БНХАУ-ын дарга Ши Жиньпин, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нарын дипломат харилцаа нь хоёр улсын харилцаа тогтвортой байх үндэс болж байна гэж ОХУ-д суугаа Хятадын элчин сайд Жан Ханьхуэй сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.
“Энэ оны эхнээс л Хятад, Америкийн харилцаа нэг сайжирч, нэг муудаж ирсэн хэдий ч АНУ-тай харилцах Хятадын бодлого тууштай, тогтвортой байсан. Ши Жиньпин даргын дэвшүүлсэн харилцан хүндэтгэлтэй хандах, энх тайвнаар зэрэгцэн орших, харилцан ашигтай хамтран ажиллах гэсэн гурван зарчмыг Хятад улс хэлбэрэлтгүй баримталж байгаа билээ” гэж тэр тэмдэглэв. “Хоёр улсын удирдагчид Бусанд уулзах тухай мэдээг дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд тэргүүн нүүрэндээ нийтэлж байсан. Энэ уулзалт эерэг дохио өгч, түгшүүртэй байдлыг намжааж, Хятад, Америкийн харилцаа тогтворжих үе шатандаа орох байх гэсэн найдлага төрүүлсэн. Хятад, Америкийн худалдаа, эдийн засгийн асуудлыг ярьж хэлэлцэж эхэлсэн нь дэлхийн зах зээлүүдийн итгэлийг бэхжүүлсэн юм. Хоёр талын дээд хэмжээний уулзалт нь хоёр улсын үл ойлголцлыг багасгах, хоёр талын харилцаа огцом хэлбэлзэхээс сэрэмжлэхэд чухал холбогдолтой юм” гэж Хятадын элчин сайд онцолжээ.
Түүний хэлснээр, яриа хэлэлцээ сөргөлдөөнөөс дээр бөгөөд харилцан ашигтай хамтран ажиллах нь цорын ганц зөв шийдэл аж. “АНУ Тайваньд зэвсэг худалдаж байгаа нь “Нэг Хятад улс байх” зарчим болон Хятад, Америкийн хамтран гаргасан гурван мэдэгдлийн заалтуудыг бүдүүлгээр зөрчиж байгаа хэрэг билээ. Энэ нь Хятадын бүрэн эрх, аюулгүй байдлын ашиг сонирхлыг хөндөж буй өдөөн хатгасан үйлдэл бөгөөд Тайванийн хоолойн нөхцөл байдлыг илүү аюултай шугамд хүргэх юм” гэж Жан Ханьхуэй хэлсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )