Ши-Трампын уулзалтаас юу хүлээх вэ?!

Я.Болор | Zindaa.mn
45 минутын өмнө

БНХАУ дарга Ши Жиньпин 2015 оноос хойш анх удаа АНУ-д төрийн айлчлал хийж байна. Эл айлчлал хоёр улсын хэврэг эвлэрлийг сунгах ч дэлхийн тэргүүлэх хоёр эдийн засаг, цэргийн гүрний хоорондын нэг ч асуудлыг шийдвэрлэхгүй гэж шинжээчид үзэж байна.

Трамп Цагаан ордонд хоёр дахь удаагаа сонгогдсоноосоо хойш жил хагасын өмнө Хятадыг хазаарлана гэж амлаж, тус улстай худалдааны дайн эхлүүлсэн. Гэвч бүх зүйл төлөвлөсний дагуу болсонгүй, АНУ ялагдал хүлээлээ. Харин одоо Хятад улс Америкийн хүч суларч, давуу байдал нь үгүй болж, ирээдүй Хятадын талд байна гэж үзэж байгаа аж. Одоо зөвхөн хүлээх, энэ явцад шууд сөргөлдөөнөөс зайлсхийх л хэрэгтэй гэж тэд үзэж байна.

Хятад болон АНУ-ын шинжээчдийн хэлж буйгаар, 73 настай Ши болон 80 настай Трампын уулзалтын цорын ганц зорилго нь энэ юм.

“Хятадууд өөртөө урьд өмнөхөөсөө илүү итгэлтэй болсон. Сүүлийн үед Хятадад хийсэн аяллуудаас надад ийм сэтгэгдэл төрсөн” гэж Барак Обамагийн засаг захиргааны үед Хятадын асуудлыг хариуцаж байсан Америкийн дипломатч Дэниел Критенбринк хэлжээ. “Тэд Трампыг ойлгож, түүний арга барилыг тайлж чадсан гэдэгтээ итгэлтэй байгаа мэт санагддаг. Дэлхий дахинд болж буй үйл явдал өөрсдөд нь ашигтайгаар өрнөж байна гэдэгт ч итгэлтэй байгаа бололтой. Тиймээс Ши Жиньпин ийм итгэлтэйгээр Вашингтон руу явж байна гэж би бодож байна” гэж тэр ярьжээ.

Түүний дүгнэлтийг хятадууд өөрсдөө ч баталж байна. Ихэнх шинжээч АНУ Хятадын ашиг сонирхолд хор хохирол учруулах боломжоо алдсан гэж үздэг. Хүсэл байгаа боловч боломж байхгүй гэж Бээжин дэх Цинхуа их сургуулийн ажилтан Да Вэй ярьжээ. Трамп “Чөлөөлөлтийн өдөр” хэмээн нэрлэсэн тарифын бодлогоо зарласнаас хойш буюу сүүлийн жил хагасын хугацаанд ийм үзэл бодол нэлээд өргөн дэлгэрчээ.

Тэрбээр Цагаан ордонд буцаж ирмэгцээ дарамт шахалт үзүүлэх уг арга хэрэгслээ ашигласан. Тэр үед Трамп дэлхийн өнцөг булан бүрээс импортлох бараанд, тэр дундаа Антарктидын эрэг орчимд орших, зөвхөн оцон шувууд амьдардаг аралд хүртэл гаалийн татвар ногдуулсан.

Гэхдээ гол бай нь АНУ-ын дараа орох дэлхийн хоёр дахь том эдийн засаг, дэлхийн үйлдвэр, бараа бүтээгдэхүүний тэргүүлэх экспортлогч Хятад байв. Хятадууд айдасгүйгээр хариу арга хэмжээ авсан. Тэд газрын ховор металлын экспортод хязгаарлалт тавьж, улмаар Трамп ухрахад хүрсэн. Энэ нь Ши Жиньпиний үйл ажиллагааны хэв маяг гэж Хятадын удирдагчтай биечлэн танил Америкийн дипломатч Дэниел Критенбринк хэлж байна.

Түүний үзэж буйгаар Ши зогсохгүй. “Ши Жиньпин бол Мао Зэдуны үеэс хойших хамгийн хүчирхэг Хятадын удирдагч байж магадгүй. Тэр бүү хэл Маог давсан ч байж мэднэ. Ши-г дутуу үнэлж болно, гэхдээ ингэх нь зөвхөн өөрсдөд нь эрсдэл дагуулна” гэж Критенбринк хэлжээ. “Би Ши Жиньпинийг хэдэн арван уулзалтын үеэр ажиглах боломжтой байсан. Тэр шийдэмгий, тайван хүн. Өөртөө итгэлтэй, заримдаа бүр өөртөө хэт итгэлтэй мэт харагддаг. Миний бодлоор сүүлийн жилүүдэд түүний өөртөө итгэх итгэл улам нэмэгдсэн”. Гэсэн хэдий ч өөртөө итгэлтэй Хятадын удирдагч ч бодит нөхцөл байдлыг үл тоомсорлож чадахгүй гэж дипломатч онцолжээ.

Түүний ярьснаар, Хятадын амьдралыг хүндрүүлж чадах цорын ганц улс бол Америк. АНУ дэлхийн тэргүүлэх гүрэн, хамгийн том эдийн засаг бөгөөд Хятадын бараа бүтээгдэхүүний хувьд нэн чухал зах зээл хэвээр байгаа гэдэг бодит байдалтай Ши Жиньпин эвлэрэхээс өөр аргагүй.

Дээд хэмжээний уулзалтаас юу хүлээх вэ?

Шинжээчдийн үзэж буйгаар, Трамп, Ши нарын уулзалтаар АНУ болон Хятад улс харилцан эвлэрлээ үргэлжлүүлэх боловч тулгамдсан асуудлуудынхаа аль нэгийг ч шийдвэрлэж чадахгүй. АНУ-д ч тэр, Хятадад ч тэр тодорхой хугацаанд тогтвортой байдал хэрэгтэй байгаа бөгөөд эцэст нь өрсөлдөөнд өөрсдийгөө ялна гэдэгт аль аль тал нь итгэлтэй байна.

“Хятадууд илүү ихийг хүсэж байгаа ч одоогоор Трампын бүрэн эрхийн хугацаа дуусахыг зүгээр л хүлээхэд дургүйцэхгүй байгаа бололтой” гэж Америкийн Стратегийн олон улсын судалгааны төвийн (CSIS) шинжээч Скотт Кеннеди бичжээ.

Ши Жиньпинд ч тогтворгүй байдал хэрэггүй. Тэрбээр жилийн дараа Коммунист намын их хурлаар дахин таван жилийн хугацаагаар бүрэн эрхээ сунгуулах ёстой. Трампад ч мөн арваннэгдүгээр сард болох Конгрессын сонгуулийн өмнө олон улсын зөрчилдөөн хэрэггүй.

Трампын нэгэн адил Ши Жиньпиний улс төрийн ирээдүй нь гадаад бодлогын тогтвортой байдлаас ихээхэн хамаарна гэж Кеннеди онцолж байна. Тиймээс Америкт болох дээд хэмжээний уулзалтаас АНУ, Хятадын худалдааны дайны түр эвлэрлийг дахин нэг жилээр сунгах, мөн Ойрх Дорнод болон Украин дахь мөргөлдөөнийг зохицуулах, Америк, Хятадын компаниудын хиймэл оюуны салбар дахь өрсөлдөөний улмаас хүн төрөлхтөн мөхөхөөс урьдчилан сэргийлэх хэрэгтэй гэсэн мэдэгдлүүд гарна гэсэн хүлээлт бий.

Хамгийн хүчирхэг хоёр улсын удирдагч уулзах үед ямар нэгэн чухал үр дүнд хүрэх боломж үргэлж байдаг. Гэхдээ үүний тулд хоёр талд хоёуланд нь хүсэл эрмэлзэл хэрэгтэй. Харин одоогоор аль аль талд нь ийм хүсэл хангалттай байгаа мэт харагдахгүй байна гэж Кеннеди бичжээ. Тиймээс ямар нэгэн гэнэтийн зүйл тохиолдохгүй л бол Хятад, АНУ хоёр дээд хэмжээний уулзалтаа амжилттай болсон гэж зарлах болно.

Түүнчлэн талууд дээд хэмжээний уулзалтын амжилтыг өөр өөрийн өнцгөөс үнэлнэ. Хятадуудын хувьд хэлбэр, ёслол чухал бол америкчуудын хувьд агуулга, бодит үр дүн илүү чухал гэж дипломатч Критенбринк хэлжээ.

Ши Жиньпин, Доналд Трамп нар сөргөлдөөнөөс зайлсхийхийг хүсэж байгаа ч энэ нь дэлхийн хоёр гол гүрний хоорондын өрсөлдөөн өдөр ирэх тусам хурцдаж буй байдлыг өөрчлөхгүй. Хятад улс аж үйлдвэр, худалдааны салбарт давамгайлж байгаа бол АНУ шинэ технологийн салбарт тэргүүлэх байр суурь эзлэхийг хичээж байна. Америкчууд ч, хятадууд ч нөгөө талыг зөөлнөөр өрсөлдөгч, хатуугаар хэлэхэд дайсан гэж үздэг.

Бээжингийн их сургуулийн Да Вэй, АНУ Хятадад таагүй ханддаг гэж ихэнх хятад хүн үздэг. Трамп уу, Бүгд найрамдахчууд уу, Ардчилсан намынхан уу гэдэг нь чухал биш. АНУ арван жилийн өмнөөс Хятадыг тогтоон барих бодлого баримтлах болсон. Нээлттэй мөргөлдөөн гарахад саад болж буй цорын ганц зүйл нь хамгийн дээд түвшний дипломат харилцаа гэж Жо Байдены засаг захиргааны Хятад хариуцсан зөвлөх асан Жулиан Гевирц тэмдэглэжээ. Тэрбээр дээд түвшний уулзалт харилцааг тогтворжуулж байгаа боловч доод түвшний өрсөлдөөнийг огт намжаахгүй. Хачирхалтай нь, өрсөлдөөн ширүүсэх тусам тэд дээд түвшинд улам олон удаа уулзахаас өөр аргагүй болдог гэж бичжээ.

Үнэхээр ч өнгөрсөн нэг жилийн хугацаанд Трамп Шитэй хэдийн хоёр удаа уулзаад байна. Аравдугаар сард Өмнөд Солонгост, тавдугаар сард Бээжинд. Харин одоо Ши Вашингтонд хүрэлцэн очоод байгаа бөгөөд арваннэгдүгээр сард Трамп түүнтэй Шэньжэнь хотод болох АПЕК-ийн форумын үеэр уулзана. Үүний дараа тэд арванхоёрдугаар сард Майамид болох “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтаар дахин уулзах юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top