
“Буянт-Ухаа”-гаас тодорсон парламентын даргаас авахуулаад намын кранаар татуулсан Төв банкны даргад горилогч нь хүртэл тэтгэврийн зээлийн хугацааг сунгах тухай ярих боллоо. Системийн шинэчлэл биш зээлийн хугацааг л сунгах тухай "мунхгийн мэргэн санаа" олширсоор байна.
Энэ оны эхний 10 сарын байдлаар Нийгмийн даатгалын санагас тэтгэвэр авч буй 521.8 мянган хүн байна. Өмнөх оноос 13.3 мянгаар нэмэгдсэн үзүүлэлт. Одоогийн байдлаар бүрэн тэтгэврийн доод хэмжээ 689 мянган төгрөг. Хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 572.4 мянган төгрөг. Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн бүх төрлийн тэтгэврийг 6 хувиар нэмэгдүүлсэн. Энэхүү шийдвэрээр 505 орчим мянган ахмад настны тэтгэвэр нэмэгдсэн юм.
Тоо ийм байдаг байж. Одоо тэгээд яах вэ гэдэг асуулт гарч ирнэ. Манай тэтгэврийн тогтолцоо бол төсвөөс бүрэн хамааралтай. Тиймийн учир тогтвортой байдал, шударга хуваарилалт, ирээдүйн өсөн нэмэгдэх тухай бодоод ч хэрэггүй. Сонгууль дөхөхөөр л нам бүр тэтгэврийн системийн шинэчлэл ярьдаг ч дарга нарын цээжинд өтөлсөөр өнөөтэй золгожээ. Бараг 20 жил тэтгэврийн системийн шинэчлэл бус тэтгэврийн хэмжээг инфляцтай уялдуулан нэмэгдүүлэх тухай л ярих болж. Үйлдвэрчний эвлэл нь тэтгэврийн хэмжээг ярихаас, системийн шинэчлэл огт ярьдаггүй.
Манай тэтгэврийн тогтолцоо бол нэг давхаргатай төдийгүй төсвөөс бүрэн хамааралтай. Тиймийн учир тогтвортой байдал, шударга хуваарилалт, ирээдүйн өсөн нэмэгдэх тухай бодоод ч хэрэггүй.
Тэтгэврийн тогтолцоо олон давхаргатай болчихвол ахмадууд зээл авахаар төрийг царайчлахгүй юм л даа, уг нь. Суурь тэтгэврийн хэмжээг тогтоогоод, хувь хүний шимтгэл дээр суурилсан нийгмийн даатгалын тогтолцоо нэвтрүүлээд, хувийн болон ажил олгогчийн оролцоотойгоор нэмэлт тэтгэврийн даатгалтай болчихвол төрийн ачаалал буурч, тэтгэвэр авагчид ч шударгаар тэтгэврээ тооцуулна. Нэрийн данстай болоод мэдээллээ ил тод болгочихвол иргэд дансны мэдээллээ хянахаас гадна, хөрөнгө оруулалт хийх замаар хуримтлагдсан тэтгэврээ ч өсгөх боломжтой. Хувийн байгууллагууд тэтгэврийн сан байгуулвал татварын бодлогоор дэмждэг жишиг байна. Түүнчлэн цалингийн дундаж хугацааг илүү урт хугацаагаар тооцож, шударга хөдөлмөрийн үр шимд суурилсан тогтолцоо бүрдүүлбэл иргэддээ өгөөжтэй байх юм даа.
НҮБ-ын хүн амын судалгаагаар Монгол Улсад нийт хүн амд эзлэх ахмад настнуудын хувь хэмжээ нэмэгдэж байгаа. Судалгаагаар 2030 он гэхэд 60-аас дээш насныхан нийт хүн амын 20%-д хүрэх төлөвтэй. Тэтгэврийн сангийн алдагдал орлогоосоо давж эхэлсэн. Тэтгэврийн сангийн алдагдал 2024 оны жилийн эцсийн бадйлаар 723.5 тэрбум төгрөгт хүрчээ. Үүний гол шалтгаан нь тэтгэв авагчдын тоо болон хэмжээ нэмэгдсэн. Түүчнлэн хүн амын насжилт нэмэгдэж, шимтгэл төлөгчдийн тоо багассанд оршино. Чухам иймээс тэтгэврийн тогтолцоог шинэчилэн, хувийн байгууллагуудын оролцоог хангах шаардлагатай байгаа юм. Ер нь манайх шиг төсвөөр бүрэн хамаарал бүхий тэтгэвэртэй африк, төв америкийн дарангуйлах төртэй цөөн хэдэн улс бий. Социалист гэж цоллодог Вьетнам, Хятадууд аль хэдийнээ тэтгэврийн системээ олон тулгуурт бүтэцтэй болгочихсон гэдгийг санаарай. БНХАУ гэхэд л 2024 оноос эхлэн хувийн тэтгэврийн хуримтлалын тогтолцоо хэрэгжиж эхэлсэн. Иргэд сайн дураар жилд 12 мянган юань хүртэлх мөнгийг хувийн дансандаа хуримтлуулж, татварын хөнгөлөлт эдэлдэг байна. Гэтэл манайх яаж байна. Чухам ардчилсан улс атлаа тэтгэвэр нь НДШ+төсөв гэсэн бүтэцтэй. Хятадууд НДШ+хувийн хуримтлал гэсэн бүтэцтэй.
Социалист системтэй БНХАУ гурван давхарга бүхий тэтгэврийн тогтолцоотой. 2024 оноос эхлэн иргэд хувийн дансандаа 12 мянга юань болон түүнээс дээш хэмжээний мөнгө хуримтлуулбал татварын хөнгөлөлт эдэлдэг болжээ.
Дарга нар тэтгэврийн зээлийн хугацаа ярихаас илүүтэй тэтгэврийн системээ шинэчлэх тухай ярьсан нь дээргүй юу. Хэзээ болтол тэтгэврийг инфляцтай уялдуулан нэмэх тухай ярих юм бэ. Бүс нутгийн бусад улсууд тэтгэврийн системээ олон тулгууртай болгочихлоо. Системээ шинэчлэхгүй бол цоорхой шанаганд ус хийснээс ялгаагүй өссөөр л байна. Мега төсөл ярьж шилээ маажихаас илүүтэй тэтгэврийн системээ шинэчилчихвэл төрдөө ч, иргэддээ ч хэрэгтэй юм даа!

Сэтгэгдэл ( 1 )
маш зөв санааг хэлжээ. энэ ”дээр” байгаа хүмүүст энэ мэт санаа төрдөггүй юмаа гэхэд хэлсэн, ярьсан санааг нь өлгөж аваад дэс дараатай хэрэгжүүлж болдоггүй юм байх даа. хамгийн хялбараар нь тэтгэвэр нэмэх одоо нэмэх боломжгүй болохоор зээлийн хугацаа яриад түүнийг шийдсэн байдлаар ахмадуудын ”гомдол” -ыг түр ч атугай унтраах юм байх даа