Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд баригдаж буй 240 хүүхдийн суудалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын ажил олон жил үргэлжилж, хүүхдүүд сургууль, цэцэрлэгийн хүртээмжгүй нөхцөлд байсаар байгааг Чингэлтэй дүүргийн Засаг дарга З.Төмөртөмөө онцоллоо.
Тэрбээр хариуцлагагүй компаниудыг дүүргийн тендер, сонгон шалгаруулалтад дахин оролцуулахгүй байх тал дээр анхаарч ажиллахаа илэрхийлсэн юм.
Тодруулбал, улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй тус цогцолборын барилгын ажлыг "Саран инж девелопмент" ХХК 2019 оны наймдугаар сарын 14-ний өдөр байгуулсан 4.9 тэрбум төгрөгийн гэрээний дагуу гүйцэтгэхээр болсон байна. Гэвч гүйцэтгэгч байгууллагын шалтгаанаар ажил зогсож, улмаар 2024 оны есдүгээр сарын 30-ны өдөр Боловсролын ерөнхий газрын 01/4263 дугаартай албан бичгээр гэрээг цуцлах шийдвэр гаргажээ.
Үүний дараа 2026 оны нийслэлийн төсөвт барилгын ажлыг дуусгах хөрөнгө тусгаж, дахин тендер зарласан байна. Сонгон шалгаруулалтаар "Вольт ампер" ХХК шалгарч, 2026 оны гуравдугаар сарын 26-наас 2027 оны хоёрдугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд ажил гүйцэтгэхээр 4.34 тэрбум төгрөгийн гэрээ байгуулжээ.
З.Төмөртөмөө энэ талаар "Бүхэл бүтэн долоон жил хорооны хүүхдүүд сургуулийн хүрэлцээгүйгээс хол зам туулж байна. Зарим компани жил бүр ажлаа удаашруулж, төсвөө нэмүүлсээр, хүүхдүүд хохирсоор байна. Тиймээс хариуцлагагүй компаниудыг дүүргийн тендер, сонгон шалгаруулалтад дахин оролцуулахгүй байх тал дээр анхаарна. Энэ барилгыг 2027 онд заавал дуусгаж, ашиглалтад оруулна" гэв.

Сэтгэгдэл ( 0 )