Монголын тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадам эхлэх гэж байна. Ардын хувьсгалын 99 жилийн ойд зориулан Монгол Улсыг тунхаглах үйл явцад гарсан түүхэн үйл явдлуудыг багцлан хүргэе.
Монголчууд бидний эцэг хууль
Бидний өвөг дээдэс хууль ёсыг чандлан мөрдөж ирсэн түүхэн уламжлалтай. Тэнгэр эцэг, өвөг дээдсээ бахархан хүндэлдэг тэр үзэл 800 илүү жилийн тэртээ Их эзэн богд Чингис хааны үндэслэсэн улсын хуульд ч нэвт шингэсэн нь бий. Монгол нутагт анхлан мөрдөж байсан хууль цаазын баримт бичиг бол “Их засаг” юм. Үүнийг Чингис хаан биеэр санаачилж, улмаар Төрийн их заргач Шихихутагаар бичиглүүлжээ. Өнөө цаг үед эх хувиараа өвлөгдөн үлдээгүй ч бичигдэл хууль байсан нь түүхэн сурвалжууд, олон баримтаар баталгааждаг.
“Их засаг” хуульд хаан өргөмжлөх, их хуралдайг зарлан хуралдуулах, гадаад улс оронтой харилцах ёс, цэргийн болон иргэний үүрэг, алба татвар, эрүүгийн болон иргэний шинж чанартай олон асуудлыг хэрхэн зохицуулахыг хуульчлан заажээ. “Их засаг” хуулийн зарчим эзэнт гүрний хэмжээнд үйлчилж байлаа.
Үндсэн хуулийн үүтгэл
Урд хөрш Манж чин гүрний хаяанд гурав илүү зуун жил аж төрсөн Монгол оронд XX зууны эхэн болоход Монголын ард түмний тэмцэл зулын гол лугаа бадамлах болов. Тусгаар тогтнол, эрх чөлөөний олон тэмцэл, уналт, мандалтыг туулсаар үр дүн нь 1911 оны арван хоёрдугаар сарын 29-нд гарсан юм. Чухамдаа энэ өдөр л Их хүрээ буюу одоогийн Улаанбаатар хотод VIII Богд Жибзундамба хутагтыг тулгар төрийн хаанд өргөмжилж Засгийн газраа эмхлэн байгуулж, дэлхий дахинаа зарлан тунхаглажээ.
Шинэ сэргэсэн Монгол Улсын цэрэг 1912 оны хоёрдугаар сард Улиастай, наймдугаар сард Баруун хязгаарын төв Ховдыг манж, хятадын цэргээс чөлөөлж, 1913 онд Өвөр Монголыг чөлөөлөх их аян дайныг явуулсан юм. Мөн Өвөр монголын 40 орчим хошуу, Хөлөнбуйр, Шинэ хязгаарын монголчууд, Хөх нуур, Дээд Монгол, Алшаа, Алтайн Урианхай, Тагна-Урианхай, Хөвсгөл нуурын хязгаараас Монгол улсдаа дагаар орох хүсэлтээ ирүүлсэн байдаг. Энэ үйл явдал нь ХХ зууны түүхэн дэх монгол туургатны нэгдэн нийлэх гэсэн том эрмэлзэл байлаа.
Мөнхийн хөршүүдийн нөлөө
Түүхийн шарласан хуудаснаа эрэмгий дүр, сүр хүчний их омогшлоороо мөнхөрсөн их гүрний үр хойчис нэгдэхийн хаяанд ирсэн тул мөнхийн гэгдэх том хөршүүд 1915 оны Хиагтын гурван улсын хэлэлцээрээр Монгол Улсыг автономит эрхтэй үлдээж, тусгаар тогтнолын цулбуурыг алдахад хүрсэн билээ.
Их гүрнүүд ашиг сонирхлоо Монголд тулган хүлээлгэхийг шаардан өөрсдийн байр сууриар хандаж байсан тул Хиагтын хэлэлцээр есөн сарын турш үргэлжилсэн байдаг.
Гэрээгээр хязгаарласан эрх
Орос, Хятад хоёр улс хаяа залгасан монголынхоо хувь заяаг Монголчуудыг оролцуулалгүйгээр 1913 онд шийдэв. Улмаар Монгол, Орос, Хятад гурван улсын хэлэлцээрийг Хиагт хотноо хуралдуулж монголчуудын өөрсдийнх нь оролцоотойгоор Монгол Улсын хувь заяаг эцэслэн шийдэхээр болсон юм. Бага хурал 1914 оны есдүгээр сарын 08-наас 1915 оны зургаадугаар сарын 07-ныг хүртэл бүтэн есөн сар үргэлжилж, 41 удаа албан ёсоор, албан бусаар 100 илүү удаа уулзсан байдаг.
Гурван улсын Засгийн газрын бүрэн эрх барих төлөөлөгчдийг Монгол улсаас Дотоод яамны тэргүүн сайд, улсад туслагч гүн Да лам Дашжав (1914 оны аравдугаар сараас Эрдэнэ жонон бэйс Ширнэндамдин), хаант Орос улсаас Монголын Нийслэл хүрээнд суусан Оросын ерөнхий консул А.Я.Миллер, Дундад улсаас генерал Би Гуй фан нар тус тус тэргүүлжээ.
Хэлэлцэгч талууд өөрсдийн бодлого, байр сууриа хамгаалан зөрөлдөж, Монголын асуудлыг есөн сар хэлэлцсэний эцэст 22 зүйлтэй гэрээг байгуулж Нэгдүгээр зүйлд: “Гадаад Монголоос Дундад улсын сюзеренитетийг зөвшөөрөн хүлээв. Дундад, Орос хоёр улсаас Дундад улсын газрын нэгэн хэсэг болох Гадаад Монголын автономитыг зөвшөөрөн хүлээв” хэмээн зааж; Дөрөвдүгээр зүйлд. Гадаад Монголын Богд Жавзандамба хутаг хааны цолыг Дундад улсын Их жунтанаас өргөмжлөх, албан бичиг Дундад улсын оны цолыг Монголын 12 жилт цаг улирлын тоотой хавсран хэрэглэхээр болгон; Арваннэгдүгээр зүйлд: Гадаад Монголын хил хязгаарыг Халхын дөрвөн аймаг,Ховдын хязгаарын олон хошуудаар тогтоожээ.
Гэрээгээр хязгаарлагдахгүй эрх
Ийнхүү Хиагтын гэрээгээр Монгол нь Хятадын хэмжээт эрхийн доорхи автономит Гадаад Монгол хэмээгдэх болсон ч оршин тогтнолоо алдсан хэрэг биш юм. Тийм ч учраас гэрээний талаар Монголын Засгийн газрын Гадаад яамнаас гаргасан бичигт: “... бидний улс хэдий Думдад улсын хэмжээтэй эзэрхэхийг хүлээсэн боловч улс төрийн байдлаа алдсан явдал огт үгүй, Думдад улсаас бидний дотоод засгийн буй бүхий хэрэгт оролцох эрх үгүй” гэж тайлбарлан, тэрхүү байр сууриа аливаад баримталж, Улсын эзэн хааны нэр, оны цолоо хэрэглэсээр байсан билээ. Гэрээний хятад, орос, монгол, франц бичгээр үйлдсэн эх өдгөө Монгол улсын Үндэсний төв архивт хадгалагдаж байна.
Эрхээ баталгаажуулахын өмнө
Хоёр хөршийн илэрхий нөлөөн дор өрнөсөн Хиагтын гурван улсын хэлэлцээрээс зургаан жил гаруй хугацааны дараа Хятад, Орос хоёр үзэл баримтлалынхаа хувьд эрс шөргөөцөлдөх болов. Үүнийг мэдэрсэн Монголын улстөрчид сиймхийг ашиглан бүрэн эрхт улсаа дэлхий нийтэд тунхаглан зарлахыг хүсэж, үйл хэргээ ч зөвхөн үүнд чиглүүлж байв.
Монгол Улсад ардын засаг тогтсоны дараа буюу 1922 оны тавдугаар сард Шүүх яамны сайд Магсаржав хурц, Ж.Цэвээн, Төгс гүн Бат-Очир нараар ажлын хэсэг байгуулсан ч улс төрийн дотоод тэмцэл, хөрш гүрнүүдийн ашиг сонирхлын нөлөөгөөр илт удаашраад байсан билээ.
Улмаар 1922 оны есдүгээр сарын 01-ний өдөр Ардын Засгийн газрын 39 дүгээр хурал тэрхүү комиссын ажилтай холбогдуулан гаргасан тогтоолдоо: "Үндсэн хуулийг ардын эрхт хэмжээт цаазат Англи мэт улсын хуулиас товчлон авч, эдүгээгийн явуулан буй засгийн байдалд нийцүүлэн зохиовол зохино" хэмээн заасан байдаг.
Зөвхөн монголдоо бус
Ажлын хэсэгт багтсан ихэс дээдэс маань зөвхөн монголдоо гээд л бичиг цаас нийлүүлээд суусангүй. Уг ажлын хэсэг Зөвлөлт Орос Улс, АНУ, Япон, Бельги зэрэг улс орнуудын Үндсэн хуулиудыг орчуулж, судалж байсныг хөрөнгөтөн орнуудын Үндсэн хуулиудыг хуулах нь гэсэн үндэслэлээр 1922 оны арван хоёрдугаар сард татан буулгажээ. Харин 1924 оны есдүгээр сарын 23-нд Ардын Засгийн газрын Ерөнхий сайд Б.Цэрэндоржоор ахлуулсан Үндсэн хууль боловсруулах комисс байгуулжээ.
Эрхээ баталгаажуулах тогтоол
Монгол ардын намын Төв хорооны Тэргүүлэгчдийн хурал 1924 оны зургаадугаар сарын 03-нд хуралдаж Бүгд найрамдах засаг тогтоох тухай шийдвэр гаргаж “харьяат Бүгд Найрамдах ардын засгийг явуулж, … улсын бүх дээд эрхийг Улсын Их Хурал, мөн хурлаар сонгогдсон Засгийн газар хадгална” гэж тогтоожээ.
Хуулиар баталгаажсан эрх
Нийслэл хүрээ буюу одоогийн Улаанбаатар хотноо Үндсэн хууль батлах Улсын анхдугаар Их Хурал 1924 оны есдүгээр сарын 08-нд эхэлсэн байдаг. Уг хуралд халхын дөрвөн аймаг, дөрвөдийн хоёр аймаг, Алтай ба Хөвсгөлийн урианхай хошууд, Дарьганга, Ховдын тариачин хошуу болон ардын цэргийн ангиудаас нийт 90 хүн төлөөлөгчөөр сонгогджээ. Үүнээс 77 төлөөлөгч нь албан ёсны хуралд оролцсон байна.
Улсын анхдугаар Их Хурал хоёр сар гаруй үргэлжилсний эцэст 1924 оны арван нэгдүгээр сарын 26-ны өдөр анхдугаар Үндсэн хуулиа баталсан юм. Уг Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлд: “Бүх Монгол Улсыг үүнээс хойш Бүгд Найрамдах Бүрэн Эрхт Ард Улс гэж, улсын дээд эрхийг жинхэнэ ардад эдлүүлэн, улсын аливаа хэргийг Улсын Их Хурал, тус хурлаар сонгогдсон Засгийн газраас гүйцэтгэн шийтгүүлэх явдлыг нийтээр сүсэглэн дагавал зохино” хэмээн заажээ.
Азидаа манлайлсан хууль
Өнгөрсөн XX зууны дэлхийн улс төрийн дэвшилтэт үзэл баримтлалыг ийнхүү Монгол Улс баримтлахаар болсон нь олон зүйлээр түүхэнд үлдэх шалтгаан болсон юм. Үүний хамгийн том, үр хойчдоо ярьж байх ёстой зүйл гэвэл Бүгд найрамдах засаглалд шилжин орсон Ази тивийн хамгийн анхны улс нь Монгол Улс билээ.
“Эцэг” хуулийн сүншиг
Монгол Улсын анхны Үндсэн хууль нь зургаан бүлэг, 50 зүйлтэй. Энэ нь тухайн цагт хоёр их гүрний дунд оршиж байсан жижиг, буурай Монгол орны хувьд өөрийн тусгаар тогтнолоо олох маш том алхам байв.
Улсын нэр Монгол
Монголчууд туурга тусгаар улс болсноо ийнхүү зарлахад хэдийгээр хоёрхон улс зөвшөөрөхөө мэдэгдсэн ч Монголын талаарх энэ мэдээлэл Америкийн “Нью Йорк таймс” сонинд нийтлэгдэн дэлхийн олон орны сонорт хүрсэн түүхтэй. Хэдийгээр тухайн цаг үед Монгол Улсыг хүлээн зөвшөөрсөн Төвд, Тува улсууд нь өдгөө БНХАУ, ОХУ-ын бүрэлдэхүүнд багтдаг ч манай улсыг хүлээн зөвшөөрсөн анхны улсууд хэмээн түүхэнд тэмдэглэгдэн үлджээ.
Урссан цусны үнэ цэн
Аливаа улсын тусгаар тогтнол нь Үндсэн хуулиараа баталгаажиж байдаг. Тиймээс анхдугаар Үндсэн хуулиа баталсны ач холбогдол нь тусгаар тогтнолын дайтай үнэ цэнтэй юм. Анхдугаар Үндсэн хуулинд "... улсын дээд эрхийг жинхэнэ ардад ... эдлүүлж”, "Улс төрийн бүх хэргийг ард түмнээс удирдан гүйцэтгэх явдлыг хүндэтгэнэ" хэмээн тунхагласан энэхүү заалт одоо ч утга агуулгаа хадгалан ардчилсан шинэ Үндсэн хуульд оршсоор байгаа билээ.
Үндсэн хуульдаа хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэн дээдлэх заалт оруулсан энэ цагаас эхлэн улс орон, ард түмний аж амьдралд олон дэвшилтэт ахиц өөрчлөлт гарчээ. Улсын хувь заяатай холбоотой асуудлыг нэг хүний үзэмжээр бус нийт ард түмний хүсэл зоригт нийцүүлэн шийдэх боломж бүхий засаглалыг бүрдүүлсэн нь анхдугаар Үндсэн хуулийн түүхэнд гүйцэтгэсэн чухал үүрэг юм.
Танд хэрэгтэй мэдээлэл
Хууль хуулийн анхных
Дэлхий дахинаа хууль гэдэг зүйлийг цаасан дээр тогтоон, санкцаар зохицуулахаас бүр өмнө дэлхийн элгэнд мандан бадарч асан Вавилончууд байсан юм. Хууль зүй, хүний эрх гэхээс илүү тэнгэр эцэг, бурхан, дээд, доод анги давхаргын ялгаа их байсан ч энэ нь хүний үйлдэх, эс үйлдэхүйг зохицуулсан дэлхийн анхны код юм. Хаммурабигийн кодекс гэж нэрлэсэн энэ бичиг МЭӨ 1727 онд анх бий болжээ.
Хууль хуулийн эцэг
Эцэг болсон хууль их гүрний дагуул нэгж, харьяа байсан Америкаас гарсан нь хувь заяаны шоглоом гэлтэй. Хүний эрх, байгалийн баялаг, засаглал, төрийн далбаа, бэлгэдэл зэргийг батламжилж цааснаа буулгасан эцэг хууль 1787 оны зургаадугаар сарын 21-ны өдөр батлагдаж байлаа. Үзэл санааны хувьд ардчилсан чиг баримжааг, засаглалын хувьд холбооны засаглалыг сонгосон энэ хууль өдгөө дэлхий дахины өнгийг тодорхойлж буй АНУ-ыг 300 гаруй жил зохицуулж байна.
Өмнөтгөл, долоон зүйл, хаалттай нийтдээ есөн хэсэг бүхий энэ Үндсэн хуулийг Томас Жефферсон, Жеймс Мэдисон зэрэг алдартнуудын гавьяа зүтгэлээр баталсан түүхтэй.
Сэтгэгдэл ( 1 )
Сайн байцгаана уу ноёнтоон\nБид хувь хүмүүсийн хооронд мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох зорилгоор зээл олгодог санхүүгийн бүтэц юм.\nХэрэв танд хувийн төсөл байгаа бол; Эсвэл санхүүжилт хэрэгтэй.\nХэрэв та сонирхож байвал бидэнтэй шууд холбоо барьж, зээлэхийг хүсч буй дүн, эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү.\nБидэнтэй холбоо барина уу: matildalecoustre@gmail.com\nwhatsapp: 33 7 52 89 40 37