Түүхэн дэх хамгийн үнэтэй ДАШТ эхэллээ: Эхний ялалтыг эзэн орон авлаа

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө


 

Анх удаа АНУ, Канад, Мексик гэсэн гурван оронд болж буй 2026 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний нээлтийн ажиллагаа ёслол төгөлдөр Мексикийн Мехико хотноо боллоо.

Албан ёсны нээлтийн ажиллагаа гурвантаа буюу баасан гарагт Канадын Торонто, бямба гарагт АНУ-ын Лос Анжелес хотноо болно.

Нээлтийн ёслолын ажиллагаа хөгжим, соёл, хөлбөмбөг нэгтгэж байгаа бөгөөд ингэснээр үндэстэн бүрийн онцлог хийгээд хөлбөмбөгийн спортын авчирч буй эв нэгдлийг илэрхийлж байна. Энэ бол дэлхийн хэмжээний баяр хөөрийг эхлүүлэх хүчтэй арга юм гэж FIFA -ийн ерөнхийлөгч Жанни Инфантино ярьжээ.

Нээлтийн ажиллагааны дараа Гринвичийн цагаар 19.00-т Латин Америкийн хамгийн томд тооцогддог 87.5 мянган суудал бүхий “Ацтека” цэнгэлдэх хүрээлэнд ДАШТ-ийн эхний тоглолт Мексик, Бүгд Найрамдах Өмнөд Африк улсын багуудын хооронд боллоо. Эзэн баг 2.0 оноогоор анхны ялалтыг байгуулав.

Дэлхийн хөлбөмбөгийн спортын түүхэнд хамгийн өндөр үнэтэй ДАШТ-ийн хүрээнд гурван улсын 16 хотод нийт 104 тоглолт болно.

Финалын тоглолт долоодугаар сарын 19-нд АНУ-ын Нью Жерси мужийн “MetLife” цэнгэлдэх хүрээлэнд болно.

ДАШТ-нд нийт 48 баг оролцож байна.

Баасан гарагт Канад Босни Херцеговинатай, бямба гарагт АНУ Парагвайтай тоглох юм.

ДАШТ-ий зохион байгуулагчид тасалбарын үнэ, холбогдох үйлчилгээтэй холбоотой ихээхэн шүүмжлэлд өртөөд байгаа. Үүнтэй зэрэгцэн Сомали улсын шүүгч Омар Артан-д АНУ-ын хилээр нэвтрэх зөвшөөрөл олгоогүй явдал нь томоохон дуулиан шуугиан тарьсан. Өнгөрсөн онд Африкийн шилдэг шүүгчээр тодорч байсан Артан ДАШТ-ийн шөвгийн тоглолтуудыг шүүх анхны Сомали шүүгч болох байлаа.

Эх орондоо буцсан өдөр нь Артаныг Канад улс урьсан юм.

Тэмцээнүүд болох хотуудын хоорондын зайнаас үүдэн Хойд Америкийн хөгжөөн дэмжигчдэд хүртэл өндөр зардалтай болж байна. Ванкувер, Майамигийн хоорондын зай 4507 км.

Тасалбарын үнэ мөн халуун маргаан дэгдэхэд хүргээд байгаа билээ. Хөгжөөн дэмжигчдийн Football Supporters Europe (FSE) байгууллага тасалбарын үнэтэй холбогдуулан Европын комисст гомдол гаргажээ. АНУ, Парагвайн тоглолтын тасалбар 4105 ам.доллар байсан бол зарим тоглолтуудын тасалбар 380 ам.долларын үнэтэй байна.

FIFA Marketplace платформ дээр финалын тоглолтыг тасалбарыг 2 сая ам.доллароор санал болгож байна. Инфантиногийн ярьснаар, тасалбарын өндөр үнэ нь өртөг өндөр зах зээл дээрх эрэлтийг илэрхийлж байна. “Хоёр сая ам.доллароор тасалбар авсан хүнд би өөрийн биеэр хотдог, кола аваачиж өгнө” гэжээ.

“Ацтека” цэнгэлдэхэд 710 мл шар айраг 290 песо буюу 60000 төгрөг, шарсан төмс 200 песо буюу 40000 төгрөгийн үнэтэй байв.

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top