Нэг тиймхэн дуутай, нэг тийм тоглолтын тухай биш шүү. Төрийн хоёр л өндөрлөгийн одоо байгаа байр байдлыг хэлж байгаа юм. Ер нь ч бужигнасаар ирсэндээ. Тоос гартал заамдалцаад цохилцож чадаагүй ч тохиролцож чадсан “зодоон”-ын тоосноос сугарч тодорсон л хоёр. Одоо жинхэнэ бужигнуулна. Хүний өөрийн фракцтай нь бужигнуулна. Шувуу барьж нэг, шүүрч нэг бужигнуулна. Горилогчдыг тоож нэг, тосож нэг бужигнана. Ер нь л бужигнана. Энэ бужигнаан намын даргад хамаатай.
Намын даргын хувьд Н.Учрал хүний өөрийн фракцтай нь бужигнуулна. Шувуу барьж нэг, шүүрч нэг бужигнуулна. Горилогчдыг тоож нэг, тосож нэг бужигнана...
Харин спикерт бужигнах олон шалтгаан байна. Парламентаа зангидаж чадалгүй долоон сар бужигнасан. Асуудлаа шийдэж чадалгүй долоон сар бас будиллаа. Засаглалынхаа босгыг мэдэхгүй гүйцэтгэх засаглалын ажлыг хийж бужигнасан. Зээлийн хүүг бууруулна гэж бужигнасан. Төв талбай дээрээ улсын ерөнхийлөгч шиг урьсан зочноо угтаж нэг бужигнасан. Одоо бүр бужигнуулна. Орчин цагийн улс төрийн практикт байгаагүйгээр тэр нэг болон хоёрдугаар хүний албыг давхар хаших гэж байна. Хэдийгээр хуульд тусгасан ч ашиглагдаж байгаагүй зарчмаар тэр Ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэнэ. Парламент ч бужигнаж байгаа. Ямар сайндаа сөрөг хүчний тэргүүн нь “Одоо яах вэ” гэж асууж байх вэ дээ. Тэгэхээр бужигнана. Сөрөг хүчин акц хийж С.Бямбацогтоор хурал удирдуулахгүй ч гэж хэлж үзсэн. Өмнө нь “дан дээлтэй” байхдаа бужигнуулж байсан парламентыг одоо хэрхэн даргалах нь ээдрээтэй. Ядаж байхад жинхэнэ Ерөнхийлөгч томилогдтол дахиад дөрвөн сарын зай байна. “Мандуул хаан үхэж манийн жаргал эхэллээ” гэдэг шиг УИХ-ын дарга нь Ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгэж болох ч эдлэх нажид нь түүнээсээ ч илүү. Намдаа ч, парламентдаа ч бужигнаж, бужигнуулах энэ хугацаанд чухам юу болох бол.
“Мандуул хаан үхэж манийн жаргал эхэллээ” гэдэг шиг УИХ-ын дарга нь Ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгэж болох ч эдлэх нажид нь түүнээсээ ч илүү.
Одоо хэдүүлээ хууль ярья. Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийн товыг XII сарын 20-ноос өмнө тогтооно гэж Ерөнхий сайд Н.Учрал мэдэгдсэн. Тэгэхээр сонгууль зохион байгуулах ажлын хэсгийг тэр даргалж буй мэт харагдаж байгаа ч нээлттэй мэдээллийн платформуудад яг таг мэдээлэл алга. УИХ-ын даргын тухайд Ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэж буй. Үндсэн хуулийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Ерөнхийлөгч түр эзгүйд түүний бүрэн эрхийг Улсын Их Хурлын дарга хэрэгжүүлнэ” гэж заасан бий. Гэвч нэг онцлогтой. Ерөнхийлөгчийн тухай хуульд зааснаар Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлж байгаа УИХ-ын дарга нь Ерөнхийлөгчийн зарлиг гаргах эрхтэй ч УИХ-ын шийдвэрт хориг тавих, өршөөл үзүүлэх зэрэг зарим онцгой бүрэн эрхийг хэрэгжүүлэхгүй байхаар зохицуулсан байдаг.
Үндсэн хуулийн 37 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Улсын Их Хурал Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийг дөрвөн сарын дотор зарлан явуулна” гэж заасан. Ингэхдээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийг санах хэрэгтэй. Тухайлбал, ээлжит бус сонгууль явуулах нөхцөл үүссэнээс хойш УИХ ээлжит бус сонгуулийг товлон зарлаж, санал авах өдрийг тогтооно. Ингэхдээ сонгуулийн сурталчилгаа, нэр дэвшүүлэх, бүртгэх зэрэг үйл ажиллагааны хугацааг ээлжит бус сонгуулийн онцлогт нийцүүлэн богиносгосон хуваариар (ихэвчлэн санал авах өдрөөс 45-60-аас доошгүй хоногийн өмнө товлох байдлаар) зохион байгуулдаг.
Нэр дэвших нь УИХ-д суудалтай намуудад нээлттэй. Одоо байгаагаас харвал МАН, АН, ХҮН, ИЗНН, Үндэсний эвсэл нэр дэвшигчдээ зарлаж болно. Дөрөв нь нэр дэвшүүлэхээ мэдэгдсэн. Үндэсний эвсэл одоогоор тодорхойгүй байна. ХҮН, ИЗНН нийлээд санал хуваана гэж үзвэл АН хүчтэй нэр дэвшигчгүй л бол бараг боломжгүй. Харин МАН-ын тухайд У.Хүрэлсүхийн тавьсан хөрсийг сайхан ашиглаад, зодоон толхилцоонгүйхэн шиг байхгүй бол хоёр дахь шатны санал хураалт зохион байгуулах эрсдэлтэй. Энэ утгаар нь харвал гүйцэтгэх засаглалын тэргүүний хувиар ч, намын даргын хувьд ч бужигнаантай дөрвөн сар байха нь тодорхой байна. Ерөнхийлөгч болох хүслээ ходоодны мухарт тээсээр яваа бүлэг этгээдүүд дэвшинэ, дэвшихгүй гэдгээ дам байдлаар мэдэгдээд байгааг харвал Н.Учралаас багагүй ур ухаан шаардана.
Тэртээ тэргүй улс төрийн бужигнаантай байгаа ах намаас тодорсон хоёр яаж бужигнаж, хэрхэн бужигнуулахыг харах чилийсэн дөрвөн сар биднийг хүлээж байна!
Сэтгэгдэл ( 0 )