НАСА агентлагийн 1977 онд хөөргөсөн “Voyager-1” сансрын хөлөг Дэлхийгээс 26 тэрбум орчим километр буюу гэрэл нэг хоногт туулах зайд хүрчээ. НАСА агентлагийн тооцоолсноор тус хөлөг Гринвичийн цагаар лхагва гарагийн 10:16 цагт энэхүү түүхэн цэгийг давсан бөгөөд Калифорни дахь Тийрэлтэт хөдөлгүүрийн лабораторийн мэргэжилтнүүд энэ сарын 19-ний пүрэв гарагт түүнээс дохио хүлээн авахаар төлөвлөж байна.
“Voyager” төслийн удирдагч Сьюзан Додд гэрлийн нэг хоногийн зайг туулна гэдэг төсөөлж байгаагүй гайхалтай амжилт хэмээн ярьжээ.
НАСА-гийн эрдэм шинжилгээний ажилтан Тиффани Катариагийн хэлснээр, “Voyager-1” хөлөгт манай Нарны аймгийн зах буюу гэрлийн нэгхэн хоногийн зайд хүрэхийн тулд бараг 50 жил шаардагдлаа. Энэ нь сансар огторгуй хичнээн уудам болохыг харуулах хамгийн тод жишээ юм.
1977 оны есдүгээр сард хөөргөсөн “Voyager-1” болон 1977 оны наймдугаар сард хөөргөсөн “Voyager-2” хөлөг нь Нарны аймгийн хилээс гарч, од хоорондын орон зайд нэвтэрсэн хүний гараар бүтсэн анхны хөлгүүд юм. Эдгээр хөлөг аяллынхаа эхэн үед Бархасбадь, Санчир, Тэнгэрийн ван, Далай ван зэрэг аварга гаригуудыг судалж байжээ.
Эрчим хүч хэмнэх үүднээс хөлгийн камер зэрэг зарим төхөөрөмжийг алсаас унтраасан ч шинжлэх ухааны өгөгдөл цуглуулсаар байна. Тухайлбал хөлгийн төхөөрөмж, багажууд од хоорондын орон зайн сийрэг хийн байнгын хэлбэлзлээс үүсэх сулхан, нэгэн хэвийн дүнгэнэх чимээг бүртгэжээ. Соронзон орон, сансрын туяа, плазмын долгионы хэмжилтийг “Deep Space Network” аварга дурангуудын тусламжтайгаар дэлхий рүү тасралтгүй дамжуулж байна. Энэ нь эрдэмтдэд од хоорондын хий, тоосонцрыг судлах боломж олгодог.
Тус хоёр хөлөг дээр манай дэлхийн тухай ойлголт өгөх зураг, дуу, дүрс бичлэг бүхий 30 см-ийн алтаар бүрсэн зэс пянз бий. Энэ нь хэрэв хөлгийг харь гаригийн иргэншил олбол бидний тухай мэдээлэл өгөх зорилготой. 49 гаруй жил нисэж буй эдгээр хөлгийн цөмийн генераторын цахилгаан эрчим хүч тасралтгүй багасаж байгаа бөгөөд одоогийн нөөц нь дэлхийтэй холбоо барихад дахин 3–4 жил хүрэлцэнэ гэж тооцоолж байна.

Сэтгэгдэл ( 0 )