Гамшигт тэсвэртэй дэд бүтэц олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо

Я.Болор | Zindaa.mn
21 цагийн өмнө

ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэн, ДХИС-тай хамтран зохион байгуулсан тус хурлыг Монгол Улсын Шадар сайд бөгөөд Улсын онцгой комиссын дарга Х.Ганхуяг нээж үг хэллээ.

Тэрээр хот суурин газруудын гамшигт тэсвэртэй байдлыг хангах, барилга, байгууламж, дэд бүтцийг сайжруулах, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжих, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлд төрийн зүгээс анхаарал хандуулж, тодорхой арга хэмжээ авч байгаа ч хэрэгжилтийн шатанд олон асуудал тулгарч байгааг онцоллоо. Тиймээс эдгээр асуудлыг шийдэхэд бүх талуудын мэдлэг, туршлага, нэн ялангуяа шинжлэх ухааны байгууллага, эрдэмтэн, судлаачдын үүрэг оролцоо чухал байгааг хэлсэн юм. Улмаар судлаачдыг судалгаа, шинжилгээний ажлын үр дүнгээ хэлэлцэж, харилцан туршлага солилцон цаашид тулгамдаж буй асуудлыг шийдэх чиглэлд шинжлэх ухааны үндэслэлтэй, оновчтой, үнэтэй санал зөвлөмж өгнө хэмээн найдаж буйгаа илэрхийллээ.

Хуралд АНУ, БНХАУ, БНСУ, Энэтхэг, Казакстан, Польш, Итали, Япон болон дотоодын эрдэмтэн судлаачид нийт 50 орчим илтгэл ирүүлсэн байна.Гамшигт тэсвэртэй дэд бүтцийн эвсэл (CDRI)-ийг 2019 онд Нэгдсэн үндэсний байгууллагаас Уур амьсгалын өөрчлөлтийн талаар зохион байгуулсан дээд хэмжээний уулзалтын үеэр Энэтхэгийн ерөнхий сайд санаачлан байгуулсан. Монгол улс анхны элссэн 6 орны нэг бөгөөд 47 улс тус эвслийн гишүүнээр нэгдсэн байдаг.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top