БНХАУ-ын Шэньжэн хотноо Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын (АПЕК) 33 дахь удаагийн дээд хэмжээний уулзалт өнөөдөр буюу 2026 оны арваннэгдүгээр сарын 18-ны өдөр эхэллээ.
"Хамтдаа цэцэглэн хөгжих Ази, Номхон далайн хамтын нийгэмлэгийг байгуулах нь" уриан дор зохион байгуулагдаж буй энэхүү чуулганд гишүүн 21 орон болон урилгаар оролцож буй 13 улсын 2000 гаруй төр, засгийн тэргүүн, бизнес эрхлэгчид оролцож байна.
Уулзалтын нээлтэд БНХАУ-ын дарга Ши Жиньпин үг хэлэхдээ, бүс нутагт нээлттэй эдийн засгийг хөгжүүлэхийн тулд худалдаа, хөрөнгө оруулалтын саад тотгорыг арилгаж, дэлхийн үйлдвэрлэл, ложистикийн ханган нийлүүлэлтийн сүлжээний тогтвортой байдлыг хамгаалахыг уриаллаа. Тэрбээр Бээжин цаашид гаалийн татварыг бууруулж, дүрэм журамдаа томоохон шинэчлэл хийснээр гадаадын аж ахуйн нэгжүүдэд Хятадын үйлдвэрлэлийн салбарыг бүрэн хэмжээгээр нээх болсныг онцолсон байна. Мөн Шэньжэн хотыг "Хятадын нээлттэй бодлогын цонх" хэмээн тодотгоод, энэ оны эхний арван сард тус хотын гадаад худалдааны эргэлт 5.25 их наяд юаньд хүрч, эх газрын Хятадын түүхэнд таван их наядын босгыг давсан анхны хот болсныг дурджээ.
Үүнээс гадна БНХАУ-ын дэвшүүлж буй хөтөлбөрийн хүрээнд Ази, Номхон далайн чөлөөт худалдааны бүсийг байгуулах, дижитал эдийн засаг, хиймэл оюун ухаан болон ногоон шилжилтийн салбарт хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд гол анхаарлаа хандуулж байна. Чуулганы үр дүнд 2027–2030 онд худалдааг цахимжуулах баримт бичиг болон 2026–2035 оны АПЕК-ийн дэд бүтэц, харилцан уялдаа холбооны урт хугацааны төлөвлөгөөг батлахаар ажиллаж байгаа аж.
Олон улсын харилцааны тухайд Ши Жиньпин дайны дараах олон улсын дэг журмыг тууштай хамгаалж, олон туйлт ертөнцийн тэгш эрхтэй хөгжил, хүртээмжтэй эдийн засгийн даяаршлыг дэмжих нь чухал болохыг тэмдэглэлээ. Бүс нутагт үүсэж буй аливаа зөрчилдөөнийг зөвхөн яриа хэлэлцээ, зөвшилцлийн замаар шийдвэрлэх нь нийтлэг хөгжил цэцэглэлт, энх тайвны найдвартай суурь болохыг тэрбээр илэрхийлсэн юм.
Дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний 62 орчим хувь, олон улсын худалдааны тал хувийг бүрдүүлдэг АПЕК-ийн энэ удаагийн чуулганы үеэр БНХАУ-ын дарга Ши Жиньпин АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп болон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нартай уулзаж, худалдааны тариф, геополитикийн чухал асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөөд байна.

Сэтгэгдэл ( 0 )