Почетинно эхний шалгалтдаа бүдэрлээ

Б.Сэцэн | Zindaa.mn
10 минутын өмнө

АНУ-ын шигшээг дасгалжуулж байгаад Улаан чөтгөрүүдийг удирдах болсон Маурисио Почетинно эхний шалгалтдаа бүдэрлээ. Бүдрэх бүдрэхдээ заналт Ливерпүүл клубийн талбайд нь 4-0 харьцаагаар хожигдлоо.

Почетинно чухам ямар нөлөө үзүүлж байгаа вэ гэдгийг харах завдал олголгүй тоглолтын найм дахь минутад Лени Йорог спортын бус авираар унагаж улаан хуудас аваад хөөгдөх нь тэр. Удсан ч үгүй Ливерпүүлээс хариуг нь гайхалтай тавьж чөлөөт цохилтын мастер болоод буй Собослай гайхалтай гоол оруулснаар эзэд тэргүүлж эхлэв. Ердөө хоёр минут 43 секундын дараа дахиад нэг гоол эзэд оруулсан. Эзэн нь Флориан Вирц байлаа. Ливерпүүлд ирснээсээ хойш арга учраа нэг л олохгүй байсан тэрээр энэ улирлын эхэнд формоо олов уу гэлтэй байгаа. Түүнд гоолын дамжуулалтыг Ливерпүүлийн өсвөрийн од Рио Нгумоха өгсөн гэдгийг онцлох хэрэгтэй. Улаан чөтгөрүүд үүнээс хойш харагдсанчгүй. Харин зураглаачид Почетинног л харуулаад байв.

Хоёрдугаар үе эхнийхээс ялгарах юм бараг байгаагүй. Собослай хоёр ч удаа алсаас цохиж, Исак ч гоол оруулах сайхан боломжоо алдсан. Манчестерийн хаалгач Ламенс өрсөлдөгчийнхөө хэд, хэдэн цохилтыг няцааж байсан ч олон хавар нэгэндээ гэгчээр 66 дахь минутад гурав дахь гоолоо алдах нь тэр. Гоолын эзэн нь өсвөрийн од Нгумоха. Тэрээр Ливерпүүлийн нэрийн өмнөөс хамгийн залуудаа гоол, гоолын дамжуулалт өгсөн Жерардын амжилтыг эвдсэн юм. Рио Нгумоха өдгөө ердөө 18 настай. Тоглолтын эцсийн цэгийг талбайн эздээс сэлгээгээр орж ирсэн Муниоз тавьснаар 4-0 итгэл төгс ялалт байгууллаа.

Почетинно дасгалжуулагчийн замналдаа Ливерпүүлтэй 20 удаа таарахад ердөө гурав л ялж байсан гашуун түүхтэй. Ядаж байхад Улаан чөтгөрүүдийн дасгалжуулагчийн хувиар анхны тоглолтдоо Ливерпүүлтэй таарсан нь хувь заяаны шоглоом гэлтэй. Одоо түүний баг хүснэгтийн 19-рт жагсаж байна. Цаашдын хуваарь ч амаргүй байгаа. Дээрээс нь Аваргуудын лигт тоглож байгаа ч тоглогчдын нөөц тааруу байгааг санах нь зүйтэй. Тэд улирал эхэлснээс хойш ердөө ганц л хожсон. Энэ нь 1973/74 оны улирлаас хойш тааруу үзүүлэлт.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top