“Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна” Энэ бол Монгол Улсын Үндсэн хуулийн тавдугаар зүйлийн дөрөвдүгээрт заасан үг өгүүлбэр. Төр нь эдийн засгийн зохицуулна гэдэг заалттай ардчилсан улс дэлхийд цор ганц байдаг. Тэр нь Монгол Улс. Ийм л заалт байгаа нь төр данхайх хамаг гол шалтгаан. Үндсэн хуульдаа хоёр ч удаа косметик засвар оруулахдаа төр данхайх шалтгаанаа ингээд зурчихсан хэрэг. Н.Учрал Ерөнхий сайд болмогцоо “Төр хувийн хэвшилд гай болохоос зай болно” гэсэн. Авчиг Үндсэн хуульдаа ингээд тусгачихсан болохоор гай болохоос өөр арга алга.
Шинэ нийгэмд хуучин хүрэмтэйгээ алхаж орохдоо “Төр хувийн хэвшлийн түншлэл” гэдэг үг амандаа бувтнасаар алхаж орсон. Гэхдээ өнгөрсөн хугацаанд гай болсоор, төвөг удсаар, татвараар дарамталсаар ирсэн. Худалдаа, аж үйлдвэрийн танхим гэдэг тэс ондоо, асар тусдаа байгууллага нь намд орох дамжин өнгөрөх бааз болчихлоо. Хэрэв та харсан бол одоогийн ерөнхийлөгч Лхагвасүрэн нь танхимын нэрийн өмнөөс Ардын намын даргын суудалд өрсөлдөөд хусагдчихсан. За тэр Үйлдвэрчний эвлэл, ШУА нь хүртэл намын халаасанд орчхоод тэргүүлж байсан субъектууд нь гишүүн болчхоод даналзаж байгаа.
Олон улсын судалгааны “Легатум” хүрээлэнгээс жил бүр зарладаг тайлан үзүүлэлтээр Монгол Улс эдийн засгийн эрх чөлөөний дэд үзүүлэлтээр 111-рт жагсаж байгаа. Энэ нь ардчилсан чиг баримжаатай улсууд дундаа хамгийн муу үзүүлэлт. Чухамдаа үндсэн хуульдаа эдийн засгийг төр нь зохицуулахаар тусгасан болохоор аргагүй. Одоо юу өрнөж байгаа гээч. Төр нь бизнес эрхлэгчидтэйгээ мөчөөрхсөөр байдаг. Төрийн өмчит компани нь хамгийн үнэтэй байршилд, хамгийн үнэтэй оффист суугаад, гүйцэтгэх захирал нь 10-аас дээш сая төгрөг халааслаад байдаг. Эсвэл бизнесийн бүлэглэлийн тохироогоор улс төрийн сонгууль өрнөөд байдаг. Хариуд нь олонх болсон нам нь бизнесийн бүлэглэлийн шахаасаар элдэв хууль, дүрэм батлаад байдаг. Таванбогд нь байна уу, MCS нь байна уу жижиг дундын орох ёстой нүх, сүв болгон руу шургалаад байгаа нь чухам үүнтэй холбоотой. Элдэв компанийн захиралууд парламентад суучхаад даналзаж байгаа нь ч Үндсэн хуулийн “тэнэг” заалттай холбоотой. Шунхлайн босс нь, Тесогийн босс нь, Женкогийн босс нь, “Оргил”, “Хурд”, “Дэнжийн 1000” жижиглэн худалдааны босс нь төрд ороод бодлого боловсруулаад байгаа нь ч үүний нэг том илрэл.
“Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна” гэсэн Үндсэн хуулийн заалтыг халахгүй л бол чөлөөт эдийн засаг, чөлөөт нийгэм, эдийн засгийн хөгжлийн тухай яриад ч хэрэг байхгүй.
С.Баярын үеэс л эдийн засгийн солонгоролыг ярьсан. Тэр нь явсаар “Хорь тавь” гэсэн хүслийн жагсаалтад шигтгэгдсэн. Одоо Н.Учралын аманд ороод хүлхэгдэж байна. Тэр хооронд бид бахь байдагтаа л байна. Уул уурхайгаа тойрсон эдийн засагтай, “Оюутолгой”-гоо тойрсон эдийн засагтай л улс. Эдийн засгаа сайжруулъя гэхийн оронд мөнгө тараая, бэлэн мөнгө олгоё гэдэг улс төрчид байсаар л байна. Бүр баруун төвийн үзэл баримтлалтай Ардчилсан нам үүнийг түүчээлээд замнаж явна. Төр нь бүгдийг зохицуулах гээд байдаг болчихсон. Үүнийг сүүлийн гурван жилийн төсвийн тэлэлтээс харж болно. Төсөв тэлсээр л байдаг. Инфляц нь дагаад тэлсээр л байдаг. Төлөөсийг нь харин иргэд үүрсээр өнөөтэй золголоо.
Уншигч та анзаарсан уу. Ерөнхийлөгчийн гадаад айлчлал бүрд Баялаг бүтээгчдийн холбооны тэргүүн Ч.Даваабаяр дагаад явах болсныг. Үнэндээ пицца зарсаар байгаад “баялаг бүтээдэг” болсон тэрээр Үндсэн хуулийн энэ алдаатай заалтын бодит жишээ юм. Монголд баялаг бүтээгчид байхгүй. Хятадын хогуудыг өөд нь татаад дамладаг шагчид л байгаа. Хэрэв үндсэн хуулиас дээрх заалтыг авч хаяхгүй бол ядуурал, тэгш бус байдал газар авна. Манайх шиг нэг салбараас эдийн засаг нь хамаарч, нэг талаас шалтгаалан худалдааны эргэлттэй улсад ядуурал хамгийн том аюул. Түүнчлэн манай улсын нийгмийн халамжийн зардал нь дэлхийн дундаж орологтой улс оронтой харьцуулахад их. Тиймээс халамжийг тэгшитгэж олгохоос илүүтэй үнэхээр шаардлагатай эмзэг бүлэгт нь тохирсон бодлого боловсруулах шаардлагатай. Хоёр жил тутам болвсруулдаг ядуурал, тэгш бус байдлын судалгааны дүнгээр 2022 онд ядуурлын түвшин 27.1%-д хүрсэн байна. Тоон утгаар илэрхийлбэл 914 мянган нь ядуурлын шугамаас доогуур хэрэглээтэй гэсэн үг. 2022 оны байдлаар, 418 мянган төгрөг манай улсын ядуурлын шугам гэж тооцогдсон байна. Тухайн оны улсын дунджаар насанд хүрэгчдэд ногдох дундаж хэмжээ 657 мянган төгрөг. Үүний 30 хувийг тухайн хүн хүнсэнд, 42 хувийг хүнсний бус хэрэглээнд зарцуулдаг. Үүнийг амьжиргааны түвшинд харвал ядуурлын шугамаас бага хэрэглээтэй насанд хүрсэн нэг хүнд ногдох дундаж хэрэглээ 318 мянган төгрөг гэсэн үг. Ядуурлын шугамаас дээгүүр хэрэглээтэй нэг хүн сард 784 мянган төгрөгийг хэрэглээнд зарцуулж байна. Тухайн хэрэглээнийхээ 28 хувийг хүнсний, 42 хувийг хүнсний бус хэрэглээнд зарцуулдаг. Өөрөөр хэлбэл, ядуурлын шугамаас дээгүүр насанд хүрсэн нэг хүний сарын хэрэглээ нь ядуурлын шугамаас доогуур насанд хүрсэн хүний хэрэглээнээс 2.5 дахин өндөр байна.
Сэтгэгдэл ( 0 )