Швейцарчууд эмэгтэйчүүдийн тэтгэврийн насыг 65 болгохыг дэмжив

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 26

Швейцарын иргэд бүх нийтийн санал асуулгаар тэтгэврийн сангийн алдагдлыг нөхөхийн тулд эмэгтэйчүүдийн тэтгэврийн насыг 64-өөс 65 болгож нэмэгдүүлэх, нэмэгдсэн өртгийн татварыг нэмэгдүүлэхийг дэмжжээ. Ингэснээр, эмэгтэйчүүд эрчүүдийн нэгэн адил 65 хүртлээ ажиллаж, тэтгэвэрт гарах болж байна. Эмэгтэйчүүдийн тэтгэврийн насыг нэмэгдүүлэхийг Швейцарын иргэдийн 50.6 хувь нь дэмжсэн бол нэмэгдсэн өртгийн татварыг нээгдүүлэхийн төлөө 55.1 хувь нь санал өгчээ. Ингэхдээ эмэгтэйчүүдийн тэтгэврийн насыг нэмэгдүүлэх “AVS-21” шинэчлэлийг 2025-аас 2028 оны хооронд үе шаттай хэрэгжүүлэх гэнэ.

Өдгөө 8.7 сая хүн амтай Швейцарт 2.6 сая тэтгэврийн насныхан амьдарч байна. Швейцарын хүн амын дундаж наслалт нэмэгдэж байгаа тул тэтгэврийн сан ачааллаа дийлэхгүйд хүрээд байна.

Тус улсын засгийн газрын тооцоолсноор, эмэгтэйчүүдийн тэтгэврийн насыг нэмэгдүүлснээр 2030 он гэхэд тэтгэврийн сангийн таван тэрбум ам.долларыг хэмнэх боломжтой болох бол нэмэгдсэн өртгийн татварыг нэмэгдүүлснээр тэтгэврийн сангийн орлогыг 12.65 тэрбум ам.доллароор нэмэгдүүлэх боломжтой болох аж. Ингэснээр тэтгэврийн сангийн алдагдлыг ойрын 10 жилд нөхөх боломжтой ба түүнээс цааш дахин тэтгэврийн шинэчлэл явуулах шаардлага гарч ирнэ гэж эрх баригчид анхааруулжээ.

Гэхдээ “AVS-21” шинэчлэлийг зүүний үзэлтэй намууд болон үйлдвэрчний эвлэлүүд эсэргүүцэж байна. Учир нь энэхүү шинэчлэлийг эрчүүдээс дунджаар 30 хувь бага тэтгэвэр авдаг эмэгтэйчүүдийн нуруун дээр үүрүүлж байна гэж тэд дургүйцэж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top