Саудын Арабын томоохон олборлогч болох АМАК компани 11 сая тоннын нөөц бүхий зэс, алтны арвин орд илрүүлснээ зарлалаа. Нажран мужид орших уг орд нь зэс, алтаас гадна цайр, мөнгөний хүдэр, газрын ховор элементээр баялаг болохыг судалгаагаар тогтоосон байна. Тус компани Саудын Арабын хөрөнгийн биржид урьдчилсан судалгааны тайланг хүргүүлээд буй аж.
АМАК компанийн хувьд өнгөрсөн оны есдүгээр сард тусгай зөвшөөрөл авсны дараа хайгуулын ажлаа эхлүүлсэн. Улмаар энэ оны хоёрдугаар сард өрөмдлөгийн ажил эхэлж, одоогийн байдлаар 27 мянган метр өрөмдлөг хийгээд байна. Энэ нь тусгай зөвшөөрөлд тусгагдсан талбайн ердөө 10 хүрэхгүй хувийг эзэлж байгаа юм.
Хайгуулын ажил одоо үргэлжилж байгаа тул ордын нөөц цаашид ч өсөх хандлагатай байна. АМАК компанийн гүйцэтгэх захирал Жеффри МакДоналд-Дей хэлэхдээ “Одоогоор нөөцийн багахан хэсгийг судалж байна. Ордын нөөц 20 сая тонн болтлоо нэмэгдэхээр байгааг судалгаа харуулж байгаа юм” гэсэн байна.
АМАК компани 2026 оныг дуустал геофизикийн болон нэмэлт өрөмдлөгийг хийнэ. Түүнчлэн ирэх оны хоёрдугаар хагаст багтаж ЖОРК стандартаар ашигт малтмалын нөөцийн тайлан гаргахаар төлөвлөж байна. Судалгааны ажил дууссаны дараа хайгуулын лицензийг ашиглалтын лиценз болгох юм._

Сэтгэгдэл ( 0 )