Бенну солирын хөрсийг дэлхийд авчирлаа: НАСА агентлаг үүнд 7 жил зарцуулсан

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 09 сарын 26

АНУ-ын сансар судлалын НАСА агентлагийн “Osiris-Rex” аппарат винтов бууны сумнаас 15 дахин их хурдаар ням гарагт дэлхийн агаар мандал руу орж ирэв.  Тус аппарат АНУ-ын Юта мужийн цөлд амжилттай газарджээ.

Тус аппарат дэлхийд үнэтэй ачаа авчирсан. Тэр нь Бенну солироос цуглуулсан атга тоос. Уулын хэмжээтэй Бенну астероид нь хүн төрөлхтөнд бидний үүсэл гарлын тухай маш чухал хариулт өгөхөд туслах юм.

“Бенну солирын 250 гр тоосыг дэлхийд авчрахад манай гараг бий болохоос ч өмнө байсаар байсан сансрын биетийг судлах боломж нээгдэнэ. Солирын зарим тоосонцор манай нарны аймаг үүсэхээс ч өмнө бий болсон байх талтай” гэж энэхүү хөтөлбөрийн ерөнхий судлаач Данте Лауретта ярьжээ. Бид хэрхэн бий болсон дүр зургийг гаргах гэж хичээж байна. Дэлхий хэрхэн үүсэж, бүрэлдсэн? Яагаад манай гараг дээр амьдрал үүссэн? Далайн ус хаанаас бий болсон? Манай агаар мандалд яагаад хүчил төрөгчтэй болсон? Хамгийн гол нь дэлхий дээрх амьд бүхнийг бүрдүүлэгч органик молекулын эх үүсвэр нь юу вэ? гэсэн асуултуудын оньсыг тайлахад тусална гэж эрдэмтэд найдаж байна.

Амьдралыг бүрдүүлэгч гол материйн ихэнхийг нь манай гараг үүсэж эхэлж байсан үед сансраас авчирсан гэж ихэнх эрдэмтэд үздэг. Харин тэднийг дэлхийтэй мөргөлдсөн солирууд авчирсан. Магадгүй тэдгээр нь Беннутэй ижил солирууд гэж эрдэмтэд таамагладаг.

500 м өргөн Бенну солироос дээж цуглуулах хөтөлбөр 2016 онд эхэлжээ. Тухайн үед НАСА агентлагийн судлаачид “Osiris-Rex” аппаратыг тус солир руу хөөргөжээ. Солирт хүрэхийн тулд аппаратад хоёр жил шаардагдсан ба солирын зураглалыг гаргахад дахин хоёр шаардагдсан байна. Үүний дараа л эрдэмтэд сансрын биетийн гадаргуугаас дээж авах газрыг тодорхойлжээ.

“Queen” хамтлагийн гитарчин Брайан Мэй үүнд ямар хамаатай вэ?

Солирын дээжийг авах газрыг сонгоход “Queen” хамтлагийн домогт гитарчин, астрофизикийн шинжлэх ухааны доктор Брайан Мэй гол үүрэг гүйцэтгэжээ. Тэрбээр мөн стерео гэрэл зургаар мэргэшсэн нэгэн. Өөрөөр хэлбэл тухайн объектын хоёр өөр өнцгөөс авсан хоёр гэрэл зургийг тохируулж, гурван хэмжээст дүрслэлийг бүтээдэг нууц авьяастай.

Мэй мэргэжил нэгт Клаудиа Манцонигийн хамтаар Бенну солирын хөрсний дээж авахад тохиромжтой хэд хэдэн хэсэг газрын гурван хэмжээст дүрслэлийг дээрх аргаар бүтээжээ. Тэд “Osiris-Rex” аппаратад ажиллахад нь аюулгүй газруудыг ийн тодорхойлсон байна.

“Урлаг шинжлэх ухаанаас дутуугүй бидэнд хэрэгтэй гэж би үргэлж ярьдаг байсан” гэж домогт гитарчин ВВС агентлагт ярьжээ. “Хөлөг онгоц цөмөрч орохгүй эсвэл хадан уул мөргөхгүй гэдэгт итгэлтэй байхын тулд тухайн объектын гадаргууг тэмтэрч үзэх хэрэгтэй” гэж тэрбээр ярьсан байна.

2020 оны аравдугаар сарын 20-нд “Osiris-Rex” солирын хөрсний дээжийг авлаа. Энэ бол толгой эргэм амжилтын мөч байв. Аппарат хөрсний дээж авах зориулалт бүхий төхөөрөмжтэй солир дээр буужээ. Гол санаа нь солирын гадаргуу дээр хүчтэй буух явцад азотын хийгээр үлээж, солирын гадаргуун дээр чулуулаг, тоосонцрыг босгох явдал байжээ. Цааш нь болсон зүйл үнэхээр гайхмаар. Механизм солирын гадаргууд хүрмэгч шингэн зүйл шиг урссан байна. Азотын хийг шахах мөчид төхөөрөмж 10 см гүнд байжээ. Азотын хийн даралтын улмаас найман метрийн диаметр бүхий тогоо үүссэн байна. Хөрсний хэсгүүд тал тал тийш үсэрчээ. Гэхдээ хамгийн гол нь хөрсний дээж төхөөрөмжийн саванд бас үсэрч орсон байна.

Өдгөө түүхэн хөтөлбөр төгсгөлийн шатандаа ороод байна. “Osiris-Rex” аппарат даалгавраа амжилттай гүйцэтгэж, дэлхийд Бенну солирын хөрсний дээжийг авчрав. Нийт долоон тэрбум км замыг долоо жил туулсан аяллаа ийн төгсгөв.

Аппаратыг Техас дахь Линдон Жонсоны нэрэмжит Сансрын төвд авчирчээ. Тэнд аппаратыг азотын хийгээр ариутгаж байна. Азотын хийн урсгал нь “Osiris-Rex” хөтөлбөрийн бас нэгэн маш чухал үе шатын нэг. Энэ үйл явцын тусламжтай солирын матери дэлхийн бохирдлоос хамгаалж, дээж нь шинжлэх ухааны судалгаа, шинжилгээнд цэврээрээ орох юм.

Ул туйлын үнэтэй материалд эхлээд гар хүрэх эрдэмтдийн нэг нь Лондонгийн Байгалийн түүхийн музейн судлаач Эшли Кинг. Тэрбээр анхны шинжилгээ хийх багийн гишүүн. Тэрбээр “Солирын дээжийг дэлхийд авчрах нь туйлын ховор тохиолдол. Мэдээж хэрэг анхны хэмжилтийг хийх хүн болохыг хүсэж байна. Хэмжилтийг маш нарийн хийх ёстой. Үнэхээр сонирхолтой” гэжээ.

НАСА агентлаг Бенну солирыг манай нарны аймаг дахь хамгийн аюултай сансрын биет гэж үздэг байна. Түүний хөдөлгөөний замыг судалсны үндсэн дээр эрдэмтэд бидний мэдэх солируудаас Бенну дэлхийтэй мөргөлдөх магадлал өндөр гэсэн дүгнэлтэд хүрчээ.

Гэхдээ айж цочирдох шаардлагагүй. Учир нь ямар ч тохиолдолд мөргөлдөх магадлал туйлын бага гэнэ. Хэрэв ийм зүйл болбол ирэх зууны төгсгөлөөс наашгүй.

Бенну их хэмжээний ус агуулсан гэж үзэж байна. Түүний нийт жингийн 10 хүртэлх хувийг ус эзэлдэг. Тиймээс эрдэмтэд устөрөгчийн атомын төрлүүдийн харьцаа нь дэлхийн далайн усныхтай төстэй эсэхийг олж тогтоох юм.

Эрт дээр үед дэлхий маш халуун байсан тул усны ихэнх нь ууршин үгүй болсон гэж зарим судлаачид үздэг. Хэрэв Беннуд манай H₂O-той төстэй элемент байвал солирууд манай дэлхийн далайд хувь нэмэр оруулсан гэх баримтыг баяжуулах юм. Үүний сацуу Бенну солир 50-10 хувийн нүүрстөрөгчөөс бүрдсэн гэж үздэг. Энэ нь эрдэмтдийн хувьд ихээхэн сонирхол татаж байгаа.

Дэлхий дээрх амьдрал органик хими дээр суурилсан. Тэгвэл зөвхөн ус төдийгүй төвөгтэй молекулууд сансраас дэлхийд ирж, манай гарагийн био мандал хөгжихөд түлхэц өгсөн гэж үзэж болох уу?

Солирын дээжийн эхний шинжилгээгээр юуны өмнө нүүрстөрөгч дээр суурилсан молекулуудын жагсаалтыг гаргахаар төлөвлөж байна гэж Британийн Шинжлэх ухааны түүхийн музейн судлаач Сара Рассел онцолжээ.

Астероидууд манай гараг дээр амьдралыг бүрэлдүүлсэн эх үүсвэр байсан гэх таамгийг хөгжүүлэх боломж нээнэ гэж эрдэмтэд итгэж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top