FIFA-ийн ерөнхийлөгчийн үлдээсэн нүүрстөрөгчийн ул мөр

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

Олон улсын хөлбөмбөгийн холбооны /FIFA/ ерөнхийлөгч Жанни Инфантино ДАШТ эхэлснээс хойших хоёр долоо хоногт 24 тоглолт үзэж, олон мянган км зайг онгоцоор туулжээ.
FIFA-ийн тогтвортой хөгжил, хүний эрхийг хангах стратегийн талаар Инфантино “Уур амьсгал ч бай, хүний эрх ч тэр, эсвэл өвчин, хөгжлийн бэрхшээлийн асуудал ч бай бид өөрсдийн хувь нэмрээ оруулахад бэлэн” гэж мэдэгдэж байв.

ДАШТ эхэлснээс хойш Инфантино нийт 27 нислэг үйлджээ. ВВС агентлагийн сэтгүүлчдийн тооцоолсноор, эдгээр нислэгийн нүүрстөрөгчийн ул мөр нь 78 хүний үйлдвэрлэх жилийн ялгаралтай дүйцэхүйц хэмжээ гэнэ.

Хэр их хол зам туулав?

Хэсгийн тоглолтуудын үеэр Жанни Инфантино зарим үед өдөрт хоёр тоглолт үзэж сонирхсон бөгөөд зарим нь хоорондоо хэдэн зуун км зайд болж байв. Хамгийн холдоо FIFA-ийн ерөнхийлөгч Ванкувер хотоос Майами хүртэл 4507 км зайг туулж байжээ. Энэ сарын 22-нд тэр хамгийн богино буюу Филаделфи хотоос Нью Жерсигийн Тетерборо руу 148 км зайд ниссэн байна. Өнгөрсөн хугацаанд Жанни Инфантино нийт 50 122 км зам туулж, агаарт 66 гаруй цагийг өнгөрүүлжээ.

Нислэгийг нүүрстөрөгч рүү хөрвүүлэх нь

Хувийн онгоцоор нисэх нь нүүрстөрөгчийн ялгарлын хувьд түлшний зарцуулалт их гэж үздэг. Жанни Инфантино Gulfstream G650ER онгоц ашигладаг. Энэ төрлийн онгоцны түлшний зарцуулалт нь цагт 1817 литр. Их Британийн засгийн газрын ашигладаг ялгарлын коэффициентоор тооцоолбол, Жанни Инфантиногийн нийт нислэг агаарт 516 тонн нүүрстөрөгчийн давхар исэл (CO₂e) ялгаруулжээ.

Европын Холбооны мэдээллээр, дэлхийн хэмжээнд нэг хүнд ногдох хүлэмжийн хийн ялгарал 6.56 тонн байдаг байна. Өөрөөр хэлбэл, Инфантино хоёр долоо хоногийн хугацаанд 78 хүний бүтэн жилийн турш үйлдвэрлэдэг хүлэмжийн хийг ганцаар “үйлдвэрлээд” байна. Gulfstream G650ER онгоц 19 суудалтай ч нислэг бүрд нь хэдэн хүн дагалдан явсан нь тодорхойгүй. Тиймээс нэг зорчигчид ногдох хүлэмжийн хийн хэмжээг тооцоолох боломжгүй юм.

Сассексийн их сургуулийн профессор Фредди Дейлигийн ярьснаар, Инфантино ийн хувийн нислэг ашиглаж байгаа нь FIFA-ийн экологи, тогтвортой хөгжлийн чиглэлд баримталж буй холбооны бодлоготой харшилж байна. Европын тээвэр, байгаль орчны холбооны шинжээч Дениз Оклер хувийн онгоц уур амьсгалд асар их нөлөө үзүүлдэг. Хувийн онгоц арилжааны онгоцнуудтай харьцуулахад 5-14 дахин, галт тэрэгтэй харьцуулахад 50 дахин их хүлэмжийн хий ялгаруулдаг байна.

 

 

FIFA экологийн ямар үүрэг хүлээсэн бэ?

FIFA нь 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 50 хувь бууруулж, 2040 он гэхэд нүүрстөрөгчийн хийн ялгарлыг тэглэх үүрэг хүлээсэн. 2026 оны ДАШТ-аас өмнө тус холбоо хэд хэдэн экологийн санаачилга дэвшүүлжээ. Тухайлбал, багуудыг бүс нутгийн зарчмаар байрлуулж, алсын зайн нислэгийн шаардлагыг бууруулах, цахилгаан автомашин, нийтийн тээврийг түлхүү ашиглах, усны хэрэглээг багасгах, шинэ талбай байгуулахын оронд хуучин цэнгэлдэх хүрээлэнгүүдэд тоглолтуудыг зохион байгуулах амлалт өгч байжээ.

“Scientists for Global Responsibility” байгууллагын үнэлгээгээр, дэлхийн аварга шалгаруулах тэмцээн нийт есөн сая тонн CO₂ ул мөр үлдээнэ. Энэ нь өмнөх дөрвөн ДАШТ-ий дундаж үзүүлэлтийг хоёр дахин нугалж байна. Тиймээс энэ удаагийн ДАШТ түүхэн дэх байгаль орчныг хамгийн ихээр бохирдуулсан арга хэмжээ болж байна.

2022 онд Катарт болсон ДАШТ түүхэнд анхны нүүрстөрөгчийн хийн тэг ул мөртэй тэмцээн болно гэж амласан FIFA-ийн мэдэгдэл худал байсан гэсэн дүгнэлтийг Швейцарын шинжээчид хийж байжээ. Тухайн ДАШТ-ий үеэр Жанни Инфантино тэмцээний 64 тоглолтыг бүгдийг нь очиж үзсэн байна. Тухайн үед тоглолтууд болж байсан найман цэнгэлдэх нэг цаг автомашинаар зорчих зайд байрлаж байв. Харин гурван улс, бараг бүтэн тивийг хамарсан энэ удаагийн тэмцээн  ложистикийн тэс өөр сорилт болж байна.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top