СЭРЭМЖЛҮҮЛЭГ! Цас орж, цасан шуурга шуурна

Я.Болор | Zindaa.mn
39 минутын өмнө

 

Өнөөдөр 23-нд Хэнтийн уулархаг нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, говь, талын нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Ховд, Өмнөговь, Дорноговийн өмнөд, Хөвсгөл, Төв, Хэнтийн хойд сумдын нутгаар 0.0-5.0 мм нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи нутгийн зүүн хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Монгол Улсын нутаг дэвсгэрт цас их хэмжээгээр орж буйтай холбогдуулан зам, даваа гүвээ хаагдах, үзэгдэх орчин хязгаарлагдах нөхцөл байдал үүсэж байгаатай холбогдуулан аймаг, орон нутгийн авто замын засвар арчлалтын компаниуд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор үзлэг, цэвэрлэгээний ажлыг гүйцэтгэж байна. Тодруулбал, Увс салбарын зам хариуцагчид улсын чанартай А1701 дугаартай Ховд–Улаангом чиглэлийн авто замын Улаангом талаас 25–53 км-ийн хоорондох Тогшилтын хөтөл орчимд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор цас цэвэрлэгээ, халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлэх ажлыг гүйцэтгэж байна.

Мөн А0902 Булган-Мөрөн чиглэлд 11-49км хооронд гулгаа үүссэн хэсэгт цас хайлуулах давс цацах ажил хийгдэж байгаа бол А1002 Эрдэнэт-Булган чиглэлд зам үзлэг хийгдэж байна. Говь-Алтай салбарын ажилчид Алтай-Баянхонгор, Алтай-Ховд чиглэлүүдийн замуудад авто замын үзлэг хийж, А0304 дугаартай Алтай-Ховд чиглэлд давс, бодис цацах, автогрейдерээр авто замын зорчих хэсэгт үүссэн хунгар цасыг түрж цэвэрлэх, А0303 дугаартай Алтай-Баянхонгор чиглэлд замын үзлэг хийж ажиллаж байна.

Хэдийгээр замын засвар арчлалтын компаниуд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор үзлэг, цэвэрлэгээний ажлыг гүйцэтгэж байгаа ч жолооч, тээвэрчид та бүхэн аюулгүй байдлаа ханган тээврийн хэрэгслийн хурдаа тохируулж хоорондын зайгаа барих, өвлийн дугуй, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, цаг агаар, замын нөхцөл байдлыг харгалзан үзэж, зайлшгүй шаардлагагүй бол холын замд гарахгүй байхыг зөвлөж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top