” болон тэсрэлтээс үүдэлтэй их хэмжээний тоосонцор илрүүлжээ.

Японы Тохокү их сургуулийн профессор Ёшихиро Фүрүкавагаар удирдуулсан судлаачдын баг анх удаа дэлхийн сансрын гаралтай глюкозыг илрүүлсэн байна. Рибоза буюу нэгэн төрлийн сахар нь РНХ-ийн чухал орцын нэг аж. Сонирхолтой нь дезоксирибоз буюу ДНХ-д шаардлагатай сахрын төрлийг илрүүлээгүй байна. Энэ нь “РНХ-ийн ертөнц” буюу амьдралын анхны хэлбэрүүд ДНХ бус харин РНХ дээр тулгуурлаж байсан гэсэн таамгийг шууд бусаар дэмжиж байна гэж судлаачид онцолжээ.

Судлаачид мөн солирын дээжид урьд өмнө нэг ч солироос илрүүлж байгаагүй полимертэй төстэй нууцлаг материал олжээ. Эл материал нь хүчилтөрөгч болон азотоор баялаг бөгөөд Бенну солирыг үүсгэгчийн эхэн үед бий болсон байж магадгүй гэж үзэж байна. Эл бодисыг эрдэмтэд “сансрын бохь” хэмээн зүйрлэжээ. Цагтаа эл бодис зөөлөн, уян байсан бөгөөд хожим нь хатуурсан ч хэлбэрээ өөрчлөх чадвараа бага зэрэг хадгалж үлдсэн байна. Ийм нарийн бүтэцтэй органик бодис нь дэлхий дээр амьдрал үүсэхэд ямар химийн процесс явагдсан талаар шинэ мэдээлэл өгч байгаа юм.

OSIRIS-Rex судалгаа үргэлжилж байгаа бөгөөд эрдэмтэд Бенну солир дэлхий, нар, амьдралын гарал үүслийн талаар шинэ шинэ нээлтээр биднийг гайхшируулна гэдэгт итгэлтэй байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top