Английн Премьер лигийн 14 дүгээр тойрогт Лондонгийн Фулхем клуб өөрийн талбайдаа Манчестер Сити клубт 5:4-өөр хожигдлоо. Хүснэгтийн хоёрдугаарт бичигдэж байсан Ситичүүд тоглолтын эхнээс л гоол оруулах гэж чармайж эхэлсэн. Ердөө зургаа дахь минутад Эрлинг Хааланд гоол оруулах боломжоо алдсан. Гэвч идэвхтэй шахалтын үр дүнд тоглолтын 17 дахь минутад Жереми Докугийн дамжуулалтаар Эрлинг Хааланд гоол оруулснаар зочид тэргүүлж эхлэв. Норвеги довтлогчийн хувьд энэ гоол нь Премьер лигт оруулсан 100 дахь гоол нь байлаа. Эрлинг Хааланд ердөө 111 тоглолтод 100 гоол оруулж хамгийн цөөн тоглолтод 100 гоолд хүрсэн тоглогч болж түүхэнд нэрээ мөнхөлж байна.
Гоол алдсан Фулхемийнхэн гоол оруулах гэж шахаж, Эмил Смит Роу цохисон ч гоол оруулж чадаагүй. Улмаар сөрөг довтолгоогоор дахин гоол алдсан юм. Эхний гоолын эзэн Эрлинг Хааланд Тижжани Рэйндерст дамжуулалт өгснөөр тоглолт 37 дахь минутад 2:0 болж холдов. Энэ гоолоос ердөө долоо хүрэхгүй минутын дараа Фил Фоден булангийн цохилтоос ирсэн бөмбөгийг 16 метрийн шугмын араас өшиглөж гоол болгосноор зочид итгэл төгс тэргүүлж эхэллээ. Талбайн эзэд хоёрдугаар үеийн төгсгөлд 45+2 минутад Смит Роу мөргөж гоолдсоноор эхний үе 3:1 харьцаагаар өндөрлөсөн юм.
Хоёрдугаар хагас эхлээд удаагүй байдал Эрлинг Хааландын дамжуулалтаар Фил Фоден гоол оруулснаар зочид дөрвөн гоол оруулав. Талбайн эзэд шахаж, гоол оруулах боломж гаргасан ч үр дүнд хүрсэнгүй. Улмаар Сандер Берг өөрийн хаалганд гоол оруулснаар тоглолт 5:1 болж холдлоо. Үүнээс хойш талбайн эздийн шахалт амжилттай болсон. Эзэд тоглолтын 57 дахь минутад Ивобигийн гоолоор, 72, 78 дахь минутад Чуквуезегийн гоолоор 5:4 болгож ойртуулав. Тоглолтын төгсгөлд тэнцүүлэх боломж байсан ч гоол оруулж чадаагүй.
Ийнхүү сүүлийн үед форм муутай байсан Ситичүүд бүтэн гурван оноо авч чадлаа. Гэхдээ ялалт байгуулсан сүүлийн хоёр тоглолтод 6 гоол хаалгандаа алдсан нь хамгаалалт тааруу байгааг илтгэнэ. Ямартаа ч тэд 28 оноотой хоёрдугаарт бичигдэж байна. Фулхем клуб долоо дахь ялагдлаа хүлээснээр 17 оноотой унах бүсийн яг дээр 15 дугаарт жагсаж байна.

Сэтгэгдэл ( 0 )