Сонины ТҮҮХ ба дэлхийн хамгийн алдартай ХЭВЛЭЛҮҮД

2024 оны 03 сарын 06

Өнөөдөр Монгол Улсад Үндэсний сэтгүүлзүй үүсэж хөгжсөний 111 жилийн ойн өдөр. “Шинэ толь хэмээх бичиг” сонины анхны дугаарыг 1913 оны гуравдугаар сарын 6-нд гаргаж байсан түүхтэй бөгөөд 111 жилийн өмнө гадаад Монголын нийслэл Хүрээнд сонин гарч эхэлсэн нь тухайн үеийн соёлын том хувьсгал байсан гэдэг.

Монголд анхны хэвлэх үйлдвэрийн шавыг тавьж, Судар бичгийн хүрээлэнг байгуулан, түүх, угсаатны зүйн олон арван эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж, дэлхийн сонгодог бүтээлүүдийг монгол хэлнээ хөрвүүлэн Монголын соёлын түүхэнд томоохон хувь нэмэр оруулсан Буриадын их номын хүн, соён гэгээрүүлэгч Жамсрангийн Цэвээн Монголын анхны сонин “Шинэ толь хэмээх бичиг”-ийг эрхлэн гаргасан юм.

Сонин гэж юу вэ?

Цаасан хэвлэл болох сонин гэдэг нь эдийн засаг, улс төр, нийгэм, спорт, урлаг зэргийн шинэ соргог мэдээг мэдээлэх зорилготой Олон нийтийн мэдээллийн хэрэгслийн нэг төрөл юм. Нийтлэл, сурвалжилга, мэдээ, өгүүлэл, гэрэл зураг, зураасан зураг зэргийг цаасан дээр хэвлэнэ.

Сонин нь дэлхий дахин болон орон нутгийн, мөн ямар нэг бүлэглэлийн доторх мэдээллийг дамжуулах хэрэгсэл бөгөөд сонины газар гэж нэрлэгдэх мэргэжлийн байгууллагын хэвлэн гаргадаг сонин нь нийгэмд хүчтэй нөлөө үзүүлдэг. Сонины үзүүлэх нөлөө нь түүний хэвлэгдэх хувиар хэмжигдэнэ.

Сонинд мэдээ, нийтлэл бичдэг хүнийг сэтгүүлч мэргэжилтэй эсэхээс үл хамаарч нийтэд нь сурвалжлагч гэнэ. Цаасан дээр хэвлэгддэг тул цаасыг хүн төрөлхтөн ашиглаж эхэлсэн үеэс сонин бий болсон гэж үздэг. Орчин үеийн сонин нь аж үйлдвэрийн хувьсгалын дараах Европт бий болсон бөгөөд цаасыг машин ашиглан их хэмжээгээр үйлдвэрлэх боломжтой болсноос улбаатай аж. Мөн хэвлэх тоног төхөөрөмжийн хөгжил, боловсролын түвшний өсөлт нь сонин дэлгэрэхэд нөлөөлсөн байна.

Сонин нь олон түмэнд зориулсан зах зээлийн нэг хэлбэр болтлоо өсөж, байгууллагууд сонинд зар сурталчилгаагаа тавиулах болжээ. Сонин нь шинэ соргог мэдээ буюу сонин сайхан гэсэн үгнээс гаралтай.

Монгол Улсад сонин хэвлэл үүссэн түүх

Монгол Улсад анх сонин хэвлэл үүсэхэд хөрш орнуудын нөлөө их байсан гэж үздэг. Монголын анхны сонинууд нь “Дорнод хязгаарын амьдрал”, “Шинэ толь хэмээх бичиг”, “Нийслэл хүрээний сонин бичиг” юм. “Шинэ толь хэмээх бичиг” сонин нь 1913 оны гуравдугаар сарын 6-нд анхны дугаараа төрөлх монгол хэлээр, монголчууд өөрсдөдөө зориулж гарсан тул Монголын үндэсний сэтгүүл зүйн өдөр гэж тэмдэглэдэг.

“Шинэ толь хэмээх бичиг” сонин хэвлэгдсэнээрээ Монголд сэтгүүлзүй албан ёсоор үүссэн гэж түүхчид үздэг юм.

Орос сонин гаргана гэж авчирсан хэвлэх машинуудаас анх олж авч, монголчууд шинэ сонин мэдээ сэлтэд их дуртай хүмүүс учир уншигчид олдоно гэж үзжээ. Тухайн үед монголчуудад хуучны төвөд ном судар, хятад сониноос өөр унших зүйл байхгүй байв.

Сонины төрөл ангилал

Сонин хэвлэлийг түгээж буй үзэл баримтлал, сэдэв, хамрах хүрээ, давтамж зэргээс хамаарч ангилдаг.

Давтамжаар нь:

-Өдөр тутмын сонин

-Өглөөний сонин (Өглөө, оройны сонин)

-Оройны сонин (Өглөө, оройны сонин)

-Долоо хоног тутмын сонин

-Хоёр долоо хоног тутмын сонин

-Сар тутмын сонин

-Тэмдэглэлт өдрийн сонин гэх мэтээр ангилдаг.

Хамрах хүрээгээр нь:

-Үндэсний хэмжээний сонин

-Орон нутгийн сонин

-Хотын сонин

-Сургуулийн сонин гэх мэт.

Хандах бүлгээр нь:

-Бүх нийтийн хэвлэл

-Хүүхдийн хэвлэл

-Эмэгтэйчүүдийн хэвлэл

-Эрэгтэйчүүдийн хэвлэл

-Мэргэжлийн хэвлэл гэх мэт.

Хүн амын насжилтаар нь:

-Хүүхэд залууст

-Хүүхэд багачуудад

-Ахмадуудад

-Бүх нийтэд зориулсан гэх мэтээр ангилдаг.

Дэлхийн сонины түүх

Дижитал технологи дэлхийг эзэлж байгаа энэ үед олон хүн сонин хэвлэлийн ирээдүйд санаа зовниж байгаа нь гайхах зүйл биш юм. Гэхдээ сонин нь цаасан эсвэл дижитал байсан ч хэвлэл мэдээллийн анхны эх сурвалжийн нэг хэвээр байна.

Хэвлэмэл сонины түүх нэлээд эртнээс эхэлсэн. МЭӨ 59 оноос эхлэн Ромын форум - Мөнхийн хотын төвд улс төр, цэргийн үйл явдал, шүүх хурал, дуулиан шуугиан, цаазаар авах ажиллагааны талаар мэдээлдэг товхимолууд гарч эхэлжээ. Юлий Цезарийн үед “Ромын ард түмний өдөр тутмын үйл явдал” (Acta diurna populi Romani) нэртэй тогтмол тайлангууд хэвлэгдэж эхэлсэн байна. Тэднийг талбай дээр өлгөж, харин улстөрчид, язгууртнуудын гэрт хүргэж өгдөг байв.

Тэдгээр хэвлэлийг гараар бүтээж, олон арван бичээч модон хавтан дээр бичиж байлаа.

VIII зуунд Хятадад анхны хэвлэмэл сонин гарч иржээ. Түүнийг нэлээд орчин үеийн гэж нэрлэдэг байсан бөгөөд “Нийслэлийн мэдээ” (Жин Бао) нэртэй. Тус сониныг үйлдвэрлэхийн тулд ханзыг хайчилж, дараа нь бэхээр бүрхсэн самбарыг ашигладаг байв. Тус хэвлэлд эзэн хааны зарлиг, улс оронд болсон чухал үйл явдлын талаарх мэдээллийг нийтэлнэ.

1440-өөд оны дундуур герман эр Иоханн Гуттенберг анхны хэвлэх машиныг зохион бүтээсэн боловч сонинууд бидний сайн мэдэх орчин үеийн дүр төрхөө олж авах гэж олон жил болжээ.

Дэлхийн хамгийн алдартай 7 сонин

THE NEW YORK TIMES

АНУ-ын томоохон сонин болох Тhe New York Times нь Америкийн болон дэлхийн янз бүрийн сэдвийн мэдээллийг хүргэдэг. Тhe New York Times нь дэлхийн хамгийн нөлөө бүхий цаасан хэвлэлүүдийн нэг бөгөөд албан ёсоор бие даасан хэвлэл гэж үздэг. Энэ сонины нэр хүндийг Пулицерын 112 шагнал нь баталдаг. Энэ нь цаасан хэвлэлийн үнэмлэхүй рекорд юм.

Сонины албан ёсны сайт нь www.nytimes.com

THE WASHINGTON POST

АНУ-ын өдөр тутмын тэргүүлэх сонинуудын нэг юм. The Washington Post сонин Цагаан ордон, Конгресс, Америкийн холбооны засгийн газрын үйл ажиллагааны талаарх сурвалжлагуудаараа алдартай. Энэ сонин АНУ-д хамгийн томоохноос гадна хамгийн эртнийх юм.

Сонины албан ёсны сайт нь www.washingtonpost.com

THE GUARDIAN

Энэ бол дэлхийн хамгийн алдартай сонинуудын нэг. Тус хэвлэл 1821 оноос хойш Их Британид өдөр бүр гарч байна. Төрөл бүрийн салбар дахь дэлхийн мэдээ, мэдээллийг гаргадаг. Улс төрийн үзэл бодлоор нь Тhe Guardian-ыг зүүний либерал гэдэг. Тус сонины редакцыг Их Британийн Лейборист намтай нэлээд ойр харилцаатай гэж үздэг.

Сонины албан ёсны сайт нь www.guardian.co.uk 

THE DAILY TELEGRAPH

Энэхүү сонин нь Их Британийн хамгийн алдартай сонинуудын нэг юм. Тhe Daily Telegraph сонин XIX зууны дунд үеэс хэвлэгдэн гарсан. Тус сонин янз бүрийн сэдвээр сонирхолтой нийтлэлүүдээрээ нэр хүндтэй бөгөөд Их Британид чанартай сонинд тооцогддог.

Албан ёсны сайт нь www.telegraph.co.uk

THE TIMES

The Times нь дэлхийн хамгийн алдартай сонинуудын нэг юм. Их Британид өдөр бүр хэвлэгддэг. Гол сэдэв нь: дэлхийн мэдээ болон улс төр.

Албан ёсны сайт нь www.thetimes.co.uk/tto/news/

LOS ANJELES TIMES

Тус сонин АНУ-ын хамгийн нэр хүндтэй, алдартай сонинуудын нэг юм. Лос Анжелес Таймс сонин Лос-Анжелес хотод хэвлэгддэг бөгөөд түүний хуудсууд нь хотын амьдралын талаарх мэдээллээр дүүрэн.

Албан ёсны сайт нь www.latimes.com

FINANCIAL TIMES

Энэ бол олон улсын бизнесийн сонин. Бизнесийн хүрээнийхэнд алдартай англи хэл дээрх энэ сонин дэлхийн 20 гаруй хотод хэвлэгддэг.

Нийтлэлийн гол сэдэв нь: бизнес-аналитик, дэлхийн санхүүгийн ертөнцийн мэдээ юм.

Албан ёсны сайт нь www.ft.com/home/uk

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top